Я.Амаржаргал: Сорьц хөлдсөн асуудал үүсээгүй

Тухайн үед цахим программ гацсантай холбоотойгоор хариу авахад хүндрэл үүсэж, иргэд бухимдсан асуудал байсан.

Коронавирус илрүүлэх шинжилгээний сорьц хөлдсөн, иргэдийн шинжилгээний хариу солигдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, зарим хэвлэлд нийтэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал тайлбар өглөө.


Тэрбээр “Манай улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш лабораторид суурилсан тандалт, шинжилгээг тасралтгүй хийж байгаа.  Халдварыг илрүүлэхээр ойрын болон дам хавьтлыг олж тогтоох, амьсгалын замын өвчлөл, уушгины тасагт хэвтэн эмчлүүлэгчдийг шинжилгээнд хамруулах ажлыг хийсээр байна.  ДЭМБ-аас манай улсад хийсэн үнэлгээгээрээ дотоодод хийгдэж байгаа шинжилгээ чанарын шаардлага хангасан гэж дүгнэсэн. Бид ДЭМБ болон бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмж, урвалж оношлуур ашиглаж байгаа учраас шинжилгээний хариундаа итгэлтэй байгаа. 

Арваннэгдүгээр сард бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихэд Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 110 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж орон нутаг хот хооронд зорчуулсан. Мөн Улаанбаатар хот болон бусад орон нутагт суралцаж байсан оюутнуудаа хүргэх үйл ажиллагааг зохион байгуулсан. 10 хоногийн хугацаанд 100 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан учраас тодорхой хэмжээнд ачаалалтай ажилласан бөгөөд ганц нэг шинжилгээ авах цэг дээр алдаа дутагдал гарсан. Үүнийг бид мэдэж байгаа. Энэ дагуу МХЕГ-аас ЭМЯ-нд албан тоотоор 

  • Урсгал зохион байгуулалт буруу, шаардлага хангахгүй байна, 
  • Сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй 
  • Иргэдийн гарыг ариутгуулаагүй байна гэх мэт 15 чиглэлээр үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж мэдэгдсэн.

Арваннэгдүгээр сарын 29-нөөс шинжилгээ авах ажил эхэлж, арванхоёрдугаар сарын 1-нд МХЕГ-аас албан тоот ирүүлсэн. Мэргэжлийн хяналтаас авсан дүгнэлтийн дагуу үйл ажиллагаагаа хянаж, сайжруулан үргэлжлүүлж 8-ны өдөр орон нутгийн иргэдээс шинжилгээ авах ажил дууссан. Сарын өмнөх үйл ажиллагааг өнөөдөр олон нийтийн сүлжээгээр бичээд байна. 

Одоо дээрх нөхцөл байдал байхгүй. Бид одоогоор БЗД-ийн 90 мянга орчим иргэнийг "нэг өрх-нэг иргэн" гэсэн аргачлалын дагуу шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 19 цэг дээр шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдгээр цэгүүд дээр ямар нэгэн алдаа дутагдал байхгүй байгаа. Сорьцыг зориулалтын дагуу зөөж, шинжилгээ авах цэг дээр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, иргэд ч маш ухамсартай байна.

Өнөөдөр олон нийтийн сүлжээгээр бичээд байгаа зүйл нь орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулж байх үеэр нэг цэг дээр гарсан асуудал. Тодруулбал, хариуны дагалдах хуудсыг дутуу бөглөсөн байсан. Түүнээс биш сорьц хөлдсөн асуудал үүсээгүй гэдгийг иргэддээ хариуцлагатайгаар хэлмээр байна. 

Тухайн үед цахим программ гацсантай холбоотойгоор хариу авахад хүндрэл үүсэж, иргэд бухимдсан асуудал байсан” хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.