ЭРХ ЧӨЛӨӨ ЮУ, ШУДАРГА ЁС УУ?

Либерализмд сайн талууд олон ч муу талууд нь түүнийг хямраахад хангалттай олон юм.

Францын ерөнхийлөгчөөр Франсуа Олланд сонгогдов. 1981 оноос хойш анх удаа социалист намаас нэр дэвшигч ялалт байгуулсан нь өөрөө улс төрийн хувьд их содон үйл явдал. ОХУ-ын ерөнхийлөгчөөр бас л социалист гэж хэлж болох мөрийн хөтөлбөртэй Путин дахин ялж тангаргаа өргөлөө.

Харин Монголд улс төрийн намууд нь мөрийн хөтөлбөртөө  бас л зүүний шинжтэй амлалтууд өгдөг. Хэрвээ тэдний хэлж байгаагаар үнэхээр “ард түмнээ” сонсож хийсэн бол тэр зүгийн л хөтөлбөр гарах нь тодорхой. “Ард түмний” олонхи нь мэдээж цалингаа багасгая, төрийн оролцоог багасгая, үнийг чөлөөлөөд аль гэж хэлэхгүй. Ялангуяа томоохон компаниуд, корпорациудын эсрэг сөрөг мэдээлэл ихээр гарч байгаа нөхцөлд тэднийг дэмжсэн санаачлага “ард түмнээс” гарах үндэсгүй.

Тэгэхээр бид бас л зүүний чиглэлд явах магадлалтай болоод байна. Яагаад Франц, ОХУ, магадгүй Монгол зүүний чиглэлд явах болов гэдэг асуудал улс төр сонирхдог, улс төрждөг хүмүүсийн сонирхлыг татсан асуудал болоод байна. Энэ үзэл баримтлалын өөрчлөлтөд олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ хамгийн гол учир зангилаа нь барууны үзэл баримтлалын хямралд байгаа гэж бодож байна. Хямрал юунаас болов, сүүлийн 20 жилд юу өөрчлөгдөв гэдэг талаар өөрийн бодлоо хуваалцья.

Эхлээд барууны үзлийн үүслийнх нь талаар өгүүлэх нь зүйтэй юм.

Либерализм

Либерал үзлийн амин сүнс нь хувь хүний эрх, эрх чөлөө. Хүн төрөхдөө л заяагдмал эрхтэй төрдөг, түүнийг нь төр хамгаалах үүрэгтэй. Хүний мөн чанар өөрөө бүтээлч, шинэчлэгч байдаг учир эрх чөлөөг нь хангаад өгвөл нийгэм хөгжиж, хүмүүс сайхан амьдарна. Европд үүссэн учир Христийн үзэл санаатай маш ойрхон. Библид хүн бүр тэгш гэдэг шүү дээ. Одоо хүний эрх, эрх чөлөөг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн, нэгэнт хүн бүрийн мэддэг зүйл учир тэр талаар нуршаад яах вэ. Сонирхолтой хэсэг нь эдийн засгийн хэсэг байгаа юм. Либералчуудын эдийн засгийн үзлийн үндэс нь чөлөөт зах зээлийн эдийн засаг. Адам Смитийг одоо ихэнх хүмүүс мэддэг болсон биз. “Үл үзэгдэгч гар”, чөлөөт өрсөлдөөн энэ тэр гээд дунд сургууль, их сургуульд үзсэн л байлгүй. Ихэнх сурах бичигт энэ талаар адилхан юм бичсэн байдаг. Хүн өөрийн хэрэгцээт зүйлийг авч хэрэглэснээр сэтгэл ханамж бий болдог. Хэрэгцээт бараа үйлчилгээгээ хамгийн доогуур үнээр авах бололцоог чөлөөт зах зээл хангаж өгнө. Ингэснээр хүн ч сэтгэл ханамжтай, нийгэм ч хөгжих юм. Үүнд гэхдээ хэдэн нөхцлийг хангах ёстой. Гол нь зах зээлд төгс өрсөлдөөн, хүмүүс төгс мэдээлэлтэй байх ёстой.

