Д.Энхцэцэг: Оёсон даашинзаа Оскарын тайзнаас харахад сайхан байсан

Д.Энхцэцэг холливудын жүжигчдийн хувцсыг урлаад зогсохгүй домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартнийн охины үүсгэн байгуулсан “Stella McCartney” брэндийн оёдлын мастер, загвар зохион бүтээгчээр ажиллаж байна.

Английн Лондон хотын “University of Art London college of fashion”- ыг загвар зохион бүтээгч, дизайнераар төгссөн Д.ЭНХЦЭЦЭГТЭЙ ярилцлаа. 

– Та  өөрийгөө  манай уншигчдад танилцуулна уу?

-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Аравдугаар хорооллын 43 дугаар дунд сургуулийг төгссөн. Хоёр эгчтэй, айлын бага охин. Ээж ажил ихтэй болохоор аавтайгаа л ихэнх цагийг хамт өнгөрөөдөг байлаа. Социализмын үед хүмүүс өөрсдөө хувцсаа оёж өмсдөг байсан болохоор том эгч Энхтуул маань өөртөө болон хоёр дүүдээ хувцас оёж өгнө. Эгчийнхээ оёж өгсөн хувцсаар гангардаг охин байв. Хойно сургуульд явахдаа бага эгч бид хоёр том эгчийн оёж өгсөн хувцсыг өмсөөд явдаг байлаа. Магадгүй тэр үеэс эхлээд юм оёх, хувцасны загварыг зурах сонирхолтой болсон байх.

-Эмэгтэй хүн бүрд оёж хатгах өгөгдөл бий. Таны хувьд хэдэн настайгаасаа хувцас оёж эхэлсэн бэ. Хамгийн анхны бүтээл юу байв?

-Киргиз улсын Бишкек хотын Оёдлын сургуулийн Эмэгтэй хувцасны ангид гурван жил суралцаад 1992 онд төгсөж ирээд Шилмэл загварын ордонд оёдолчноор ажиллаж эхэлсэн. Тэр үед зах зээлд шилжээд амьдрал маш хүнд болж байсан. Амралтын өдрөөр эмэгтэй костюм, юбканы хослол хийж, зах дээр зарна. Хамгийн анх Киргизэд сурч байхдаа өөртөө бариу хар юбка оёсон чинь орос багш маань гоё болж гэж магтсан нь санаанаас огт гардаггүй юм.

-Хүүхдүүд мэргэжил сонгохдоо эцэг эхтэйгээ зөвлөх эсвэл тэдний ор гэсэн сургуульд элсэж суралцсан тохиолдол их байдаг. Та ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг байсан бэ?

-Бага байхдаа мөрдөн байцаагч болохыг хүсдэг байлаа. Яагаад гэдгийг мэдэхгүй. Магадгүй адал явдалд дуртай хүүхэд байсан байж мэдэх юм. Социализмын үед хүссэн мэргэжлээ сонгох боломж бараг байдаггүй байлаа. Тэр үед загвар зохион бүтээгч, оёдолчин болно гэж огт төсөөлж байгаагүй. Гадагшаа л явж сурмаар санагддаг байлаа. Тэгээд Киргизийн оёдлын сургуулийн хуваарийг сонгож байсан даа. Эндээс л ажил мэргэжлийн замнал эхэлсэн гэх үү дээ.

-Киргизээс гадна өөр ямар сургууль төгссөн билээ?

 -Английн Лондон хотод “University of Art London college of fashion”- ыг загвар зохион бүтээгчээр төгссөн.

-Хэзээнээс Англид очиж, ажиллаж амьдарч эхэлсэн юм бэ. Гадаад улсыг зорих шалтгаан чухам юу байв?

-1998 онд анх англи хэл сурахаар Лондон хотын хэлний бэлтгэлд ирсэн. Хэлний бэлтгэлээ төгсөөд их сургуульд элсэн суралцсан. Тэр үед сурахын хажуугаар ажил хийж, сургалтын төлбөр болон амьжиргааны мөнгөө олдог байлаа. Үүнээс хойш Лондонд 22 жил амьдарч байна.

 -Та дэлхийн хэмжээний алдартнуудын хувцсыг урлаж, тэр хэрээр эх орныхоо нэрийг цуурайтуулж байна. Алдартай жүжигчин, моделиудын хувцсыг урлаж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-Лондонд сургуулиа төгсөөд загварын том, нэртэй брэндүүдтэй агентлагаараа дамжуулж холбогдоод цагаар ажилладаг байлаа. Ийм замаар одоо миний ажиллаж байгаа “Stella McCartney”-нд цагаар ажилладаг болсон. “Стелла Маккартни” бол “Битлз” хамтлагийн Пол Маккартнийн охин Стеллагийн үүсгэн байгуулсан брэнд. Яваандаа бүтэн цагаар ажиллах санал тавьсан. Мэдээж оддын хувцас оёх амаргүй. Ганц Англи биш, Америк болон бусад улсын алдартнууд ирж хувцас хийлгэдэг. Хувцас нь өөрөө асар үнэтэй байдаг болохоор маш өндөр түвшинд, их хариуцлагатай байхыг шаарддаг. Мөн Лондон болон Францад болдог загварын шоунд багаараа очиж ажиллаж байна.

-Хамгийн анх хэн гэдэг алдартны хувцсыг урлаж байсан бэ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв. Эргээд бодоход энэ бүхэн сайхан түүх болж үлдсэн нь дамжиггүй?

