"Живхтэй улстөрч"-ийн балаг

Агентлагийн даргаас эхэлсэн Б.Пүрэвдоржийн хулгай Төрөөс тэрбумаар нь зувчуулснаар үргэлжилж байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр УИХ-ын гишүүн болж, дэвшсэн цөөнгүй хүн энэ парламентад бий. Тэдгээрээс Ерөнхийлөгч асантай хамгийн ойр нь Б.Пүрэвдорж. Улс төрийн хүрээнд үүнийг ньмэдэхгүй хүн ховор, ерөөсөө Ц.Элбэгдоржийн хуурай дүү гэж ярьдаг. Зарим нь түүнийг хамаатан нь ч гэдэг юм. Оргүй биш ортой л яриа.Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй Б.Пүрэвдоржийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараа улс төрд хөтлөн оруулж, Ховд аймгийн АН-ын даргаар томилуулсан юмдаг. Удалгүй Б.Пүрэвдорж дахиад л буурь сэлгэсэн, дэвшсэн. Ховдын АН-аас Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга болтлоо томорсон. Ах нь Ерөнхийлөгчийн энтэй учраас Ардчилсан намын сонгуулийн ялалтын бялууны дүүдээ зүсэм хүртээсэн нь тэр.

Гадаадын иргэн харьяатын дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж хийсэн хууль бус үйлдэл нь шүүхийн дансанд архивлагдаж, хар даруулсан ч тэрбээр УИХ-ын гишүүн болж дэвшсэн цагаасаа тэрхүү намтраа улам арвижуулж явна.

“Б.Пүрэвдорж дандаа хууль бус юм хийдэг. Газар олдвол байшин барина. Наймаа хийдэг нөхөр. Монгол төрд шургалсан хулгайчдыг өмөөрөх гэж энэ хүн гишүүн болсон. Бодвол ахынх нь захиалга байх. Ийм хулгайч нараас болж Монгол төр дампуурч байна” УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нэгэнтээ хэлсэн нь үүний бэлээхэн жишээ. Нөгөөтэйгүүр, гишүүн Б.Пүрэвдоржийн хууль бус үйлдэл, төрөөс хийсэн хулгай, луйврын зах зухаас одоо дурдъя.

Түүний хувьд Иргэний харьяал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа дөнгөж байгуулсан, үйл ажиллагаа явуулсан ямар ч туршлагагүй “Жинст Транс” гэх компанийг байгуулж, ажилчдын орон сууц барилга бариулжээ. Тодруулбал, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас “Жинст Транс” компанитай албан хаагчдын 120 айлын орон сууцны барилга бариулахаар “Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай” 13/14 тоот гэрээг 2014 онд байгуулжээ.

Уг компанийн зүгээс барилгын ажлыг 2016 оны тавдугаар сарын 16-нд 172/2016 актаар Улсын комисст хүлээлгэн өгсөн юм байна. Гэтэл ажил гүйцэтгэх явцад 221 сая төгрөгийн цемент сох дутсан байх юм.

Уг нь 2014 оны долдугаар сард байгуулсан гэрээ ёсоор “Цемент Шохой” компани орон сууц барихад шаардлагатай цементийг нийлүүлэх учиртай байж. Хачирхалтай нь, гэрээний хэрэгжилтийн явцад цемент нийлүүлэлтээс “Жинст Транс” компани 221,399,739 төгрөгийн цементийг зарлагын падаан нотлох баримттайгаар хүлээн авсан ч барилга угсралтад зарцуулахгүйгээр шамшигдуулжээ. Нэг үгээр үүсгэн байгуулсан компаниараа дамжуулж,Иргэний харьяал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын захиалга бүхий барилгын ажилд нийлүүлэх учиртай цементийг Б.Пүрэвдорж нар ийн зувчуулсан хэрэг. Үүнийг нь “Цемент Шохой” ХК-ийн нэхэмжлэлтэй Улсын дээд шүүхийн хуралдааны шийдвэрээс харж болно.

Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй хуралдаанаас “Цемент Шохой” ХК-ийн нэхэмжлэлийг хангаж, 221 сая төгрөгийн хохирлыг барагдуулах шийдвэрийг гаргаж байжээ.

Сонирхолтой нь, барилгын ажлыг удирдсан А.Цогт-Очир,И.Идэрбат нар нь Б.Пүрэвдоржийн хадмуудбайх юм. “Жинст Транс” компанийн хуудуутай үйл ажиллагаа үүгээр зогссонгүй. 120 айлын орон сууцны барилгын ажлыг аваад зогсохгүй 5.4 тэрбумын төгрөгийн төсөвт өртөгтэй сургуулийн тендерийг хүртэл төвөггүйхэнавчээ. Өмнөх орон сууцны ажлыг агентлагийн дарга Б.Пүрэвдоржийн шууд хамааралтайгаар гүйцэтгэсэн “Жинст Транс”-ынхан хоёр дахь тендертээ шалгарсан нь энэ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд баригдсан 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 2014 онд эхлүүлж 2018 оны арванхоёрдугаар сарын 16-нд ашиглалтанд өгчээ. Тус сургуулийн барилгын ажлыг мөн л “Жинст Транс”компани авч, Б.Пүрэвдоржийн хадам ах Д.Бадамцогт Д.Идэрхангай нар барилгын ажлыг удирдан бариулжээ.