Бид энэ замаар замнаж буй ч хаана төгс өрсөлдөөн байна? Бид төгс мэдээлэлтэй юу? За бар цэнгээний газарт л төгс өрсөлдөөн байгаа байх. Бид олон газраас аваад байдаг болохоос хүнс, өргөн хэрэглээний барааг хэдхэн компани хувь хүмүүс оруулж ирдэг. Бензиний үнэ нэмэгдэхэд энэ хэдэн хүн яриад л контейнерээс буулгахдаа үнээ нэмдэг. Махны ченжүүд гэж бас хэдхэн хүн байна. Та мах оруулж ирж зарья гэвэл зөвшөөрөл авч чадахгүй, авсан ч үнээ олонхийн жишгээр л тавих болно. Та хотод нөөцийн мах нийлүүлэхийн тулд тэдэнтэй ярих л хэрэгтэй болно. Либералистууд Америк гэж ярих дуртай. Америкд ч чөлөөт өрсөлдөөн бараг байхгүй шүү. Компьютерийн систем гэвэл Microsoft, Apple хоёр монополь. Хүнсний бүтээгдэхүүний 97%-г эрдэнэ шиш үйлдвэрлэн, боловсруулдаг нэг компани (Monsanto) хянадаг. Яагаад гэвэл эрдэнэ шишээр малаа ч тэжээдэг, түүгээр Cola, сүү, печень гээд хийхгүй юм байхгүй. Америкийн фермерүүд McDonalds-н хараат гэж болно. Тэдний хэлсэн үнээр л мах, ногоогоо өгөхгүй бол дампуурна. Эм тариа, зэвсэг, тээвэр гээд ихэнх салбарт нь монополиуд зонхилдог. Хаана байна тэр төгс өрсөлдөөн?

Төгс мэдээлэлтэй хүн байна уу? Бид шатахууны үнэ яаж бий болдогыг одоо болтол мэдээгүй л явна. Бид зөвхөн ижил төстэй барааны үнийг харьцуулах юм уу, баглаа боодлыг нь харж, сурталчилгаанд итгэж сонголтоо хийдэг. Энэ төгс мэдээлэл мөн үү? Хэний ямар махыг ямар нөхцөлд яаж боловсруулаад хэн хиам болгоод хэдэн төгрөгийн ашиг нэмээд зарж байгааг бид мэдэхгүй. Ийм нөхцөлд би л лав хамгийн зөв сонголт хийдэг гэж бодохгүй байна. Адам Смитийн үед тийм нөхцөл байсан байх.

Неолиберализм

Либерал үзлийн хамгийн нөлөө бүхий, моодонд орсон салбар нь неолиберализм. 70-аад оны эхээс бий нөлөөтэй болж одоо ялангуяа хөгжиж буй орнуудад их дэлгэрээд байгаа үзэл. Хайек тэргүүтэй хэсэг нөхөд энэ үзлийг бий болгосон гэдэг. Яагаад 70-аад оны дунд үеээс энэ үзэл дэлгэрч эхэлсэн гэхээр тухайн үед төрийн оролцоотой эдийн засгийг зохицуулагч Кейнсийн үзэл санаа хямралд орж шинэ үзэл санаа хэрэгтэй болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Кейнсийн үзлээр явж байсан эдийн засгууд хямралд орсон гэсэн үг л дээ. Үүн дээр Арабын нефтийн хориг ч нөлөөлсөн байх. Ингээд оронд нь неолиберализм гарч иржээ. Неолиберализм гэдэг нь либерализмын орчин үеийн хэлбэр. Гол нь эдийн засагт төрийн оролцоог багасгаж, чөлөөт худалдааг хөхиүлэн дэмжиж, ингэснээр дэлхийг даяаршуулж, нийгэм эдийн засагт хувийн компани, корпорациуд ноёлох үүрэгтэй байх нь нийгмийн хөгжлийн хамгийн сайн хувилбар гэж үздэг. Неолиберализм дэлхийд ноёрхсоноор дэлхий эрчимтэй даяарчлагдаж, Англид барьсан сам хорхойг Хятадад цэвэрлээд буцааж Англи руу экспортолдог болсон. Бид 20 долларын өртөгтэй Хятадад үйлдвэрлэсэн Converse-г 80 доллароор авдаг болсон.

Энэ хандлагыг дагаад эрэлт нийлүүлэлт гэдэг эдийн засгийн гол ойлголтууд утгагүй болсон. Эдийн засгийн сурах бичигт гардаг шиг хүнд хэрэгцээ үүсээд тэрийг нь үйлдвэрлэгч нийлүүлээд үнэ тогтдог зүйл байхгүй. Одоо Coca Cola таныг COOL харагдуулах учраас уух хэрэгтэй, Iphone таныг smart нэр төртэй харагдуулах учраас авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид одоо неолиберализмийн ачаар корпораци, брэндүүдийн зохиосон ертөнцөд тэдний зохиосон дүрмээр амьдарч байна. Бид одоо өөрт хэрэгтэй зүйлсээ биш хүмүүсийн хэрэгтэй гэж хэлсэн зүйлийг авдаг болсон. Нийлүүлэгчид өртөг дээрээ багахан ашгаа нэмээд зардаг байсан бол одоо өртөг дээрээ нэмээд брэндийн үнэ гээд хэд дахин үнэ нэмж зардаг болсон. Одоо хэрэглээ гэдэг бол нэг ёсны шашин болсон. Хэрэглээ гэдэг бол хүний өөрийгөө илэрхийлэх бусдаас ялгарах хэрэгсэл болсон. Урд нь хүмүүс үзэл бодлоороо, амьдралын хэв маягаараа ялгардаг байсан бол одоо хэн ямар машинтайгаараа, хэн ямар утастайгаараа, хаана орж шоуддагаараа ялгардаг болсон. Одоо хүнийг сайн муу гэхээсээ ямар юм эдэлж хэрэглэдэгээр нь үнэлж үздэг болсон. Энэ нь хүний нийгмийн үндсэн үнэт зүйлсийг хямралд оруулж эхэлсэн.

