"Ерөнхийлөгчийн алдаа, буруу бодлогыг хэлж болохгүй гэж үү?"

Д.Мөнх-Эрдэнэ: Ц.Туваан Х.Баттулгатай эртнээс ойр дотно, Ерөнхийлөгчийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхад нь дэд сайдаар нь ажилладаг байсан шүү дээ.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдсөн. Сонгуулиас хойш нэг хэсэг нам жим байлаа. Ер нь өнгөрсөн сонгууль ямар өнгө, аяс дүр зурагтай болж өнгөрөв.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө намайг дэмжсэн Хонгор нутгийнхандаа баярлаж байна. Өнгөрсөн сонгуулиар миний нэр дэвшсэн тойрог Баянхонгор аймагт хүчтэй өрсөлдөөн болсон. Би анхны сонгуульдаа оролцсон. Сургамжтай  зүйл ч олон байв.  Манай тойргийн сонгуулийн өрсөлдөөнд Төрийн хоёр өндөрлөг шууд болон шууд бусаар оролцсон. Мөн Монголын томоохон компани болон гадаадын хөрөнгө оруулалттай компанийн төлөөллүүд ч өрсөлдсөн.  Тэгэхээр хүчтэй өрсөлдөөн болох нь аргагүй биз дээ.  УИХ-ын дарга дэвшиж олонхийн санал авсан.  Ерөнхийлөгчийн зөвлөх гэх сэтэр зүүсэн утсан хүүхэлдэйнүүд Ерөнхийлөгчийн шууд дэмжлэгтэйгээр нэр дэвшсэн. Төрийн тэргүүн тэдэнтэйгээ  зураг хөргөө авахуулаад л бараг өөрөө өрсөлдөж байгаа аятай сүр үзүүлж утсан хүүхэлдэйнүүдийнхээ сонгуулийн сурталчилгаанд оролцсоныг бүгд харсан байх.  Компаниудын хувьд “MCS”-ийн төлөөлөл,Хятадын хөрөнгө оруулалттай компани төлөөллүүд ч нэр дэвшицгээсэн шүү дээ. Мөн бие даагчид болон бусад намууд гээд 20 орчим хүн өрсөлдсөн. Сонгуулийн үеэр  мөнгө тараалт гэдэг жинхэнэ утгаараа  манай тойрогт явагдсан даа.

-Ерөнхийлөгчийн талаас зөвлөхүүд нь нэр дэвшиж харагдсан. Яагаад утсан хүүхэлдэй гэж?

-Улстөрч хүнд зөвлөх гэдэг чухал хүн байдаг. Ялангуяа Төрийн тэргүүн хүнд зөвлөнө гэдэг нэр төдий оромдох зүйл биш. Ерөнхийлөгчид зөвлөх хүмүүс өөрөөс нь илүү эрдэмтэн, доктор,академич, шинжлэх ухааны зүтгэлтнүүд байх ёстой гэж би ойлгодог. Одоогийн Ерөнхийлөгчид хэдэн чадваргүй утсан хүүхэлдэйнүүд л тойрон хүрээлж байгаа дүр зураг харагддаг.Тэд нар нь далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орохоос өөрийг хийж чадахгүй, тийм хүмүүс угаасаа чадваргүй хүмүүс байдаг шүү дээ. Амин найз нь хэлж байсан санагдаж байна хүний нөөцгүй хулгайчийн нөөцтэй гэж. Чадваргүй хүмүүсийг тавьж буруу л зүйл хийлгэдэг биз чадалтай хүмүүс угаасаа хүний утсан хүүхэлдэй болж буруу зүйл хийдэггүй юм.

-Та бол АН-ын гишүүн. Яагаад намаасаа мандат авч чадаагүй юм бэ?

-Зарим нэг хүний хувийн эрх ашиг нөлөөлсөн. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга намын дарга С.Эрдэнэд нөлөөлж манай тойргийн мандатыг зөвхөн өөрийнхөө зөвлөхүүдэд өгсөн. С.Эрдэнэ дарга энэ асуудлаас болж Төрийн тэргүүнтэй муудахыг хүсээгүй байх. Далдуур ийм л зүйл болсон юм билээ.

-Миний мэдэхийн 2012 оны сонгуульд та мөн нэр дэвших байсан. Гэвч мандат өгөөгүй, харин намынхаа нэр дэвшигчдийг дэмжиж оролцож байсныг санаж байна?