Ийнхүү тэрбум, тэрбумаар хэмжигдэх төсөвт өртөгтэй тендерүүдийг хадмууддаа хуу хамж, өгөх болсон Б.Пүрэвдоржийн хулгай УИХ-ын гишүүн болсных нь дараа Мал хамгаалах сан руу гараа дүрснээр үргэлжилжээ. Барилгын тендерт гаршиж эхэлсэн “Жинст Транс”-ынхан хүргэн Б.Пүрэвдоржийн оролцоотойгоор хөдөө аж ахуйн бизнес рүү оров.

Үүнийг Мал хамгаалах сангаас 2017 онд “Жинст Транс”компанид 1.3 тэрбумтөгрөгийн зээлийг олгосноос харж болно. Олгосон гэхээсээ Б.Пүрэвдорж УИХ-ын гишүүнийхээ эрх мэдлийн хүрээнд олгуулсан гэхэд үнэнд илүү нийцнэ. Хөдөө аж ахуйн салбарт олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн компаниудад өдрийн од мэт олддог Мал хамгаалах сангийн хүүгүйзээлийг“Жинст Транс”-ынхан“ногоон гэрэл”-ээравсан нь өөрийн эрхгүй анхаарал татна. Барилга угсралт, хуурай замаар хийгдэх ачаа тээвэр, фитнесс клуб, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдагэл компанид төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг олгосны ард Б.Пүрэвдорж гишүүн шууд оролцоотой гэж харахаар өөр аргагүй юм.

Хачирхалтай нь, “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Мал хамгаалах сангаас 1.3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан “ЖинстТранс” компани салбарын яамтай байгуулсан гэрээний хүрээнд хоёр жилийн турш тэжээл нийлүүлэлгүй хоёр жилийн турш луу унжжээ. Төсвөөс хүүгүй зээл авч, тэжээл нийлүүлэхээр гэрээлж, түүнийгээ нийлүүлэх ёстой байтал усанд хаясан чулуу мэт ор сураггүй алга болсон нь энэ. Аргаа барсан Мал хамгаалах сангийнхан 1.3 тэрбум төгрөгийг гаргуулж авахаар шүүхэд хандсан ч эсрэгээрээ “Жинст Транс” компанийн талд шийдвэр гарчээ.

Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг “Жинст Транс” компанийн зүгээс нийт 502.4 сая төгрөгийг эргүүлсэн төлсөн ч зээлийн үлдэгдэл болох 797.5 сая төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй учраас шүүхэд дуудагджээ. Мөн уг сантай байгуулсан гэрээний 5.3 дахь заалтын дагуу алдангийн хоног тутамд 0.5 хувиар тооцон, 384 сая төгрөгийг шүүхээр дамжуулан тус компаниас Мал хамгаалах сангийнхан нэхэмжилсэн байна.

Үндсэн зээлийн төлбөр 797.5, алданги 384.1 нийт 1.1 тэрбум төгрөгийг “Жинст транс”- аас гаргуулахаар шүүхэд хандсан хэрэг. Харин 717.5 сая төгрөгийг яамны, сангийн дансанд төлснөөр үндсэн төлбөрөө бүрэн барагдуулсан гэж холбогдох албаныхан үзжээ. Түүнчлэн ОХУ-аас импортоор оруулж ирсэн малын тэжээлийн ихэнх хэсгийг малчдаас малаар арилжсан тухайгаа шүүхэд мэдүүлжээ. Энэ дагуу хариуцагч талынхан арилжаж авсан малыг малчдаас хүлээн авч, худалдан борлуулах шаардлагын улмаас гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрөө биелүүлэх боломжгүй болж хугацаа хэтэрсэн байдлыг харгалзан үзэж нийт 384.1 сая төгрөгөөс өөрсдийн төлөх боломжтой 15 саяыг төлөхийг нэхэмжлэгч тал буюу салбарын яам нь хүлээн зөвшөөрсөн байх юм. 

Улмаар Ховд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс эл хэргийг хэрэгсэхгүй болгож, яам, компани хоорондын эвлэрлийн гэрээг ёсоор болгожээ.

Ийнхүү “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээний хүрээнд зарласан 40 тэрбумын тэжээлийн тендерт шалгарсан компанийн нэг “Жинст Транс”-ынхан шүүхэд дуудагдсан ч хариуцлагаас мултарсан нь энэ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий “Жинст Транс” компанитай холбоотой хоёрхонбаримт дурдахад ийм байна. Эндээс нэг асуулт урган гарч ирнэ. Тэр нь “Жинст Транс” компанийн хувьцаа эзэмшигч А.Цогт-Очир, гүйцэтгэх захирал И.Идэрбат гэж хэн бэ?.