Гэхдээ барууны хөгжилтэй орнуудад хүмүүс нь бас ч гэж өөр үнэт зүйлээ хадгалж үлдсэн нь харагддаг. Тэнд хүмүүс ярьж болж л байвал Nokia 3310 бариад явж байхад хэн ч гайхдаггүй. Тэнд зөвхөн өөрт тохирсон, эвтэйхэн, хэмнэлттэй машинаа л унахаас Land 200 унахгүй бол болохоо байсан зүйл огт байхгүй. Үнэт зүйлсийн огцом хямралд орсон хөгжиж буй орнуудад л энэхүү хэрэглээнд суурилсан үнэт зүйлс хүчтэй дэлгэрсэн. Өөрөөр хэлбэл материаллаг үнэт зүйлс өмнө байсан соёл, зан заншлын үнэт зүйлсийг “амжилттай” орлоод байгаа юм. Энэхүү материаллаг үнэт зүйлсийн нийгэмд тэгш байдал, шударга ёс гэж зүйл байхгүй гэдгийг хүмүүс ерөнхийдөө ойлгож эхлээд байна. Анхнаасаа либерализм, неолиберализмд шударга ёсыг хангана гэсэн онолын үндэс нь байхгүй. Энэ үзлүүдэд хүмүүс анхнаасаа тэгш бус боломжтой, тэгш бус чадвартай гэж үздэг. Товчхондоо чамд эрх чөлөөг өглөө, харин тэр шударга ёсыг март л гэсэн үг. Яахав, улс төрчид либерал нийгэмд тэгш байдлыг хангана гэж амладаг, оролддог ч нэгэнт тогтолцоо нь өөр учраас косметик өөрчлөлт хийхээс хэтэрдэггүй.

Нэг мэдсэн чинь дэлхий санхүүгийн группүүдийн торонд орсон байв. Тэнд цөөн тооны хүн маш их мөнгө олдог бөгөөд тэдний орлого нь санхүүгийн тайланд гарах ашиг орлогоос шууд хамаарах учир алдагдлаа нууж эхлэв. Дараа нь тэд бүр уран арга олсон нь алдагдлаа даатгаж түүнээс мөнгө авдаг болов. Тиймээс банкнууд аль болох эрсдэлтэй зээл олгож түүнээсээ ашиг гаргадаг болов. Энэ нь АНУ-ын Сенатын сонсголын үеэр ил болсон фактууд.

Санхүүгийн хямрал гэнэт эхлэв. Уул нь өөрсдийнх нь буруу үйл ажиллагаанаас болж дампуурсан учир өөрсдөө хохирлоо хүлээх ёстой. Гэтэл тэд хэт том, хэт нөлөөтэй болсон учир алдагдлаа татвар төлөгчдийн мөнгөөр нөхөв. Ингээд Америк, Европчууд санхүүгийн бүлэглэлүүдийн алдагдлыг үүрч эхлэв. Исландууд улсаараа дампуурав. Энэ нь мэдээж шударга ёс гэдэг ойлголтын үнэр ч байхгүй асуудал. Хүмүүс эсэргүүцэж эхлэв. Америкд анх удаа социализмыг зөв систем гэж хүн амын 45% нь үзсэн судалгаа гарав. Либерализмд хүмүүс итгэл алдарч эхлэв.

Монголд мөн л санхүүгийн томоохон алдагдлуудыг татвар төлөгчид үүрч гарсан. Уул нь бидний буруу байхгүй. Шударга бус. Гэвч тогтолцоогоо авч үлдэх ёстой. Энэ үед магадгүй хүмүүс тогтолцооны сул талыг харсан байх. Санхүүгийн бүлэглэлүүдээс хэт хараат төртэй болсон байгааг харсан байх.