-2012 онд намын дүрмийн дагуу дунд шатны намын гишүүдээс сунгаанд орж одоогийн “бидон” Д.Ганбатыг үнэмлэхүй ялж байлаа. Би тэр үед намын дэнчин болох 50 сая төгрөгөө тушаагаад сонгуулийн өрсөлдөөнд ороход бэлэн болоод байв. Гэтэл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Намын дүрэм гэж байдаггүй юм аа” гээд тухайн үеийн намын дарга Н.Алтанхуягт шахалт үзүүлсээр байгаад миний мандатыг булааж авч байсан. Н.Алтанхуяг даргаас би “Миний мандатыг яагаад Д.Ганбатад өгчихөв” гэхэд “Танай Женко “Би дошоо мэдье гэсэн” гэсэн. Тэр үед бид намынхаа эв нэгдлийг бодоод чимээгүй өнгөрөөсөн. Дош гэдэг нь миний ойлголтоор төрж өссөн газраа хэлдэг. Баянхонгор аймагт төрсөн, өссөн жинхэнэ дошны унаган хүүхэд нь уг нь би юм. Харин Х.Баттулга бол Улаанбаатар хотод төрсөн, Яармагт өссөн, тэндэхийн дошны хүүхэд. Сайхан аавынхаа нэрээр манай нутгаас гурван удаа УИХ-д сонгогдлоо. Монгол Улсын Төрийн тэргүүн ч боллоо. Гэхдээ тэглээ гээд сэтгэл нь ханахгүй байна. Одоо болтол мандат энэ тэрээр оролдож,  зууралдаад байгааг хараад гайхах юм. Х.Баттулга ханаж цаддаггүй шуналтай хүн юм.

ӨНӨӨДӨР АН-ЫГ ХУВЬЧЛАН АВЧ, УЛС ТӨРИЙН НАМЫГ ХАЛААСЛАХ ГЭЖ БАЙНА

-АН ирэх дөрвөн жил парламентад сөрөг хүчний байр суурьтай байх нь. Одоогийн сонгогдсон АН-ын гишүүд хүчтэй сөрөг хүчин байж чадах болов уу?

-Нам парламентад хэдэн суудал авна тэр дунд ямар чадалтай гишүүд сонгогдсон бэ гэдгээс сөрөг хүчний хүч чадал харагдана. Гэтэл одоо манай намын сөрөг хүчин С.Ганбаатар, Т.Доржханд нарын бие даагч гишүүдийн нэгнийх нь хэмжээнд ч хүрч ажиллаж чадахгүй байна. Аргагүй юм даа. “Бидон” Д.Ганбат бүлгийн дарга хийхээр яаж хүчтэй сөрөг хүчин байж чадах вэ дээ. Үлбэгэр байна, сул байна. Би УИХ-ын сонгуулийн өмнө намаа цэвэршээсэй, шинэчлэгдээсэй гэж хүсч байсан. Зөвийн төлөө өөрийн үзэл бодолдоо тууштай зогсдог, дарга дагадаггүй ийм хүмүүсээ нэр дэвшүүлээсэй гэж хүсч байсан. Харамсалтай нь, ийм нэр дэвшилт аль аль намд болоогүй. Ер нь улс төрд ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийн төлөөлөл байх ёстой.  Тэгж байж төлөөллийн ардчилал бий болно.  Тэд харин яг өөрсдийн цэвэр үзэл баримтлал, мэдлэг боловсрол, итгэл үнэмшил, шударга үнэн, зоригтой байдлаараа улс төрд орж ирэх ёстой.  Түүнээс биш хүнд чирүүлээд, крандуулаад, утсан хүүхэлдэй болж орж ирсэн ийм хүмүүсээс улс эх орны хөгжил дэвшил хүлээнэ гэдэг хэцүү л дээ.

-Одоогийн АН-ын нөхцөл байдал бас хүндхэн байх шиг байна. Тамга тэмдгээ булаацалдлаа л гэх юм. Энэ үйл явцыг та хэрхэн харж байна вэ?

-Нам шинэчлэгдэж байж, намаар дамжин улс хөгжих ёстой гэж би хардаг. Тэгэхээр улс төрийн намууд шинэчлэгдэх ёстой.  Харамсалтай нь үе үеийн намын дарга байсан хүмүүс өөрийнхөө эрх мэдлийн төлөө явж ирсэн. Гэхдээ намын дарга төгс хүн байх албагүй. Буруу бодож болно, түүнийг нь намын гишүүд ҮБХ-ны гишүүд хэлдэг байх ёстой. Бүгдээрээ ярилцвал буруугүй, бүлээн  усаар угаавал хиргүй гэдэг шиг олонхоороо ярилцдаг, шийдвэр гаргадаг тийм л намын дарга байх ёстой. Энэ бол угаасаа ардчиллын тулгуур зарчим. Гэтэл яг энэ зарчмаараа ажиллаж чадахгүй байна. Дотроо хэд хэдэн фракцтай. Гишүүд нь фракцынхаа даргын эрх ашгийг хангасан ийм л асуудал манай намд нүүрлээд байна.

2016 онд АН З.Энхболд даргатай УИХ-ын сонгуульд орсон. Дарга тухайн үед дүрмээ биелүүлээгүй. 2014 онд УИХ-ын даргын албан тушаалаар түрүү барьж, хууль хүчний байгууллагаар айлгаж зүтгэсээр байгаад Н.Алтанхуяг даргаас намын удирдлагыг булааж авсан. Тухайн үед би З.Энхболд даргыг шүүмжилж байсан.   Тэгээд яав, АН үнэмлэхүй ялагдлаа. 2020 оны сонгуульд мөн л С.Эрдэнэ дарга энэ алдааг давтаж, АН дахин үнэмлэхүй ялагдлаа.

