Хулгайн замаар иргэдийг олноор нь тээвэрлэвэл машиныг нь хураана

Зөрчлийн тухай хуулийн 4.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгслийг хураах хүртэл арга хэмжээ авахаар заасан байдаг.

Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаанд буюу 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл хугацаанд хотоос орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Энэ хугацаанд хүнс тээвэр, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хязгаарлаагүй юм.

Гэвч иргэд зөвшөөрөгдөөгүй шороон замаар буюу хулгайн замаар хот хооронд зорчигч тээвэрлэсэн зөрчил удаа дараа гарч байна. Энэ тохиолдолд иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т заасны дагуу 500,000 мянгаар торгох эвсэл 7-30 хоног баривчлах заалттай. 

Харин нийслэл хотод цар тахлын шинэ голомтууд илэрч, тархалт ихсэж буй энэ үед бусад аймаг, хот руу хулгайн замаар зорчсон бол тээврийн хэрэгслийг хураахаар болсон тухай мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Халдвартай бүс нутгаас шинжилгээ өгөөгүй иргэдийг бусад аймаг, хот руу тээвэрлэх оролдлогууд гарч байна. Энэ нь цар тахлыг тархаах, иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж буй үйлдэл. Иймд иргэдийг зохион байгуулалттайгаар, олноор нь тээвэрлэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 4.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгслийг хураах хүртэл арга хэмжээ авахаар заасан байдаг" гэлээ. 

Дархан-Уул аймаг ногоон бүс болох боломжтой болсныг аймгийн онцгой комиссоос мэдээлсэн бөгөөд халдвар гарсан бүс нутгаас хулгайн замаар орж ирэх тохиолдол нэмэгдэж байгааг хэлж байв. Түүнчлэн Ногоон бүсээр зарлагдсан Өмнөговь аймагт ч хулгайн замаар нэвтрэх оролдлого тасрахгүй байгааг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.