 -Холливудын алдарт жүжигчин Johny Deep-ийн экс гэргий Amber Heard-ын хуримын даашинзыг оёж байлаа. Тэрнээс хойш оддын хувцас оёх болгонд дандаа дууддаг болсон. “Энд ажиллавал ододтой ажиллах юм байна даа” гэсэн бодол тэр үед төрж байлаа. Оёсон даашинзаа хараад үнэхээр өөрөөрөө бахархаж байсан шүү.

 -Алдартай хүмүүстэй хамтарч ажиллахад сайхан болон хүндрэлтэй тал байдаг байх?

 -Тийм шүү, ялангуяа алдартай байх тусмаа шаардлага өндөртэй байдаг. Миний оёсон хувцсыг дэлхийд алдартай хүмүүс өмссөн байхыг харах хамгийн сайхан мөч. Мөн алдартнуудтай биеэрээ уулзана шүү дээ. Заримдаа зохион бүтээгчийн гаргасан загварыг оёход даавууны бэрхшээл гардаг. Жишээ нь, даавуу, загвар хоёр хоорондоо зохицохгүй эсвэл ямар аргаар яаж оёх гэх зэрэг ухаан шаардсан зүйл их гарна. Шинэ содон өвөрмөц загварыг зурагнаас харах нэг өөр, амилуулж оёх тэс өөр. Хүндрэл багагүй гардаг.

-Холливудын олон алдартнуудын хувцсыг оёсон байх. Тэдгээрээс дурдвал?

 -Oprah Winfrey, Amber Heard, Cara Delevingne, Julia Robert, Ханхүү Harry-гийн эхнэр Megan Markle, Ellie Goulding, Naomi Ackie, Olivia Colman, Emma Watson, George Clooney-гийн эхнэр Amal Clooney, Katy Perry, Laura Darn, Demi Moore, Ed Sheeran-ий эхнэрийн хуримын даашинз, Kate Moss, Jodie Comer зэрэг алдартны хувцсыг урласан даа.

 -Загвар зохион бүтээгч дизайнер хүмүүс өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлсэн урлантай байдаг. Та урлангаа хэзээ нээж байв?

-Өөрийн “Enka Couture” гэсэн брэндээ гаргаад хоёр сар болж байна. Энэхүү брэндээ Монголд төдийгүй дэлхийд танигдах брэнд болгон хөгжүүлэх санаа байдаг. Одоогоор ажил ихтэй болохоор өөрийнхөө брэндэд анхаарал хандуулж амжихгүй л байна. Цаашдаа өөрийн урлангаа Англи болон Монголдоо нээх бодол бий.

-Загварын агентлагтайгаа анх хэрхэн яаж холбогдсон бэ?

-Миний хийдэг ажил зүгээр л оёх, өөрөөр хэлбэл, үйлдвэрийн дамжлагад ажиллах эсвэл хаа ч байдаг хувцас гараас гаргахаас арай өөр. Оёдлын өндөр технологи гэвэл ойлгомжтой юм болов уу. Дизайнерын гаргасан санаа, шийдлээр эсгүүрчин эсгэнэ. Энэ нь тансаг бүтээл эсвэл хэн ч тоохооргүй материалын цуглуулга болох уу гэдэг нь оёдолчны ур чадвараас хамаардаг. Хувцас урлал гэдэг нь хамтын бүтээл юм. Хүмүүс буруу ойлгоод байна лээ, би “Stella McCartney”-д оёдлын мастераар ажилладаг оёдлын технологич. Дэлхийн алдартай хүмүүсийн хувцсыг гурван хүний бүрэлдэхүүнтэй баг хийдэг. Зохион бүтээгч, эсгүүрчин, оёдолчин. Би зохион бүтээгчийн гаргасан загварыг эсгүүрчин эсгэсний дараа оёж амилуулдаг. Ур чадвар ухаан шаардсан ажил тул өөрөөрөө их бахархдаг.

-2018 оны Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналт жүжигчин Оливиа Колманын өмссөн даашинз таны бүтээл. Оскарын тайзан дээр өөрийнхөө урласан бүтээлийг хараад ямар мэдрэмж авдаг вэ?

 -Миний оёсон даашинзаар Оскарын тайзан дээр алдартай бүсгүйчүүд гоёсон байхыг харах сайхан байдаг.

 

 -Монголын загварын салбар хөгжиж байна. Хөгжихийн хэрээр алдаа оноотой олон зүйл ажиглагддаг. Та хэрхэн дүгнэдэг вэ?

-Монголчууд дээлийг орчин үетэй хослуулж, энгийн болон загварын дээлнүүд гаргадаг болсон байна лээ. Өнгө болон дизайны хувьд их загварлаг болсон. Миний хувьд оёдлын технологи нь хоцрогдсон, зарим даавууны чанар тааруу харагддаг. Энэ талыг сайжруулаасай гэж боддог.

 

-Эх орондоо ирж ажиллах бодол бий юү. Хүний нутагт ажиллахад хэцүү шантармаар үе тохиолддог байх. Тэр бүгдийг хэрхэн даван туулдаг вэ?

-Эх орон, ээж, найз нөхдөө маш их үгүйлдэг. Анх Англид ирэхэд сайхан байсан. Ирээдүйнхээ төлөө маш их хөдөлмөрлөж, сурч байлаа. Шантрах үе гаралгүй яах вэ. Би хоёр охин, нэг хүүтэй. Бид гэр бүлээрээ энд амьдардаг. Шантарсан үед нөхөр, охид минь сэтгэл санаагаар үргэлж дэмжсээр ирсэн. Эх орондоо ирэх бодол бий. Хэдийгээр гэр бүл минь энд байгаа ч Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад сэтгэл зүрх минь ямагт бэлэн байдаг.

 

 C.Ичинхорлоо

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.