Б.Азжаргал: Xалдвартай бүс нутгаас хулгайгаар орж ирэх хандлага нэмэгдэж байна

Үүнийг хууль хүчний байгууллагууд цаг тухайд нь илрүүлж, хариуцлага хүлээлгэж байгаа тул эрсдэлтэй алхам хийхгүй байхыг хүсье.

Дархан-Уул аймаг ногоон бүс болох зорилгоор нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог 12,000 иргэнээ коронавирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулж дуусжээ. Шинжилгээний хариу бүрэн гарч дууссанаар аймгийн Онцгой комисс маргааш хуралдан, дараагийн шийдвэрээ гаргах юм.

Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Дархан-Уул аймагт нийт 45 тохиолдол илэрсэн. 45 дахь тохиолдол батлагдсанаас хойш 30 хоног өнгөрч байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу эрүүл бүс болох боломж бүрдэж байна. Гэхдээ Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт өвчлөл хаагдаагүй байгаа тул Дархан-Уул аймагтаа байдлыг бататгах зорилгоор РCR шинжилгээг авч байна.

Хоёр өдөр зохион байгуулагдсан шинжилгээнд 22 төрлийн байгууллагын 12 мянган иргэн хамрагдаж дууссан. Эдгээр иргэний шинжилгээ бүрэн гарсны дараа аймгийн онцгой комисс хуралдаж, дараагийн шийдвэрүүдээ гаргана. 

Аймгийн Онцгой комиссоос баримталж буй бодлого нь Дархан хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, зайлшгүй тохиолдолд иргэдийг оруулж гаргах, Дархан хот дотроо амьдралын хэвийн горимд шилжүүлэх, хязгаарлалтад орсон байгууллагуудын үйл ажиллагааг шат дараатайгаар, халдвар хамгааллын дэглэм сахиулан хэвийн ажиллагаанд оруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

Хэдийгээр ногоон бүс болж буй ч амны хаалтаа зүүх, гараа ариутгах, зайгаа барих дэглэмээ мөрдөх шаардлагатай. Мөн халдвартай бүс нутгаас хулгайгаар орж ирэх хандлага нэмэгдэж байгаа. Үүнийг хууль хүчний байгууллагууд цаг тухайд нь илрүүлж, хариуцлага хүлээлгэж байгаа тул эрсдэлтэй алхам хийхгүй байхыг хүсье" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.