Шонхор фракц,  Х.Баттулга нарын дөргүй бух шиг хар муйхар аргаар зүтгэдэг ийм тэнэг бодлогын гайгаар нам ялагдаад өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн. Одоо дахиад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нам руу савраа дүрээд эхэлсэн байна. Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан зөөлөн хүн. Ийм хүнийг дөрлөж, утсан хүүхэлдэйгээ болгоод авсан. Ц.Туваан өнгөрсөн хугацаанд намын сунгааг хийлгээгүй. Орон нутгийн сонгуульд ороод ялагдсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байхад нам хоёр тамгатай, нэг үүрэг гүйцэтгэгч, нэг даргатай ийм нөхцөл байдлыг дахиад Х.Баттулга үүсгэж, намаа хорлож байна. Х.Баттулга өнөөдөр АН-ыг хувьчилан авч, улс төрийн намыг халааслах гэж байна. Тэр өнөөдөр өөрийн утсан хүүхэлдэй Ц.Туваанаар намын дүрэм зөрчиж,  ХЭГ-ын даргыг томилуулж, АН-ын хувьчлан авах гэж байна. Бүх зүйлийг дүрмийн дагуу явуулж, намын даргын сунгаа явуулсан бол өнөөдөр АН-д ийм нөхцөл байдал үүсгэхгүй байлаа.

-Гэхдээ С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын энэ хэрүүл маргаан хэнд ашигтай вэ. АН дахиад л хагарч бутарч байна шүү дээ?

-Ц.Туваан Х.Баттулгатай эртнээс ойр дотно, Ерөнхийлөгчийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхад нь дэд сайдаар нь ажилладаг байсан шүү дээ. Ц.Туваан АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч болонгуутаа Х.Баттулга Ерөнхийлөгчийн  Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөхөөр гурван жил ажилласан Д.Пүрэвдавааг нийслэлийн Ардчилсан намын дарга болгосон. Эндээс жинхэнэ эмгэнэлт жүжиг эхэлсэн. АН-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаяртай эвсэх хүртлээ доошоо орж, орон нутгийн сонгуульд ялагдсан. Даргагүй болсон. АН-ын Их хурал гэгчийг хуйвалдаан маягаар зохион байгуулж, дүрэмд өөрчлөлт оруулсан. Ардчилсан намын дүрмийн 5.12.4.2-т “Намын анхан, дунд шатны гишүүдийн саналд үндэслэн намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн нууц санал хураалтаар шийдвэрлэх” гэж нарийвчлан зааж өгсөн байсан. Гэтэл үүнийг  өөрчилж, АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2 т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал, ҮБХ-оор шууд өрсөлдөгчгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх гэсэн заалт шинээр оруулсан. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга АН-аас ямар ч өрсөлдөөнгүй нэр дэвшихийн тулд л Ц.Туваанаар дамжуулан намынхаа дүрмийг хүртэл хулгайгаар өөрчилж ийм хөгийн юм хийж байна шүү дээ.

-Ерөнхийлөгч Х.Баттулгад намын гишүүдээсээ айх шалтаг шалтгаан бий гэж үү?

-Айж байгаа учраас л ил тод, нээлттэй өрсөлдөхөөс татгалзаж, намын дүрмийг өөрчилж байгаа шүү дээ. Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч болсноор Бямбасайхан, Болор нарын залуус хэлмэгдэж зарим нь бүр эх орноосоо дүрвэлээ. Дээр нь түүний оффшор хөрөнгө, өмч хувьчлалын булхай, тендерийн мөнгө гэх мэт олон факт ил болоод байна. Нөгөө талаар Х.Баттулга намаа ялагдал хүлээхэд маш том үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Үүнийг АН-ынхан маш сайн мэдэж байгаа.

-Х.Баттулга намын дарга хийж байгаагүй. Намын ялагдалд яагаад буруутай гэж?

-Та нар сана даа. 2014 онд Х.Баттулга Н.Алтанхуягийн Засгийн газрыг заналтайгаар огцруулж байсан. Төрийн ордонд архи, тамхи, секс ярьдаг өөрийн фракцын хүүхэнтэйгээ хамт эсрэг санал өгч огцруулсан. Шонхорынхон буюу С.Эрдэнэ, С.Одонтуяа, “Бидон” Д.Ганбат тэргүүтэй гишүүд ч тухайн үед Засгийн газрын огцруулах хуралдаанд санаатайгаар орж ирээгүй. Үүнээс болж 2014 онд, АН-ын одоогийн энэ ялагдлын суурь тавигдсан юм. Гэтэл намын дүрмийг зөрчиж явсан эдгээр нөхдүүд намаас Ерөнхийлөгчид болон УИХ-д дахин дахин нэр дэвшиж болдог.  Дүрмийн дагуу явж, дэнчин мөнгийг нь өгч алдаа оноог нь хэлсэн хүнд дүрмийн бусаар мандат өгөхгүй гэдийдэг. Энэ шударга уу. Өөрийн намын Засгийн газраа унагаах хуйвалдаанд оролцож явсан урвагчид одоо УИХ-ын дэд дарга, АН-ын бүлгийн дарга хийгээд явж байх жишээтэй. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаагүй байсан бол 2016 онд 65 суудлаар ялагдахгүй байсан. Мөн С.Эрдэнэ гэж хүн намын дарга болохгүй байсан. 2020 оны сонгуульд одоогийнх шиг ингэж 62-оороо ялагдахгүй байсан ч бил үү. Гэхдээ өнгөрсөн юм ярих гэдэг утгаараа биш үнэн түүхийг сануулах үүднээс залуустаа үзэл бодлоо хуваалцаж, зарим зүйлийг тодруулан хэлж байна. Ингэхгүй бол залуус маань буруу мэдээлэлтэй болоод, бурууг дагаж яваад байгаа байдал ажиглагдаж, энэ нь АН-ын хагаралыг бий болгоод байна.

