Уран сэтгэмж шигтгэж, ур дүйгээр урладаг “U ONE” брэнд

“U ONE” брэнд улирлын өнгө аястай уялдуулж, тод өнгийг этгээд хэв маягийн загвартай хоршуулан коллекц гаргадаг.

Хийж  бүтээх хүсэл эрмэлзмээр дүүрэн үндэсний үйлдвэрлэл эрхэлж, брэнд бүтээсэн бүсгүйчүүдийг онцолдог “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа “U ONE” үүсгэн байгуулагч И.Үүрийнтуяаг урьсан юм. Үзэсгэлэн төгөлдөр, үргэлж шинийг санаалагч үйл урлагч бүсгүй,эмэгтэй хүний эрхэмсэг гоог илтгэсэн бүтээл  “төрүүлэгч” түүний дотоод сэтгэлд тод өнгийн тансаг цэцэгс дэлбээлж, түүнийгээ загвар болгон “ургуулдаг” гэмээр... Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хувцас загварын салбарт орон зайгаа тамгалж хүмүүний амьдралын хуудсанд өөрийн түүхээ гэгээнээр сийрүүлж явна.


Уул уурхайтай салшгүй холбогдсон гэр бүлд гэрэл нэмж ирсэн охин гуравдугаар ангиасаа хүүхэлдэйндээ хувцас оёж эхэлсэн байна. Уран зурагт дурлаж, уйгагүй зурдаг байсан И.Үүрийнтуяа гэрийнхээ ханаар дүүрэн зураг өлгөдөг урлагийн мэдрэмж сайтай хүүхэд байжээ. Угаас зураг зурах сонирхолтой тэрбээршинэ жилээр сургуулийнхаа ханын зургийг зурдаг сурагч байсан аж. Оросын загварын шоуг  шимтэн үздэг байсан нь ч үүнтэй холбоотой. Түүний ээж уул уурхайн салбарт ажиллахын хажуугаар оёж хатгахдаа хэнийг ч дагуулахгүй ур дүй сайтай  нэгэн учир, найзуудынхаа гуйлтаар захиалга авч, үнэгүй хувцас оёж өгдөг байжээ. Иймд урласан хувцсыг нь индүүдэж, хэрээс хийж, эсгүүр хайчлах зэрэг ажлыг ихэвчлэн охин нь хариуцдаг байв.

Уран ээжийн охинд удмаас нь өвлөгдсөн авьяасыг анзаарсанойр тойрныхон нь “Дизайнер мэргэжилтэй болоорой” гэж ерөөж ирсэн нь түүний сэтгэлд дурсамж болон үлджээ.

Гэвч урлаж шаглах уран үйлст багаасаа дурласан охиноо урлагийн салбар тэр дундаа дизайнер болгохгүй гэжаав нь эрс эсэргүүцсэн шийдвэр гаргажээ. Учир нь, тухайн үед Монголд хувцас загварын салбар өнөөдрийнх шиг шатанд хүрч чадаагүйявсан цаг үе. Тиймээс охиныхоо мэдлэг чадварыг түшиглэн санхүүч мэргэжлийг сонгоход хүргэжээ.

20 мянган төгрөгийн захиалга оёдлын салбар руу хөтөлжээ

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн босгоор алхсан оюутан охиныхоо оёж хатгах хүслийг нь унтраахгүйн тулд ээж нь оёдлын машин бэлэглэж, өөртөө хувцас оёх эхлэлийг тавьжээ. Хувцас, загварын “BURDA” сэтгүүлээс эсгүүр авч өмд, цамц, даашинз зэрэг төрөл бүрийн загварын хувцас урлаад зогсохгүй найзаасаа богино пальтоны захиалга авч 20 мянган төгрөгөөр оёж өгчээ. “Миний амьдралын хамгийн нандин дурсамж бол найзынхаа пальтог өмсүүлж байсан үе. Баярлаж, хөөрч догдолж байсан найзаасаа урам авсан. Үүнээс хойш захиалга авч оюутан ахуйн хэрэглээнийхээ мөнгийг олчихдог болсон” хэмээн тэрбээр ярилаа.

