Э.Тамир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 14.2 хувь ажил, үйлчилгээ эрхэлдэг

Үндэсний статистикийн хорооноос 2019 онд гаргасан судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй 107 мянган иргэн байна. Үүнээс 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Э.ТАМИРТАЙ ярилцлаа.


-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ямар ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэв?

-НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орсноор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг УИХ-аас 2016 онд баталсан. Энэ дагуу УИХ-ын тогтоол, ХНХ-ын сайдын тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан. Тус байгууллага нь Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох, ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, тэдэнд ээлтэй нийгмийн орчинг бүрдүүлэх, сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн үйлчилгээг хуулийн дагуу, иргэдэд ээлтэй, хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байдаг.

Бид 2018 оноос хойш олон ажлыг шат дараатай хийсэн. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 368 иргэнийг байнгын ажлын байраар хангалаа. Түүнчлэн Ерөнхий газрын дэргэд ажлын байранд зуучлах, бүртгэх, мэдээлэл зөвлөгөө өгөх Хөдөлмөрийн биржийг байгуулж, Азийн хөгжлийн банкны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Сэргээн засах төв болон ХБХСЗХТ-ийн үйлчилгээг цахимжуулсан. Ингэснээр сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжтой болсон.

-Хөдөлмөрийн бирж байгуулсан гэлээ. Өнгөрсөн онд хэчнээн иргэнд үйлчилгээ үзүүлсэн бэ?

-Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш Хөдөлмөрийн биржээр 231 хүнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байдаг. Ажил идэвхтэй хайж буй хөгжлийн бэрхшээлтэй 287 иргэнийг бүртгэн, мэдээллийн сан үүсгэж, 76 аж ахуйн нэгж байгууллагаас 154 орчим ажлын байрны санал авсан байна. Эдгээрээс 76 ажил олгогч байгууллагад 215 хүнийг ажилд зуучилжээ.

-Танай агентлагийг байгуулснаар иргэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүртээмжтэй авч чаддаг болсон уу?

-Манайх бүтэц, зохион байгуулалтын хувьд дөрвөн газар, гурван харьяа байгууллагатай үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, агентлагийн харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд хүргэдэг. Харин Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь насанд хүрэгчдэд нийгмийн үйчилгээ үзүүлдэг. Дээрх хоёр төвөөр жилдээ давхардсан тоогоор нийт 10,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлсэн.

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн ажилчдын 70 орчим хувь нь харааны бэрхшээлтэй байдаг. Тиймэээс тэдгээр иргэнийг хөдөлмөрийн дадал чадварт сургаж, нэгдсэн зохион байгуулалтайгаар хөдөлмөр эрхлүүлж, нийгмийн харилцаанд оролцоход нь бүх талын дэмжлэг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

-Орон нутагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэлтэй олон асуудал тулгардаг байх. Салбар нэгжийг орон нутагт байгуулах боломж бий юу?

-Азийн хөгжлийн банкны Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр Архангай, Дорнод, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговь, Ховд аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг байгуулахаар ажиллаж байна. Эдгээр төвийг ашиглалтад оруулснаар орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэхэд олон улсын байгууллагатай хамтран протез, ортопедийн үйлдвэр, сэргээн засах эмнэлэг, мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургууль болон бусад холбогдох байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх, сайжруулах, олон улсын чанар стандартад нийцүүлэх, цахимд шилжүүлэх зэрэг ажлыг шат дараатай авч хэрэгжүүлнэ.

-Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн иргэн байдаг вэ?

-Үндэсний статистикийн хорооноос 2019 онд гаргасан судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй 107 мянган иргэн байна. Үүнээс 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэй.

-Тэдэнд тулгамдаж байгаа асуудал бол ажил эрхлэлт буюу ажлын байр байдаг. Мэдлэг боловсролтой, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуус олон. Ажилд орох гээд очихоор нь “Уучлаарай, таныг ажиллуулах боломжгүй” гэсэн хариу өгсөн тохиолдол маш их байдаг.

Хөдөлмөрийн чадвараа 50-69 хувь хүртэл алдсан тохиолдолд хэсэгчлэн буюу хагас, 70-аас дээш хувь хүртэл алдсан тохиолдолд бүрэн алдсанд тооцдог. Хөгжлийн бэрхшээлийг тогтоох арга нь хуучин ЗХУ-ын үеэс улбаатай. Өвчин эмгэгийг шалгуур болгон хувь хүний амьдралын бэрхшээл, өөрийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзэл, чадал чадварыг үл хамааран хөдөлмөрийн чадвар алдалтын байдлаар нь үнэлэн тогтоодог. Энэ нь өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин доогуур байх нэг үндэслэл болж байна.

