Улсаараа Ерөнхийлөгч Х.Баттулгад тусалъя

Тэгэхгүй бол эрхэм Ерөнхийлөгч маань “30 гэр бүл”-ийн асуудалтай зууралдсаар бүрэн эрхээ дуусгах нь. Эцсийн дүндээ Монгол ч ялахгүй нь.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөөд дөрвөн жилийн нүүрийг үзэх гэж байна. Хуулиар олгосон бүрэн эрх нь дуусгавар болоход зургаан сарын хугацаа үлдсэн гэсэн үг. Энэ хугацаанд Унгарыг зорьж жүдо үзсэн, ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулсан Дорнын Эдийн засгийн чуулганд оролцож, Хятад, АНУ-д албан ёсны айлчлал хийснээс өөрөөр Төрийн тэргүүн маань дөрвөн уулынхаа дунд орших нийслэлээс огт “цухуйгаагүй”. Хажуугаар 21 аймгийг тойрч, иргэдтэй уулзалт зохион байгуулсан, тэгэхдээ "Алдарт эх"-ийн одон гардуулж, ойрмогхон Өмнөговь аймгийг зорьж төмөр замын бүтээн байгуулалттай танилцсаныг эс тооцвол шүү дээ.

Шалтгаан нь төсөв мөнгөний хэмнэлттэй холбоотой гэдгийг Тамгын газрын дарга асан З.Энхболд тодотгож байсан удаатай. Зарим тохиолдолд айлчлал хийх шаардлагагүй гэж ярьсан нь ч бий.

Гэвч Төрийн тэргүүн хийгээд түүний багийнхан ингээд зогссонгүй. Сошиал ертөнцөөс эхлээд түгээж болох бүхий л мэдээллийн сувгаар “30 гэр бүл”-ийн тухай мэдээ, материалыг олон нийтэд түгээх болсоор удаж байна. Он сар, өдөр хоногоор тооцвол 2016-2021 оныг хүртэл таван жилийг туулжээ. Хачирхалтай нь, өнөөдрийг хүртэл хугацаанд хэн гэгч эрхмүүд Монголын баялагт эзэн суусан "30 гэр бүл"-ийн тоонд багтдаг тухай баттай тоо, баримттай мэдээлэл олон нийтэд ил болсонгүй. 

Томилгооны субьекттэй нь холбоотой юу, цаг үеийн шаардлага нь тэгж таарсан уу хэлж мэдэхгүй Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн тушаалаар "30 гэр бүл" гэж байдаг эсэх, гэмт хэргийн замаар Монголын ашигт малтмалыг олборлох лиценз авсан эсэхийг нягтлан шалгах ажлын хэсгийг гаргасан, 2017 онд. Улсын ерөнхий прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг Ерөнхийлөгч болон түүний хамтрагчдын хэлээд байгаа “30 гэр бүл” байдаг, байгаа эсэхийг шалгаж тогтоосны дараа энэ асуудал нэг тийш болох нь гэсэн хүлээлт тэр хэрээрээ үүссэн.

Сонирхолтой нь, прокуророос Ажлын хэсэг гарч ажилласан ч энэ бүгдийн тайланг сонсохгүйгээр М.Энх-Амгаланг чөлөөлж Б.Жаргалсайханг томилсон. Өмнөх удирдлагын төвшинд, шалгах, илрүүлэх өнцөг нь Ерөнхийлөгчид хангалтгүй санагдсан байж болох. Байсхийгээд “30 гэр бүл”-ийн асуудлыг хөнддөг тэрбээр шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ ч энэ тухайгаа дурдсан нь зүгээр ч нэг санал биш байсан нь илт. Одоо М.Энх-Амгалангийн орыг залгасан Б.Жаргалсайханд дээрх үүрэг шилжсэн байж таарна.

Өөрөөр хэлбэл, “УИХ өнөөдөр мөнгө төлөөд ороод ирдэг бизнесийн, уулзалтын том салбар болсон. Мөнгөтэй л бол УИХ-ын гишүүн болдог. Мөнгөтэй л бол сайд болдог.  Энэ мөнгө хаанаас орж ирж байгаа вэ? Энэ мөнгө уул уурхайгаас ордог, Үндсэн хуулийн 6.1-д заасан “Монгол Улсын газрын доорх баялаг болон бусад зүйл ард түмний өмч байна” гэсэн заалт өнөөдөр лиценз нэрээр хэдхэн гэр бүлийн өмч болсон” хэмээн ярьсан нь түүнийг “30 гэр бүл”-тэй тэмцсээр байгаад бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах вий гэсэн эргэлзээг төрүүлж байгаа юм.

Тиймээс хууль хүчний байгууллага гэхээсээ бүгдээрээ, нийтээрээ бүр улсаараа Ерөнхийлөгч Х.Баттулгад эхний ээлжид “30 гэр бүл”-ийг илрүүлэхэд нь тусалцгаая. Тэгэхгүй бол эрхэм Ерөнхийлөгч маань “30 гэр бүл”-ийн асуудалтай зууралдсаар бүрэн эрхээ дуусгах нь. Эцсийн дүндээ Монгол ч ялахгүй нь.

Эсрэгээрээ нүүрсний экспортоос эхлээд Монгол Улс модоо барихыг үгүйсгэхгүй. Одоохондоо хүүхдийн хүчирхийлэл, түүнийг үйлдэгчдэд таарсан цаазын ялаас ч илүүтэй нүүрсээ үнс биш алт болгох, түүнээс олсон орлогыг ард түмэндээ тэгш хуваарилах нь чухал гэдгийг уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэж л баймаар.

Эрх биш танд зөвлөдөг эрхмүүд өдөр бүр биш юм гэхэд сардаа нэг удаа ч болтугай "30 гэр бүл"-ийн тухай бус сонгуулийн энэ амлалтыг тань сануулдаг л байх. Өнөөдөр хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан. Бусад улс төр, бизнесийн бүлэглэлийг атгачихсан байгаа. Одоо яамд руу орж байна. Энэ тодорхой болсон байгаа учраас тодорхой хоёр хориг тавьсан юм. /Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгээс/

Үнэхээр Монголын баялгийг эзэмшиж байгаа "30 гэр бүл" гэж байдаг бол Ерөнхийлөгч түүнийг нь мэддэг бол олон нийтэд ил тод зарла. Хууль, шүүхийнхнийг “цэвэрлэж” байгаа нь үнэн л юм бол.

Ингэх гэж Ерөнхийлөгч болсноо батал. "30 гэр бүл"-ийн бүлийн төлөө биш гурван сая нэг зуун мянган монголчууд өөрсдийнхөө төлөө сонголтоо хийснийг нотол. Тэгж байж Монгол ялна. Тэгэхгүйгээр аливаа арга хэмжээнд оролцох бүртээ "30 гэр бүл"-ийн тухай ярьж, шүүмлэх нь Төрийн тэргүүний хийдэг ажил биш ээ. Түүнээс ч том улс орны ашигтай холбоотой олон асуудал таны өмнө байна.

Хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоогоогүй, шүүхээр дэнслээгүй асуудлыг өдөр бүр ярих нь таныг үндэсний ялагч биш хувийн өш хонзондоо хөтлөгдсөн жирийн нэгэн болгож л харагдуулж байна. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх нь чухал байна. Нэгэнт АТГ, прокурор, шүүхийн удирдлагыг өөрчилж чадсан шигээ одоо шударга ёсыг тогтоо Ерөнхийлөгч өө!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.