Ж.Мөнхбат: Ж.Эрдэнэбатыг гишүүний тангараг өргүүлнэ гэдэгт итгэлтэй байна

Ж.Эрдэнэбатад үүсгэсэн асуудал бол Монголын хуулийн сургуулийн оюутнуудад хуулийн талаасаа маш том алдаа болохуйц кэйс болж байна шүү дээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд жилжүүлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой байр сууриа илэрхийлсэн юм.


Тэрбээр “Шүүхийг хараат бус, хариуцлагатай, шударга болгох асуудлыг өнөөдөр ярьж, УИХ Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор би нэг жишээ хэлмээр байна. УИХ-ын Ж.Эрдэнэбатыг барьж хорьсон нь хууль зөрчсөн байсан. Нэгд,  УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд нь халдан барьж хорьсон. Хоёрт, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр нэр дэвшигчийн үнэмлэх авсан нэр дэвшигчийг барьж хорихдоо албан ёсоор Сонгуулийн Ерөнхий хороонд мэдэгдэх ёстой.

Гэтэл албан ёсоор мэдэгдэхгүйгээр барьж хорьсон. Шүүхийн анхан болон дунд шатанд дандаа хууль бус шийдвэр гаргасан гэсэн үг. Миний хувьд шүүх анхан болон дунд шатанд гаргасан алдаагаа хяналтын дээд шүүх нь зогсоодог, зоригтойгоор залруулж чаддаг, шүүхийнхээ нэр хүндийг авч гарах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс Дээд шүүх Ж.Эрдэнэбатын гишүүний хэрэг дээр гаргасан анхан болон дунд шатны шүүхийн алдааг засах, түүнийг суллах шийдвэр гаргаж, гишүүний тангаргийг нь өргүүлэх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр Монгол Улсын шүүхийн гаргасан хууль бус шийдвэрээс болж Олон улсын парламент болон Европын холбооны хоригт орох хэмжээнд очиж байна. Цаашдаа Монголын шүүхийн нэр хүнд олон улсад, дэлхийд ямар байдлаар гарах вэ гэдэг асуудлыг үүсгэж байна шүү дээ. Тиймээс энэ алдааг дээд шатны шүүх зоригтой залруулаасай.

Ер нь Сонгуулийн тухай, УИХ-ын тухай хуулийг зөрчсөн шүүхийн шийдвэр парламентын дархлаа, нөгөө талдаа хууль дээдлэх зарчим, Үндсэн хууль руу нулимсан зөрчлийг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай явдаг. Ж.Эрдэнэбатад үүсгэсэн асуудал бол Монголын хуулийн сургуулийн оюутнуудад хуулийн талаасаа маш том алдаа болохуйц кэйс болж байна шүү дээ. Тиймээс энэ алдааг засч, цаашдаа өөр хэн нэгэн этгээдийг хууль  зөрчсөн гэж үзсэн шүүхийн шийдвэр, шүүх нь өөрөө хууль зөрчөөд байж болохгүй, алдааг ч давтах эрхгүй юм.

Ер нь алдаа гаргасан, хариуцлага алдсан, хууль зөрчсөн шүүгчид тавигддаг хариуцлагыг цаашид чангатгах ёстой. Ингэж байж хараат бус байх, хариуцлагатай, хууль хэрэгжүүлдэг байх тогтолцооны талаар ярих болно” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.