Ялагдлын гол шалтгаан нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга байсан. Манай залуучууд саяхан болсон энэ түүхийг мартаад одоо Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч гээд л гүйгээд байдаг. Биднийг ялагдалд хүргэсэн хүн хэн бэ гэдгийг олоход уг нь ийм амархан. Х.Баттулга гэдэг хүн АН-ын түүхэнд ямар гавьяа байгуулсан юм бэ гээд хайвал гай нь л их.

Нэгэн цагт Ц.Нямдорж гуай юу гэж хэллээ. “Өөрийн хүмүүсээ далдуур түгжилддэгээ болиоч. Хүн чанартай бай гэх утгатай үгийг хэнд хэлж байлаа” даа. Ц.Нямдорж хэлсэн болохоос үнэн хэлж байсан. Тангаргийн буг, Шүгдэн, Мүүнчин, Сайн ах, гэж хэн хэнийг, хэний ямар баг цензургүй худлаа баахан гүжирдсэн билээ. Сайн санаж байгаа биз дээ.

Х.БАТТУЛГА ТИЙМ ШУДАРГА ХҮН ЮМ БОЛ ӨӨРИЙНХӨӨ ОФФШОРТ БАЙГАА МӨНГИЙГ ОРУУЛЖ ИРЭЭД, ЦАР ТАХЛЫН ҮЕД ЯДАРСАН ЭДИЙН ЗАСАГТАА НЭМЭР БОЛОХ ХЭРЭГТЭЙ

-Сүүлийн үед Ерөнхийлөгчийн оффшор компанийн асуудал яригдаж эхэллээ. Оффшор дахь хөрөнгийг Монгол руу татна гэж ярьж Ерөнхийлөгч болсон.  Тийм компани байгаа юм болов уу?

-Олон улсын мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компанийн тухай бичсэн байна лээ. Би хэвлэлийн л мэдээлэлтэй байна. Гэхдээ Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч нэгдэл” болон гадаад дотоодын хэвлэлүүдэд гарсан нэлээд олон мэдээллийг уншсан. Х.Баттулга анх “Улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн оффшорт нуусан хөрөнгийг Монголд оруулж ирнэ. Оруулж ирээгүйд нь хариуцлага тооцно” хэмээн уулзсан хүн бүртээ амлалт өгч явсаар Ерөнхийлөгч болсон. Гэтэл өөрөө оффшор бүсэд нууц компанитай нь ил болж байна. Өнөө “Хулгайч л хулгайчийг бариарай гэж хашгирдаг” гэгчийн үлгэр болоод байна. Хамгийн ноцтой нь “Женко Холдинг Пи-Ти-И” компани нь Ерөнхийлөгч Х.Баттулгын гадагшаа гаргасан хууль бус мөнгийг угаадаг компани байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр зам барих нэрээр зарцуулсан  440 сая ам.доллараас 55 тэрбум төгрөг гадаад руу гарсан гэдэг гэдэг яриа хаа сайгүй хөвөрч байна. Энд ч но-той зүйл их биш. Тэгэхээр Х.Баттулгад итгэх итгэл алдагдчихаад байгаа юм.

-Иргэд Ерөнхийлөгч Х.Баттулгыг оффшорчидтой тэмцдэг шударга хүн гэж саяхныг хүртэл ойлгож байсан шүү дээ?

-Харамсалтай нь тийм. Ерөнхийлөгч болмогцоо “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна” хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байсан. Гэтэл хятадуудтай нийлж, өөрийнхөө төрсөн охины нэр дээр оффшор компани байгуулснаа нуучихсан л сууж байна. Хуулийн дагуу Х.Баттулга энэ үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх учиртай шүү дээ. Нөгөө талаар Х.Баттулга тийм шударга хүн юм бол өөрийнхөө оффшорт байгаа мөнгийг оруулж ирээд цар тахлын үед ядарсан эдийн засагтаа нэмэр болох хэрэгтэй шүү дээ.

-Ерөнхийлөгчийн санаачилсан Төмөр замын бүтээн байгуулалт Монгол Улсын хөгжлийн гарц болж чадах уу?

