Х.Булгантуяа: Ломбардын хүүг 3, алдангийг 0,2 хувиас хэтрүүлэхгүй

Улаанбаатарт 1000 орчим ломбард үйл ажиллагаа явуулж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль болон барьцаалдан зээлүүлэх газрын хүүг бууруулах төслийг УИХ-д өргөн барилаа. Үүнтэй холбогдуулж, мэдээлэл хийсэн юм.


Х.Булгантуяа: Ломбардуудын хүү өндөр, алданги өндөр байдаг, иргэдийн хөрөнгийг багаар үнэлж авах зэргээс шалтгаалж эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсэх нөхцөл байдал гараад байна. Одоогоор үүнийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлээр зохицуулж байгаа ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэгт хяналт байхгүй байна. Тиймээс Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр зохицуулалтгүй үлдсэн энэ салбарт энэ хүндрэлтэй цаг үед зохицуулалт хийж, бизнес эрхлэгч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг  боловсруулан өргөн барилаа. 

Засгийн газраас Ломбардын тухай хуулийг удахгүй өргөн барих байх. Энэ хууль батлагдтал тухайн салбарт зохицуулалтгүй хэвээр байхаар байна. Тиймээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл ломбардын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, алданги өдөрт 0,2 хувиас хэтрүүлэхгүй, иргэдийн барьцаа хөрөнгийг 7-р сарын 1 хүртэл зарж борлуулахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өглөө.

Олон улсад зээлийн хүү, алданги царцаах зохицуулалт хийж байна. Улаанбаатарт 1000 орчим ломбард үйл ажиллагаа явуулж байна. Үүний цаана олон иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа учир хуулийн төсөл өргөн барихаар боллоо.

Ж.Сүхбаатар: Ломбардын үйл ажиллагаатай холбоотой түр зохицуулалтын хугацааг байнгын тогтвортой  хууль гарах хүртэл буюу 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл байхаар төлөвлөсөн. Арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд байгуулсан гэрээнд түр зохицуулалт үйлчилнэ. 

Хуулийн зохицуулалтад ШӨХТГ хяналт тавина. Хэрэглэгчийн эрх зөрчигдвөл албадан биелүүлэх арга хэмжээ авна. Ломбардын асуудал зохицуулалтгүй байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооноос хэлсэн. 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.25.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.