Тооны машинтай нөхөрлөж, томъёолох бодлогыг бодож, хичээлдээ шамдан суралцсан оюутан охины сэтгэлд “Хувцас загварын дизайнер мэргэжлээр заавал суралцана” гэсэн нууцхан хүсэл төрж, хэзээ нэгэн цагт биеллээ олно гэдэгт итгэдэг байжээ. Цаг хугацаа өдөр хоног урсан өнгөрч их сургуулиа амжилттай төгссөн И.Үүрийнтуяа мэргэжлээрээ ажиллахын хажуугаар Урлах эрдэм дээд сургуульд суралцаж, мөрөөдлийнхөө үзүүрээс шүүрчээ. “Ажлынхаа хажуугаар суралцаж эхэлсэн. Гэвч амьдралын шаардлага, ажил мэргэжлээс шалтгаалж, төгсч чадалгүй сургуулиа орхисон” гэв.

No description available.

Хүмүүний амьдралд тохиодог хүндхэн үе түүнийг тойрсонгүй. Хайрт аав нь тэнгэрт дэвшиж, хүүгээ төрүүлж, хэсэг хугацааг гэртээ өнгөрүүлэхэд санхүүгийн асуудал тулгарчээ. Урлах мэдлэг багаасаа хуримтлуулсан учир захиалга авч ээжийнхээ авч өгсөн “SINGER” оёдлын машинаараа оёж эхэлсэн байна.

Хүүхдээ үүрээд хоёр гартаа тор дүүрэн материал бариад алхаж явахдаа “Хэзээ нэгэн цагт Монголдоо өөрийн гэсэн үйлдвэртэй болж, өдөр тутмын хэрэгцээнд нийцэх брэндтэй болно” гэсэн алсыг харсан мөрөөдөл тээсэн нь өнөөдөр биелж, олон бүсгүйчүүдийг гоёсон чамин загвар урлаж, од мэт гялалзаж явна.

Түүний урласан энгэр дээрээ луу хээтэй, хормой хэсэгтээ үсэн оруулагатай хар пальто, тод ягаан өнгийн торгон хүрэм охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж, эрэлт үүсгэж, захиалгууд ар араасаа шил даран орж ирэх эхлэлийг тавьжээ.

Ирээдүйг тодорхойлсон эхийн дэмжлэг

Өрхөөс үндэсний үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй түүнд санхүүгийн асуудал тулгарсан ч найзаасаа багахан хэмжээний мөнгө зээлж, хоёр оёдлын машинаар хүч сэлбэж, ажлын байр түрээсэлжээ. Охин үрээ өөдлөн дэвшиж, үйлс нь бүтэж буйг харсан ээж нь тулж, түших багана нь болж хамтарч ажиллах шийдэлд хүрснээр 2017 онд “U Таilar” урлангаа нээжээ. Энэ тухайгаа “Найзаасаа зээлсэн мөнгөө эргэн төлж, мөрөөдлийнхөө салоноо нээхийн тулд ой гарантай хүүхдээ айлд үлдээгээд ээжтэйгээ хамт хөлс хүчээ дуслуулан ажиллаж, үүнийхээ хажуугаар оёдлын сургалт ч явуулдаг байв. Жилийн дараа хүн хүчээ нэмж, дөрвөн ажилтантай болж, шинэ салондоо орсон. Банкнаас зээл авах гэсэн ч бүтээгүй надад цалингаа цагт нь тавьж, түрээсээ тогтмол төлж, амьдрал бизнесээ авч явахад хүндрэл тулгарсаар байсан.

Ухрах биш урагшлах сонголттой нүүр тулж, асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг хайхын хэрээр захиалга нэмэгдэж, урам зоригтой ажиллаж, захиалагчийнхаа урмын үгээр цэнэглэгдэж, илүү ихийг бүтээх хүсэлдээ хөтлөгдсөн” гэв.

No description available.

Ур ухаан, уран сэтгэмж, ур дүйгээр бүтээсэн бүтээл бүртээ сэтгэлээ шингээж, чамин, чанартай оёхыг эрмэлзсэнээр өдгөө Монголын хувцас загварын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй “U-ONE” брэндээ бий болгоод байна.

Нэрийн тухайд И.Үүрийнтуяагийн урладаг бүтээл хийц чанар сайтай, орчин үеийн загварын чиг хандлагыг шингээсэн, загварлаг, дэгжин, дахин давтагдашгүй цор ганц гэдгийг илэрхийлж ийн нэрлэжээ. “Би бүх загвараа өөрөө гаргаж ээжтэйгээ хамт эсгүүрээ гаргана. Чанарыг эрхэмлэж хамгийн сайн материалыг сонгож, бүтээгдэхүүнээ хийдэг. Хэрэглэгч нартаа өөрөө хүргэж, хүмүүсийн амьжиргааны төвшинд тохируулж үнээ гаргадаг. Боломжийн үнээр чанартай хувцсыг хэрэглэгчдэд хүргэх зорилт тавин ажиллаж байна” гэсэн юм.