-Шуудхан хэлэхэд чадахгүй. Төмөр замын бүтээн байгуулалтыг хамгийн их гацааж байсан хүн нь Х.Баттулга өөрөө юм. 2008 онд хувийн хэвшил бизнесийнхээ зарчмаар хийчих байсныг Х.Баттулга сайд байхдаа төрийн өмнөөс давхиж ороод саад, тушаа болсон.  Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Тэр үед төмөр замаа барьчихсан бол өнөөдөр Монголын хөгжил өөрөөр харагдах байлаа.  Гаднаас өр зээл тавьж, хүүнд нь унаж, хар саарал жагсаалтад орж, олон улсад муу муухай харагдахгүй байлаа. Өнөөдөр тэр хүн дахиад төмөр зам яриад сууж байна. Энэ төмөр замын ард асар их мөнгө угаалт явагдаж байгаа гэж сонссон. Би тэгж хардаж байна. Өмнө нь 280 сая ам.долларын төмөр замын ажил дээр мөнгө угаалт явагдсаныг манай хууль байгууллагынхан нотлоод баримтжуулаад хэрэг үүсгээд шалгаад явж байсан.  Манай хуулийнхан үндэслэлгүй зүйлийг шалгана гэж байхгүй.  Хэд хэдэн хүнийг баривчлан шалгаж байсан.  Тэгээд одоо өмнөх төмөр замд саад тушаа болчихоод  урдахаа тавиагүй байж, ахиад аймаг сум хооронд төмөр зам тавьж байна. Энэ бол том тэнэглэл. Том мөрөн гол байлаа гэхэд эхлээд гүүрээ тавина биз дээ. Түүн шиг эхлээд хил рүүгээ, гарц руугаа, зах зээл рүүгээ төмөр замаа тавих ёстой юм. Гэтэл “Эрдэнэс Тавантолгойн” нүүрснээс орж ирсэн жоохон орлогоороо өгөөжөө мөд өгөхгүй, гарц руугаа биш өөр зүг рүү төмөр зам санаачлаад сууж байдаг. Хэн ч ойлгохгүй тэнэг бодлого шүү.

-Тэгэхээр одоогийн явж байгаа төмөр зам бидэнд үр өгөөж өгтөлөө удна гэсэн үг үү?

-Манайх төмөр замаа зөв гарцаар барьж, автозамын тээвэртэйгээ нүүрсээ зэрэг зөөхгүй бол нүүрсний экспорт жилээс жилд хумигдаж байгааг ойлгох хэрэгтэй. Олон улсад гэхэд саяхандаа Австрали улс Хятадтай үл ойлголцоод “хэрэглэгч хаан” гэдэг онолоор худалдан авагч орон нүүрс авахгүй гэсэн албан ёсны шийдвэр гаргахад борлуулагч оронд яаж нөлөөлж байгааг бид бүгд харлаа. Тэгэхээр худалдан авагч дэлхийн том зах зээл хажууд байгаа гэсэн үг биз дээ. Тэгвэл зах зээл рүү гээ төмөр замаа тавьж нийлүүлэлтээ нэмэгдүүлэх нь зөв болж байна даа. Төмөр замын одоогийн хамгийн боломжит хувилбар нь нүүрсний ордуудаас шууд хил рүүгээ төмөр замаа тавих нь чухал. Эхлээд “Тавантолгойгоос-Гашуунсухайт”-ын боомтын нөгөө хэл амтай төмөр замаа ашиглалтад оруулаад, дараа нь “Зүүнбаянгаас-Хангимандал”-ын боомт руу төмөр замаа тавих хэрэгтэй. Тэгснээрээ тэр хэсгийн нүүрс, төмрийн хүдэр, жоншны экспорт шууд эрс нэмэгдэнэ. Тавантолгойн ордоос орж ирж байгаа шиг орлого манай эдийн засагт нэмэгдэж орж ирнэ гэсэн үг. Хангимандалын боомтой Өвөрмонголд байдаг БНХАУ-д эхний тавт ордог Бугатын төмрийн үйлдвэр том хэрэглэгч ойрхон.  Энэ бол маш том давуу тал байна. Дараа нь Хөөтөөс Бичигтийн боомт руу төмөр замаа тавибал Сүхбаатар, Дорнодын районы нүүрсний болон уул уурхайн бүтээгдэхүүн Бичигт, Зүүн хатавч боомтоор гараад урд хөршийн далайн зүүн эрэг орчмоор байдаг төмрийн томоохон үйлдвэрүүдийн зах зээлд шууд нийлүүлэгдэхэд дөт зам болно. Энэ дарааллаар төмөр замуудаа баривал зөв гэж бодож байна. Энэ миний л бодол. Гэхдээ тооцоо судалгаагаа хийгээд боломжтой үгүйг улс төржүүлэхгүйгээр зөв бурууг гадны шинжээчдээр судлуулсан ч энэ хувилбарыг л хэлнэ. Яагаад гэвэл энэ цэвэр зах зээлийн онолоор борлуулалт эрэлтээ дагадаг юм. Түгээлтийн үр ашигтай байдал энэ тэр гээд их юм бий.

Тэгээд хангалттай орлого олоод өр ширээ дараад, Монгол Улс мөнгөний асуудалгүй болсон үедээ Ерөнхийлөгч Х.Баттулгын олон жил боловсруулсан “Тавантолгойгоос-Чойбалсан-хүртэлх Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн дөрвөн аймгийн газар нутгаар нийт 1065 км явах мөрөөдлийн төмөр замын төслийг биелүүлж болох юм. Тэгээд 1000 гаруй км төмөр замаар төмөр зам дагасан аймгуудын нүүрс ОХУ-ын хил дээр очлоо гэхэд Эрээнцаваас Владивосток хүртэл ОХУ-ын нутгаар 3000 орчим км зам туулна. Тэгээд Владивостокоос бид аль оронд нүүрсээ борлуулах уу гэдэг нь бас л мөрөөдлийн асуудал.

