Х.Тэмүүжингийн үнэн-1

Д.Ганбат: Ил байгаа нь хүүхдээ хуурамчаар үрчлүүлсэн асуудал байна. Энэ асуудлаараа Канад улсын хуулийг зөрчсөн байгаа юм.

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин. Энэ нэрийг хууль хяналтын тэр дундаа цагдаагийнхан салбарын сайд байснаар нь мэднэ. Халааснаасаа хонгио гаргаж үзүүлээд, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр үүрэг гүйцэтгэж байхдаа хөтөлсөн цагдаагийн алба хаагчийн “Хар дэвтэр” надад байгаа хэмээн мэдэгдсэнээр нь олон нийт танина. 2008 оны сонгуулийн дараахь дүйвээнээр МАН-/тухайн үеийн МАХН/-ын төв байр шатсаны үүрээр гудамжинд явж байсан таван залууг буудсан, цагдаагийн алба хаагч тус бүрт 20 ширхэг сургалтын сум тараасан, өмнө нь буудсан байлдааны сумны хонгионуудыг өөрсдөөр нь түүлгэсэн, хэлэх үгээ нийлүүл гэж үүрэг өгсөн зэрэг баримтыг он, сар, өдөртэй нь бичсэн тухай агуулга бүхий.

Уг яриа, хардлага гарснаас хойш 10 гаруй жилийн хугацаа улирсан ч “Хар дэвтэр”-ийг бодитоор харуулж, баримттайгаар нотолсон зүйл гараагүй, хууль хяналтын байгууллага, нийгэмд үлгэр, домог мэт сэдэв байсаар ирсэн юм. Энэ хооронд анхлан зарласан, түүгээрээ олон нийтээс оноо цуглуулж чадсанаараа Х.Тэмүүжин УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, бүр Хууль зүйн сайдын албыг хашжээ. Тэр өөрөө ч “Хар дэвтэр”-ийн тухай дахиж дурдаж сөхөөгүй.

Гэхдээ АН-ын урд өмнөх, одоогийн үүх түүхээс харахад Х.Тэмүүжин шиг үргэлж дэвшиж, хуулийн салбарын толгойд хүртэл гарсан нь гарын арван хуруунд багтахаар цөөн.

Гэвч улс төрийн замнал нь үргэлж оргил өөд байсан шиг Х.Тэмүүжинг тойрсон шүүмжлэл түүнийг тойрсонгүй. Сайд болсныхоо дараа тушаал гаргаж Төрийн ордны бөөрөн дэх эмнэлгийн шинэ барилгыг Мөрдөх албаны контоор болгосон нь маргаан дагуулсан. Тэгэх нь ч аргагүй. Монгол шиг эрүүл мэндийн салбарт нь хөрөнгө оруулалт хомс улсад нэмж эмнэлэг барих ёстой атал Хуулийн сайдынх нь шийдвэрээр шоронжуулах бодлого баримталсан нь олон нийтэд таалагдаагүй. Сайд Х.Тэмүүжин нийгэм, улс төрийн хүрээний эсэргүүцлийг үл огоорон өөрийн шийдвэртээ бат зогссон ч шинэ эмнэлэгт зориулан Монголд байхгүй өндөр үнээр худалдаж авсан, нарийн шинжилгээний, өндөр хүчин чадалтай MRI, CT аппаратууд эвдрээд дуусахтай зэрэгцэн алдаагаа ухаарсан.

Овор хэмжээ томтой тэдгээр аппаратыг шинэ эмнэлгийн барилга босч байхад суурилуулсан ч гэнэтийн шийдвэрээс болж Цэргийн госпитальд нэгтгэх үеэр авч чадалгүй үлдээсэн нь тэр.

Уг нь Х.Тэмүүжин сайд болсныхоо дараа тэгж муйхарлаагүй бол 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй, бүрэн хүчин чадлаараа ажиллавал оношилгоо, шинжилгээ хийлгэх гэж гаднын улсыг зорих иргэдийн хөл хөдөлгөөн татрах байсан тухай одоо ч ярьдаг, шүүмжилдэг.

Хамгийн сонирхолтой нь, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зориулалтыг дур мэдэн өөрчилсөн, гаргасан шийдвэрээ тэгтлээ хамгаалж, хаацайлаад байсны учиг, Х.Тэмүүжингийн зорилго ил болж нийгэмд цочроо өгч байв. Юу гэхээр, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү уг асуудал өндрөө авах үеэр тус барилгатай танилцах үеэр А блокын гаражийн хэсэгт хүмүүсийг байцаах, хориход зориулсан дөрвөн тасалгаа бүхий өрөө гаргаж, төмөр хаалга хийснийг илрүүлж байсан юм. Найман автомашины гаражийг ийнхүү өөрчилж, тусгай байдпаар ашиглах зориулалттай барьсан нь олон хүний эгдүүцлийг өдөөсөн.