Нөгөө талаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгэм, олон нийтийн ойлголт хандлага сөрөг хэвээр байсаар байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ажлын бүтээмж бага, удаан, мэдлэг, боловсролын түвшин доогуур, байгууллагын дэд бүтэц, орчин хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад нийцээгүй, стандарт бус гэх шалтгаанаар ажилд авахгүй байх тохиолдол гарсаар байна. Иймд тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор нийгэм олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажил, сургалтуудыг зохион байгуулах, хүртээмжийн үнэлгээ хийж, санал зөвлөмж хүргүүлэх, үйл хөдлөлийн олон улсын ангилал ICF-ийг Монголдоо нэвтрүүлэх, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр санал санаачилга гаргаж тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэдэн хувь нь хөдөлмөр эрхэлж байна вэ. Тоон мэдээлэл бий юу?

-Өнгөрсөн онд улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 12 мянган иргэн ажил хөдөлмөр эрхэлсэн байдаг. Энэ нь нийт хөдөлмөрийн насны, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 14,2 хувийг эзэлж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төр, засгаас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ” юм. Үүнийг 2019 оноос эхлэн манай байгууллага зохион байгуулан ажиллаж байна.

-Хүүхэд бүр эрх тэгш сурах эрхтэй. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр сургуульд суралцаж, мэдлэг боловсрол эзэмшиж чадахгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Хууль тогтоомжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй суралцагч ерөнхий боловсролын сургуульд элсэн орохыг хориглосон заалт байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд, дээд боловсрол олгох асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээг Хөдөлмөрийн яам хариуцан ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрэлт хэрэгцээг хангахуйц боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах хөтөлбөр”-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэнд болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар баталж хэрэгжүүлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн техник, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүний шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Нийгмийн болон хувь хүний сэтгэл зүй, хандлагад өөрчлөлт гаргах, ердийн сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах тэгш боломжоор хангасан орчныг бүрдүүлэх эхлэлийг тавьж, улмаар үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гарсан гэж бодож байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй ч энгийн хүүхэдтэй хамт суралцаж болно гэдэг. Тэргэнцэр дээр суудаг охиноо сургуульд сургахаар хоёр жилийн хугацаанд холбогдох төрийн байгууллагуудад хандаад ч оруулж чадаагүй хүн байдаг. Ийм асуудалтай эцэг, эхчүүд танайд ханддаг уу?

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй суралцагч элсэх орон тооны дээд хязгаарыг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны цалингийн сүлжээний ангилал, нэмэгдлийг тусгайлан тогтоох, 2021-2023 онд бүх шатны цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн болон сургуулийн ойр орчны зам, талбай, ариун цэврийн өрөө, анги танхимыг хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглаж болохоор тоноглох зэрэг шийдвэрийг гаргасан. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын суралцах эрхийг хангах, боловсролд тэгш хамруулахад чухал алхам болсон.

-“COVID-19” цар тахал гарч хөл хорио тогтоосноор иргэдийн амьжиргааны түвшинд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Энэ хүнд цаг үед танай байгууллагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” цар тахлын энэ хүнд цаг үед НҮБ-ын Хүн амын сангаас дэмжлэг үзүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн 400 ширхэг 44,4 сая төгрөгийн багцыг өгсөн. Мөн байнгын асаргаатай хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдэд зориулсан 440, дэвсдэг 310 ширхэг живхийг хүлээлгэн өгснийг шаардлагатай иргэдэд хүргэж ажилласан. Мэдээ мэдээллийг шуурхай хүргэх, тэдний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх албан ёсны эх сурвалжийн мэдээ, мэдээлэл, ДЭМБ, ЭМЯ, УОК-оос гаргасан зөвлөмж бүхий видео бичлэгийг дохионы хэлний орчуулгатайгаар бэлтгэж, байршуулдаг. Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоотой хамтран “Дохионы хэлний видео дуудлага”-ыг ажиллуулан сонсголын бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг хүргэж байна. Дохионы хэлмэрч, эмч, хөдөлгөөн засалчийн бүрэлдэхүүнтэй шуурхай хоёр баг ажиллуулж, УОК-т дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдалтай байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөрөнгө оруулалт хамгийн их хэрэгтэй байдаг.

С.Ичинхорлоо

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.