“U ONE” брэнд улирлын өнгө аястай уялдуулж, тод өнгийг этгээд хэв маягийн загвартай хоршуулан коллекц гаргадаг. Цув, пальто, шуба, куртик, хүрэм зэргийг түлхүү хийдгээс гадна өдөр тутамд өмсөх энгийн загвар, үндэсний хэв шинжийг орчин үеийн загвартай хослуулдгаараа онцлог юм. Сэтгэлдээ гоё загвар төсөөлөөд, цаасан дээр буулгачихаад гаргах загвартаа тохирох материал хайхад олдохгүй тохиолдол цөөнгүй.

“Манайх үйлдвэрлэгч орон биш учираас түүхий эд материалын олдоц муу, хүссэн загвараа гаргах гэхээр асуудал үүснэ. Эрэл хайгууль сайн хийж солонгос материалын дэлгүүрээс сонголтоо хийдэг. Дизайнер хүн нийгмийн хэрэгцээ шаардлагад дүн шинжилгээ хийж, технологийн шинэ шийдлүүдийг зохион бүтээж, гоёл чимэглэлийн дизайн, элементүүдийг боловсруулж, өнгө материалыг уялдуулж, загварын чиг хандлагт хөрөнгө оруулж, хэрэглэгч нарын хүссэн дүр төрхийг бүтээдэг сайхан мэргэжил” хэмээн ярилаа.

No description available.Жилээс жилд бүтээгдэхүүн үйлчилгээндээ анхаарал хандуулж, ахиц дэвшилтэй ажиллаж байгаа И.Үүрийнтуяа үйлчлүүлэгчдээсээ шүүмжлэлээс илүү магтаал, талархалын үгсийг их сонсоно. Ээжтэйгээ эхлүүлсэн ажил нь өнөөдөр найман ажилтантай болтлоо өргөжин тэлжээ. Ажлын амтанд орж, амжилтын зам руу өгсөж яваа тэрбээр “U ONE” дэлгүүрээ хөдөө орон нутаг, 21 аймагтаа нээж, урд, хойд хөрш рүү гаргах зорилго тээн хөдөлмөрлөж байна. Мөрөөдлийнхөө зүг итгэл өвөртлөн алхаж явсан бүсгүй “Танд ногдсон хором мөч бүхэн хязгаартай. Тиймээс зоригтой шийдвэр гаргаж, ажлаа чин сэтгэлээсээ тууштай,шантрахгүй хийвэл хэзээ нэгэн цагт хүссэн уулынхаа оргилд гарцаагүй хүрнэ” гэдгийг үеийнхэндээ үйлдлээрээ харуулж байна.

Залуус бидний мөрөөдөл илүү бодитой алсыг харсан, хариуцлагатай байх ёстой.  Дэлхийн хэмжээнд сэтгэж өрсөлдөх хэрэгтэй. “Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна” гэсэн үгийн утгыг И.Үүрийнтуяа өөрийн ажил, амьдралын замналаар үлгэрлэн харуулж байна.

No description available.

No description available.

 

No description available.

No description available.

No description available.No description available.No description available.No description available.

Сэтгэгдэл: (6)
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Suugii (66.181.161.47) 2021-01-17 23:29:28
Ulam ih amjilt husey urgelj demjdeg shuu
Uuree Uuree (66.181.161.103) 2021-01-17 22:27:13
Үнэхээр уран мундаг ухаалаг дүүдээ амжилт хүсье
Battuul (59.153.115.143) 2021-01-17 20:24:52
Үнэхээр уран ухаалаг дүүгээрээ бахархаж байна шүү амжилт хүсье
Etuul (103.26.195.50) 2021-01-17 17:58:30
Vneheeer mundag hudulmurch daichin bvsguishvv amjilt
tseynoidow buynjargal (202.131.229.35) 2021-01-17 17:38:01
Мундаг юмаа Маш гоё загварууд амжилт хүсье
(202.126.89.84) 2021-01-17 16:52:58
Mundag shuu.Amjilt husiye.