Цаашлаад харгалзагч хянаж байх зориулалт бүхий том цонхтой өрөөнүүдийг мөн гаргасан нь хэн ч харсан шоронгийн зориулалтаар ашиглахаар улаарч байсныг илтгэдэг.

Нэг үгээр, УИХ-д улиран сонгогдсон Х.Тэмүүжин сайдаар томилогдсон даруйдаа “Тус эмнэлгийн байрыг оффисын зориулалтаар ашиглана” хэмээн зүтгээд байсны учиг ийнхүү тайлагдсан юм.

Хулганы хамраас ч цус гаргахгүйгээр хувьсгал хийсэн, хүмүүнлэг Ардчилсан Үндсэн хуультай Монгол Улс хэмээн сайрхах дуртай АН-ын толгой хуульч нь сайд болонгуутаа Төрийн ордныхоо бөөрөнд шорон барихаар төлөвлөсөн нь дотоод гэлтгүй гадаад төвшинд тийм ч таатай сонсогдоогүй. Хүлээж аваагүй нь мэдээж. Түүний орыг залгаж, Хуулийн сайдаар очсон намынх нь журмын нөхөр Д.Дорлигжав хүртэл арга барахдаа бүр ичсэндээ “Х.Тэмүүжингийн хуулийг амьдралд хэрэгжүүлэх боломжгүй” гээд хэд хэдэн хуулийн төслийг нь эгүүлэн татаж байх вэ дээ?. Түүний боловсруулсан хууль нь АНУ-аас хуулбарласан “шоронжсон” хууль байсан гэдгийг тухайн үед хуульчид дуу нэгтэйгээр хэлж, “Эгүүлэн татах нь зүйтэй” гэдэгт санал нийлээд байсан нь ч нууц биш, хэдийнэ ил болсон асуудал байв.

“Х.Тэмүүжин чи онолын балай юм ярьж байх юм. Х.Тэмүүжингийн үгээр Монгол явж болохгүй шүү дээ. Чи хүүхдүүдэд л очиж хичээлээ заа. 25 жилийн түүхтэй парламентыг ийм хүүхдээр тоглуулж болохгүй. Чи шоронд байх ёстой хүн шүү” хэмээн Хуулийн сайдаар ажиллаж байсан Л.Цог УИХ-ын дэд даргын хувиар эгдүүцсэн нь үүний илрэл. Энэ мэт хэд хэдэн асуудлаар Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас огцруулах тогтоолын төслийг О.Баасанхүү гишүүн байхдаа УИХ-д өргөн мэдүүлсэн нь 2014 оны дөрөвдүгээр сар.

Тогтоолын төсөлд сайд Х.Тэмүүжин нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ баталгаажуулахдаа УИХ-ын бүрэн эрхэд халдсан. Хоёрдугаарт, салбарын сайд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж чадаагүй. Гуравдугаарт, 15 настай хүүгээ хуурамчаар бусдад үрчлүүлэн, энэ байдлаа ашиглан төрийн тусгай албан хаагчийн давуу байдлыг өөрт ашигтайгаар ашиглах гэсэн увайгүй үйлдэл байсан хэмээн дурдсан байдаг.

Эдгээрээс хамгийн анхаарал татахуйц 15 настай хүүхдээ бусдад үрчлүүлсэн тухай.

Тодруулбал 2012 оны хоёрдугаар сард тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Х.Тэмүүжин өөрийн 15 настай хүүг Монгол Улсаас Канад улсад суух элчин зөвлөх байсан, “М-Си-Эс” группын дэд Ерөнхийлөгч, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга Л.Элдэв-Очирт үрчлүүлсэн байдаг. Харин 2013 онд уг шийдвэрийг буцааж, Л.Элдэв-Очир Х.Тэмүүжинд хүүг нь “буцааж өгсөн” тухай. Энэ тухай УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир “Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-нд томилогдсон. Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье гэсэн. Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж өгье” хэмээн өгүүлсэн байдаг.

Түүнийг сайдаас огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр одоогийн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа “Ил байгаа нь хүүхдээ хуурамчаар үрчлүүлсэн асуудал байна.

Энэ асуудлаараа Канад улсын хуулийг зөрчсөн байгаа юм. Канад улсын хуулийг зөрчинө гэдэг чинь тэр улс дахь манай элчин сайдын яам, тус улсад байгаа монгол иргэдийн эрх, цаашлаад хоёр улсын хоорондох найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Хувь иргэд бол өөртөө ашигтай байдлаар ямар нэг ийм үйлдэл хийхийг үгүйсгэхгүй. Харин УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд хүн бол ингэж болохгүй” гэсэн тайлбарыг өгч байсан юм. Өөрөөр хэлбэл, Сонирхлын зөрчлийн хуулийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан Х.Тэмүүжин түүнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулсан нь ийнхүү илж болж байв.

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(64.119.21.47) 2021-01-14 21:31:58
hogiin pistaa bas amindaa byatshan daranguilagch turj bailaa sh te
(64.119.25.198) 2021-01-12 16:02:52
Олигтой хүн лав биш!!