Инээдтэй нь хүний нутаг дээгүүр тээвэрлэж, баахан татвар хураамж төлж зовж зовж Владивосток боомт дээр очлоо гэхэд манай нүүрсний үнэ тэнгэрт тулсан үнээр очно гэсэн үг. Тэгээд оросын өөрийнхөн нүүрстэй үнэ өртгөөрөө өрсөлдөх боломжгүй болно хар ухаанаар бодоход хэнд ч ойлгомжтой. Х.Баттулгын мөрөөдөл болсон энэ төмөр замыг тавилаа гэхэд Монгол Улсад эдийн засгийн үр ашиггүй. Гэсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаянгаар дамжуулан Чойбалсан хүртэл төмөр замыг зүтгүүлээд байдаг. Наад захын нягтлан бодогчоор аргачлалыг нь хэлээд бодуулахад ч бидний энэ яваа насанд ашгаа өгөхгүй чиглэлийн төмөр замыг зүтгүүлээд байх юм. Тэгээд бас болоогүй ээ. Зууны бүтээн байгуулалт гэж хошгоруулаад байдаг. Үнэндээ ямар ч тооцоо судалгаагүй, алсын хараагүй бүтээн байгуулалт гэж хэлнэ. Аргагүй дээ. Манай Ерөнхийлөгч наймдугаар ангийн боловсролтой. Зах зээлийн эдийн засаг, тооцоо судалгаа ойлгохгүй учраас өөрийнхөөрөө муйхарлаж, зүтгэх нь аргагүй. Энгийн жишээ хэлэхэд л Монгол Улсын баруун хязгаар Увс аймгаас Зүүн хязгаар Дорнод аймагт хонь аль аль аймагт нь адилхан 100 мянган төгрөг байлаа гэж бодоход Увсаас Дорнод аймаг руу хонь борлуулаад явж байдаг малчин ч байхгүй шүү дээ. Малчнаасаа дор сэтгэдэг Төрийн тэргүүн байна даа. Нүүрсээ олон мянган км зам холдуулж оросоор дамжуулж дэлхийн зах зээлд гаргана гэнэ. 4000 гаруй км-т нүүрс битгий хэл алтны хүдэр зөөсөн ч ашиггүй шүү дээ.

-ОХУ руу яагаад гаргаж болохгүй гэж. Нэг газраас хараат байх нь буруу биш үү?

-Оросын төмөр замын тариф өндөр. Өөрсдөө хангалттай түүхий эдтэй. Манай нүүрсийг өөрийн нүүрсний урдуур оруулаад зөөгөөд зогсоно гэж байхгүй. Женкогийн мөрөөдлийг биелүүлж хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгүй тооцоо судалгаагүй, төмөр замд одоогийн нүүрснийхээ хамаг орлогыг өгөөд л дуусч байна даа. Өмнө нь энэ хүн Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 240 км замыг 280 сая ам.доллараар барих төсөл санаачилсан. Тэгээд Чингис бондоос мөнгө авсан ч барьж чадаагүй. Гэтэл одоо өнөөдрийн ханшаар “Тавантолгойгоос- Зүүнбаян” хүртэлх 414 км замыг 750 тэрбум төгрөг “Эрдэнэс Тавантолгой”-гоос 20 жилийн хугацаатай хүүгүй зээл авч барьж байна гэх юм. Үүнийг нь хувааж үзэхээр 270 орчим сая ам.доллароор бараг нэг дахин их 400 гаруй км замыг барьчихаж байгаа юм биш үү. Өмнө Чингис бондоос гаргуулж байсан 280 сая.ам доллараараа 200 гаруйхан км замаа яагаад барьж чадаагүй юм. Энэ том зөрүү харагдахгүй байна уу.

-Монголын улс төр ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалж эхэллээ.  Таны хувьд энэ сонгуульд ямар хүн нэр дэвшээсэй гэж бодож байна вэ?

–Монгол Улсын Ерөнхийлөгч хүн эх орноо олон улсад төлөөлдөг, дэлхийн хэмжээний гадаад бодлого боловсруулах чадвартай хүн байх ёстой. Тийм хүмүүс нэр дэвшүүлээсэй. Саяхан АН-аас нэр дэвших саналтай байгаагаа Ц.Оюунгэрэл мэдэгдлээ. Миний хувьд дэмжиж байна. Боловсролтой, нэр цэвэр улс төрч. Ямар ч орны Төрийн тэргүүнтэй нүүр улайхгүй ярьчих байх. Ядаж л өөрийгөө ойлгуулж чадна. Харин одоогийн Ерөнхийлөгч маань дэлхийн хэмжээнд сэтгэж чадахгүй, өөрийн биеийн хүчийг урьтал болгосон хүн. Монгол Улс ийм Төрийн тэргүүнтэй хол явахгүй. Монгол Улсын хөгжил дэвшилд чөдөр тушаа л болохын нэмэр. Хамгийн наад захын жишээ ярихад, хөрш орнуудаа харъя л даа. БНХАУ-ын дарга таван жилийн дотор 60 сая иргэдээ ядуурлаас гаргалаа. Нэг өдөр бизнес хийж үзээгүй атлаа төрийн албанд ороод баяжсан, хөрөнгө орлогоо тайлбарлаж чадахгүй авлигачдынхаа хөрөнгийг улсын орлого болголоо. Энэ бол популизм биш. Ардчилсан нийгэмд бүх зүйл ил тод байх ёстой юм. Манайд харамсалтай нь эсрэгээрээ. Бизнес эрхэлж, татвар төлдөг хүмүүс нь өөдөө дээшээ гардаггүй, төрд дарга хийсэн хүмүүс нь л баяжаад байдаг. Ард түмэн ядуу байхад яам тамгын газраар дүүрэн брэнд хувцас өмссөн баян хурган дарга нар байна. Тэгэхээр төр тийм их мөнгө тарьдаг газар юм уу. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаа бол Монголын хөгжилд нэг суурь цутгах хугацаа мөн үү гэвэл мөн шүү дээ. Харин одоогийн Ерөнхийлөгч Монгол Улсын хөгжлийн төлөө юм хийж чадсангүй. Би ингэж л харж байна.