Бидэнд олдсон мэдээллээр А.Цогт-Очир нь Б.Пүрэвдорж гишүүний төрсөн эгч Б.Бурмаагийн нөхөр юм байна. Харин И.Идэрбат нь Б.Пүрэвдорж гишүүний эхнэр Д.Хулангийн төрсөн дүү нь. Өөрөөр хэлбэл,“Жинст Транс” компанийг эгчийнхээ нөхөр, эхнэрийнхээ төрсөн дүүгийн нэр дээр байгуулж, төрөөс тендер авах, төсвийн мөнгийг шамшигдуулах ашиг сонирхлоо гүйцэлдүүлснийг дээрх хоёр баримтаас харж болно. Хамгийн хачирхалтай нь, ЖДҮ болон Мал хамгаалах сангаас төрийн өндөр албан тушаалтнууд хүүгүй зээл авсан тухай шуугиан дэгдэж, түрүүчээсээ хариуцлага яригдаж эхлэхэдБ.Пүрэвдорж гишүүн ул мөрөө баллахын тулд И.Идэрбатыг “Жинст Транс” компанийн гүйцэтгэх захирлын бүртгэлээс хасуулжээ. Мөн хадам ах А.Цогт-Очирыг хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс мөн хасуулж, Б.Төрмөнх болгон бүртгүүлсэн байна.

Гэвч гурилын хулгайч, гуяндаа цагаантай гэгчээр хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлынх нь нэрийг өөрчлүүлсэн ч Б.Пүрэвдорж гишүүн булхайгаа нууж чадсангүй.

Учир нь, Б.Төрмөнхийн аав Д.Баатарсүрэн нь гишүүн Б.Пүрэвдоржийн эхнэр Д.Хулангийн ээж Д.Ившингийн төрсөн дүү нь болж таарав. Хэдийгээр “Жинст Транс” компанийг 100 хувь Б.Төрмөнх гэдэг залууд залууд гэнэт шилжүүлж өөрийн эгчийн нөхөр, эхнэрийн дүүд ямар ч хамааралгүй болгон өөрчилж, өнгөлөн далдлалт хийсэн ч гурилын хулгайч баригддаг гээчийн үлгэрээр бүх мэдээлэл нь ийн ил болоод байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Төрийн тэргүүний тангараг өргөснийхөө дараа “Төрөөс төрсөн тэрбумтнуудын эсрэг хатуу тэмцэнэ” гэдгээ илэрхийлж байв. Харамсалтай нь, түүний хэлсэн эл сонины хуудаснаа шарлаж амжаагүй байхад төрөөс төрсөн тэрбумтнуудын тод жишээ нь улс төрд хөтлөн оруулсан хуурай дүү Б.Пүрэвдорж нь болоод байна.

УИХ-ын гишүүн гэдэг тангараг өргөсөн өдрөөсөө төр, иргэн хоёрын гүүр нь болдог. Тэдний өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд нь зориулж хууль санаачилж, батлуулдаг. Хулгай хийхийн нэр огт биш. Гэвч сурсан занг сураар боож болдоггүйтэй адил агентлагийн дарга байхаас үүсгэн байгуулсан компаниа тендерт шалгаруулж, төсвийн, татварын төлөгчдийн мөнгийг хамж ирсэн Б.Пүрэвдоржийн өртөг, мөнгөний хэмжээ УИХ-ын гишүүн болсных нь дараа тэрбумаар хэмжигдэж эхэлсэн бололтой. Б.Пүрэвдорж гишүүн ч Цагаан сарын баяртай зэрэгцэн Улсын аварга, сайн малчны шагнал гардуулж явсан удаатай. Тэр бүгдэд өөрийнхөө өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сурталчсан. Тэгэхэд нь нутгийн иргэд сонгогчид эрхэм гишүүнийг хэрхэн яаж төсвийн төсвийн мөнгөнөөс хулгай хийснийг нь гадарлахгүй цай цүүгээ бэлдээд угтсан нь нэг талаар тохуутай, нөгөө талаар мэдээлгүйн уршиг.

Гэхдээ УИХ-ын гишүүний сэнтийг мөнгөний авдар болгож, түүн дээр сандайлах болсон Б.Пүрэвдорж нарын үйлдлийг нийгмийн цахим сүлжээ хөгжсөн энэ цаг үед хаанаас ч уншиж, мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаар дамжуулж өөрсдийгөө магтаж, дөвийлгөсөн сонин, сэтгүүлд иргэд нэг үеэ бодвол итгэхээ больсон.

Үүнтэй агаар нэг байдлаар Б.Пүрэвдорж гишүүн төсвийн мөнгөөр хэрхэн түрийвчээ зузаатгаж суугаа талаарх энэ мэт мэдээлэл тойргийнх сонгогчдын чихэнд хүрсэн байх найдъя.

Эцэст нь хэлэхэд нэг удаа хулгай хийсэн дахиад л хулгай хийнэ. Мөнгөний хэмжээ нь өсөх тусам улам амташна. Харин түүнийг таслан зогсоох ганцхан арга бий нь дахин сонгохгүй, төрд ойртохгүй байх юм.

Түүний хууль бус үйлдэлтэй холбоотой бусад баримтыг бид дараагийн нийтлэлдээ үргэлжлүүлэн дурдах болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.