Энэ үед либерализмд бас нэг дайсан гарч ирсэн нь ногоон үзэл байв. Ногоон үзэл урьд нь ч байсан л даа. Гэхдээ цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал энэ үзлийг олны анхааралд авчрав. Дэлхийн дулаарлын буруутан нь хүмүүс, тэр дундаа аж үйлдвэржилт болох нь тогтоогдов. Компаниудын гол зорилт нь аль болох их ашиг олох. Үүний тулд тэд хамгийн өртөг багатай үйл ажиллагаа явуулах нь мэдээж. Хэрвээ өртөг багатай бол хаягдлаа гол руу урсгана, хамгийн хямд түлш ашиглана, бараа материалаа машинаар онгоцоор Хятадаас татна. Гол бохирдуулсны өртөг, нүүрс хүчлийн хий гаргасны өртөг гэж ихэнх хөгжиж буй оронд байхгүйтэй адил. Өртөг тавья гэвэл энэ нь неолиберализмийн зарчимд таарахгүй асуудал. Хэрвээ өртөг өндөртэй болвол компаниуд өөр өртөг багатай орон руу нүүнэ. Тэгэхээр тус орны эдийн засгийн өсөлт буурна, ДНБ багасна, ажилгүйдэл ихэснэ. Мэдээж үүнд төр буруутай болно. Тиймээс төр компаниудын хүссэнээр байх хэрэгтэй. Ингэхээр энэ тогтолцоо байгаль орчны эсрэг байгаа болж таарав.

Компаниуд одоо өөрсдийгөө ногооноор харагдуулахын тулд асар их мөнгө зарцуулдаг болсон ба үүнийг “ногоон угаалт буюу greenwash” гэж нэрлэдэг. Нүүрсний компаниуд хүртэл clean coal  буюу “цэвэр нүүрс” гэсэн үлгэр зохиочихсон түүнд нь манай дарга нар итгээд яриад явж байсан. Товчхондоо либерализм байгаль орчныг тооцоонд огт оруулаагүй болох нь тодорхой болж хүмүүс арай аюулгүй ирээдүйг хүссэндээ ногоон үзлийг дэмжиж эхэлсэн. Монголд ногоон намын экс дарга нь либерал намын дарга хийж байгаа нь байгаль орчны байцаагч мод боловсруулах үйлдвэрийн даргаар очсонтой ижил зүйл.

Дараагийн нэг асуудал бол цагаачлалын асуудал. Ялангуяа Европд энэ асуудал асар хурц болсон. Неолибералистууд дэлхийг даяаршуулж хавтгай болгох зорилготой. Үүнд хөдөлмөрийн зах зээл багтана. Ажил олгогч ашиг олохын тулд аль болох хямд ажиллах хүчийг сонгоно. Үүний тулд дэлхий даяаршсан байх ёстой. Ингээд асар олон ядуу орны иргэд хөгжингүй орнуудад цагаачилж ажиллах болов. Засгийн газрууд үүнийг дэмжиж олон соёлыг хамтад нь эвтэй найртай амьдруулах зорилт тавьсан ч тэр нь бүтэлгүй болов. Уугуул иргэд ажлын байраа алдаж, гэмт хэрэг өсч, нийгмийн зохицол алдагдаж эхлэв. Эцэст нь Европд үндсэрхэг үзэлтнүүд хүчээ авав. Америкт мөн цагаачлалын бодлогоо чангалав.

Оюу Толгой хятад ажилчдаа нууж ажиллуулдаг болов. Либерал, либертари гэдэг монголчууд ч үүнийг тэвчиж чадахгүй байгаа нь ажиглагддаг.

Төгсгөл

Либерализмд сайн талууд олон ч муу талууд нь түүнийг хямраахад хангалттай олон юм. Санхүүгийн шударга бус тогтолцоо, байгаль орчны сөрөг нөлөө, цагаачлалын асуудлууд нь түүний сөрөг үр дагавар ч гол асуудал нь хүний нийгмийн үнэт зүйлстэй тохирохгүй байгаа явдал юм. Хүний аз жаргал хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнээр илэрхийлэгдэхгүй, баян хүн хамгийн сайн хүн биш, улс орныг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр дүгнэхгүй, шударга ёс зөвхөн “чадаж байгаа юманд арга байхгүй” гэсэн хэмжүүрээр хэмжигддэггүй гэдэг үнэт зүйлстэй хүмүүс олонхи байна. 18-р зуунд Карл Маркс үүнийг олж харж өөрийн бий болгосон үзэл баримтлалаар Европыг байлдан дагуулсан ч Орост ленинизм, сталинизм түүнийг нь нэг хэсэгтээ л булшилчихсан юм. Харин одоо түүний үзэл санаанд дахин шаанс гарч ирж байна. Бид түүнд шаанс өгөх үү?

2012.05.08

Сэтгэгдэл:
Таны IP: (54.226.102.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.