Нам нь дэмжвэл С.Ганбаатар Ерөнхийлөгчид дахин өрсөлдөхөө мэдэгджээ

С.Ганбаатар: Хэзээ нэгэн цагт Монгол Улсыг аврах боломж надад олдвол ямар ч байсан эхний ээлжид өргүй болгоно.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж байр сууриа илэрхийлсэн байна.


Тэрбээр "МАХН-ын шударга сэтгэлтэй олон сайхан гишүүн, дэмжигчид үүнийг шийднэ. Хэзээ нэгэн цагт Монгол Улсыг аврах боломж надад олдвол ямар ч байсан эхний ээлжид өргүй болгоно. Ажлын байрыг бий болгохын тулд нийгмийн гурван талт түншлэл буюу Үйлдвэрчин, Ажил олгогч эздийн холбоо, МҮХАҮТ-ийг дээд шатанд гарна.

Томоохон уул уурхайн стратегийн ордуудыг үр ашигтай ажиллуулах гурван том зорилтыг тавьж ажиллана.

Н.Энхбаяр дарга нэр дэвших бүрэн боломжтой, маш их тэвчээртэй хүн. Эрх баригчид Н.Энхбаяр даргаас ухаан алдалтлаа айж байна. Хууль зөрчин байж сонгуульд оруулахгүй арга хэмжээ авсан. МАХН Бага чуулганаа гуравдугаар сард хийж нэр дэвшигчээ тодруулна. УИХ-ын гишүүний ажлаа өгөх ёстой гэвэл хууль номоор нь шийднэ. Би хуулийнх нь зүйл заалтыг дагаж ажиллана" хэмээн ярьжээ.

С.Ганбаатар гишүүний хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан нэгэн.

Харин энэ удаад УИХ-д нэг төлөөлтэй учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж нь МАХН-д хадгалагдаж буй. Үүнтэй холбоотойгоор тус намаас С.Ганбаатарыг дахин нэр дэвшүүлэх үү?, эсвэл өөр нэгнийг өрсөлдүүлэх үү? гэдэг нь асуулт дагуулж байгаа юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд ялтай тооцох хугацаа нь дуусгавар болоогүй гэх шалтгаанаар 2016, 2017, 2020 оны сонгуульд нэр дэвшиж чадаагүй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь хараахан тодорхойгүй болоогүй ч хуулийн заалтын хүрээнд дахин бүдрэх магадлал нь өндөр. Тиймдээ ч С.Ганбаатар уу, өөр нэгэн үү гэдэг нь МАХН-ын хувьд асуудал болж байна. 

Хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН, ХҮН зэрэг дөрвөн намаас нэр дэвшүүлэх боломжтой.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.109.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.