-Та олон хүнд шүүмжлэлтэй байр сууринаас ханддаг. Тухайлбал, 2014 онд З.Энхболд, 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан нартай нэлээд үзэлцэв. Мөн өнгөрсөн сонгуулийн өмнө АН-ын дарга С.Эрдэнийн үйл ажиллагааг нэлээд шүүмжилж байсан. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүмжиллээ. Таныг хүн болгонтой муудаад явдаг юм болов уу ч гэж харах юм?

-Энэ бол эрх чөлөөт ардчилсан нийгэм. Тэр ч утгаараа болж бүтэхгүй байгаа зүйлийг нь дарга нарт голдуу шууд хэлчихдэг. Худлаа дүр эсгэсэн, шударгын дүрд тоглосон, поп нөхдүүдийг хараад дуугүй байж чаддаггүй. Иргэд олон нийтэд үнэн худлыг ойлгуулах нь юу нь буруу гэж. Мэдээлэлд ойрхон хүмүүс нь иргэний хувиар зарим нэг хүний багыг хуулж байх хэрэгтэй. Би эдгээр хүмүүсийг эрх мэдэлтэй байхад нь бүгд УИХ- гишүүн,УИХ-ын дарга ,намуудын дарга, Төрийн сайд байхад нь алдааг нь хэлж байсан тэгнэсээр иргэд хэн гэдгийг нь мэдээд сонгоогүй төрөөс холдуулсан. Одоо эдгээр хүмүүс жирийх иргэн болсон алдаагаа ухаарцгаасан байлгүй дээ. Түүнээс хэн нэгнийг албан тушаалаа өгөөд хэн ч биш болсны дараа араас нь тодроод попроод байх бол эр хүний зан биш.  Монгол эр хүнд унасан нэгнээ дахиж дэвсдэг зан байж болохгүй. Ерөнхийлөгч Х.Баттулгын буруу бодлогыг ардчилсан орны иргэний сонгогчийн хувиар алдааг хэлж болохгүй гэж үү.

-Та Ерөнхийлөгчтэй нэг нам, бас нэг нутаг усны хүмүүс. Юуны учир ийм хатуу байр, суурь илэрхийлэх болов оо?

-Алдаа оноо байвал нэг нутаг, нэг нам гэхгүй иргэний зориг гаргаж шударгаар хэлэх ёстой. Зөв байвал нэг аймаг, нэг нам гэхгүйгээр зөвийг нь бас сайшаана. Ерөнхийлөгч Х.Баттулга манай аймгаас УИХ-д гурван удаа сонгогдож байсан. Тэгээд Баянхонгор аймаг маань өөрчлөгдсөн зүйл алга. Өнгөрсөн хугацаанд "Шинэ сум” төсөл санаачилсан. Санаа нь зөв байсан ч үйлдэл нь буруу байсан. Канадаас Монголд мод ирээд бүх сумыг шинэчилнэ гэж байх уу. Канад стандарт технологи өртөг, өндөр талийж өгнө биз дээ. Мөн Канадын уур амьсгал Монголоос өөр. Манай эрс тэс уур амьсгалд тохирохгүй. Манай аймагт загварын хоёр сумыг хийсэн. Төрийн олон тэрбумын төсөвтэй. Ажлыг нь өөрийнхөө жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч хуурай дүү Сүхбаатар аймгийн залуугийн “Их модун” компаниар хийлгэсэн.  Мод оруулсан дүр эсгээд доторх нь цахилгаан сан, гийпсэн хана нь дандаа Эрээнээс авчирсан хулхи материалаар хийсэн. Одоо тэр ажил нь ямар чанартай болсныг та очиж сурвалжлаарай. Бас болоогүй ээ. Тэр компани нь “Мазаалай” парк гэх манай аймгийн бүх том ажлуудыг хийсэн. Гадны компани ирээд, бүх ажлыг нь хийхээр яаж орон нутгийн иргэд ажилтай орлоготой байх билээ. Энэ хүн ингэж төсөл санаачилсан нэрээр дандаа хүний гараар дамжуулж мөнгө иддэг гэдэг харагдаж байна. Хуурай дүүгийнхээ компаниас цаагуураа ашиг авдаг байсан ч юм уу, хэн мэдлээ.  Яагаад орон нутгийн ажлыг нутгийн компаниар хийлгэхгүй байна гэвэл нутгийн компаниас мөнгө нэхэж чадахгүй биз дээ. Тэгээд нэг сайхан өгөөмөр хүний дүртэй энтертайнмент хийж манай аймгийн ахмадуудад цагаа сараар боов, боорцог тараадаг байсан.  Энэ тэгээд хөгжил юм уу. Орон нутгийн иргэд ажилтай, орлоготой болвол өөрсдөө өвөө эмээ аав ээжийнхээ тавгийн идээг хүнээс царай алдахгүй аваад өгчихөж дөнгөнө шүү дээ. Одоо зайлуул манай аймгийн ахмадууд иргэд энэ хүнийг боов боорцог тараадаг байсан болохоор бурхан шиг шүтээд сүйд болдог.

Энэ хүн чинь угаасаа “Херо”, “Цензургүй энтертайнмент” бүтээл хийдэг багтай. Хүмүүсийн тархийг хот хөдөөгүй угааж бурхан шиг хүний дүрд орж чаддаг хүн л дээ. Одоо үнэнд гүйцэгдэж юм ойлгодог хэсэг нь хэн гэдгийг нь мэддэг болсон байх. Харин одоо улсын хэмжээнд дотооддоо цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүрэлцээ гээд хөрөнгө оруулалт хийх тулгамдсан олон асуудал байсаар байтал Женкогийн мөрөөдлийг биелүүлж хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгүй тооцоо, судалгаагүй санаачилсан Шинэ сум, Төмөр зам энэ мэт төсөлд нүүрснийхээ болон төсвийн хамаг орлогыг өгөөд сууж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсад гавьяа байгуулаагүй, гай тарьж ирсэнд иргэн хүний хувиар их харамсдаг. “Монгол ялна” гэсэн худлаа лоозон болсон мөрийн хөтөлбөртэй, өнгөрсөн сонгуульд орсон. Улс орнууд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдсан үед ялагддаг. Өнөөдөр Монголд тусгаар тогтнол хангалттай эрх чөлөө байна. Харин хөгжил дутмаг байна. Монгол ялна гэх хоосон лоозон биш Монгол хөгжинө гэвэл бодитой сонсогдох байлаа. Энэ концевц нь хүртэл анхнаасаа буруу байсан. Ингээд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжлийн замд дандаа гай болж ирлээ. Энэ хүний үзэл баримтлал бол “Загалмайлсан эцэг” кино гэж өөрөө ярьдаг. “Женко” гэдэг нэр нь загалмайлсан эцэг дээр гардаг мафийн нөхрийн компани нэр юм гэнэ лээ. Мафи бол өрсөлдөгчгүй, дүрэмгүй тоглодог. Ийм л киноны замналаар явж ирсэн дээ. Өнөөдөр Монгол Улсад хөгжих боломж бүрэн байна. Дубайг хар л даа. Элсэн цөлд байсан улс хар нефтээ олборлож дэлхийн зах зээл дээр гаргаж хангалттай хэмжээгээр экспортолж олсон орлогоороо дэлхийн жишигт нийцүүлэн стандартын шаардлага хангасан аялал жуулчлалын эко хотыг байгуулж чадлаа. Дэлхийн шилдэг архитектуруудыг урьж, төлөвлүүлж босгосон хот одоо аялал жуулчлалын орлогоороо ДНБ бүрдүүлж, нефтийн орлогоосоо давсан орлого олж чадаж байна. Манайх ялгаагүй нүүрсээ гадны зах зээлд аятайхан зөв борлуулж орлого олж, Дубайн жишээг хэрэгжүүлэх боломж байна. Монгол Улс жуулчин татах дэлхийд түүхтэй улс шүү дээ. Түүнчлэн экспорт хийж орлого олсон улс орнууд хөгждөг. Япон, БНСУ орнууд асар их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, таван тивийн долоон тэрбум хүнд борлуулж чадснаараа валютын нөөцөө бүрдүүлж, улс орныхоо эдийн засгийг хүчирхэгжүүлж, хөгжсөн.Манайх үйлдвэрлэгч орон биш. Гэхдээ байгалийн баялгаа хариуцлагатай уул уурхайгаа ашиглаж экспортолж хөгжих бүрэн боломж байна. Хариуцлагагүй, гол усаа ширгээж ногоон модоо сүйтгэж алт ухах биш.  Харин хил орчмоор байгаа нүүрс, төмрийн хүдэр, жоншоо олборлоход хангалттай боломж байна. Худалдан авагч, дэлхийн зах зээл нь дэргэд байна. Энэ бол том давуу тал. Боломжоо ашиглаж чадахгүй, төмөр замаа дотооддоо тавина, тавихгүй гэж маргах байх хойгуур хойд хөрш боломжийг ашиглаад Манжуур, Алс дорнодоор хоёр салаа төмөр замаар урд хөрш рүү сүүлийн жилүүдэд хичнээн зуун сая тонн нүүрсээ борлуулаад хангалттай орлого олоод байна. Алдаагаа засаад явбал хөгжил ойрхон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.