Үндэсний өв уламжлалыг дэлгэрүүлэгч “Ховор Угалз”-ынхан

Монгол гутал бол эрт үеийг эдүгээ үетэй холбосон үндэсний хувцас бол үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх үнэт хөрөнгө юм.

Үндэсний үйлдвэрлэл эрхэлж брэнд бүтээж буй бүсгүйчүүдийг онцолдог “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цуврал нийтлэлдээ М.Сувд-Эрдэнийг урьсан юм. Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн өв соёл, үнэт түүхийг үргэлжлүүлж яваа тэрбээр монгол гутлыг орчин үеийн хэв загвартай хослуулж, өнгө загварын өргөн сонголттой урладаг “Ховор угалз” брэндийг үүсгэн байгуулжээ.


М.Сувд-Эрдэнэ багын гар урлалд сонирхолтой хүүхэд байжээ. Багадаа ээжийнхээ хувцсыг өөрчилж өөртөө ганган даашинз урлаж өмсдөг охин өдгөө монгол гутал  оёж, олон хүнд сурсан мэдлэгээ түгээхэд нь түлхэц болжээ. Увс аймгийн унаган охин 1998 онд Улаанбаатар хотыг зорьж ирснээс хойш өнөөдрийг хүртэл утас зүүтэй “нөхөрлөж” 22 жилийг ардаа үдсэн байна. “Ажлынхаа гарааг эхэлж байх үед гуталчин мэргэжлийг хүмүүс төдийлөн ойшоодоггүй байлаа. Түр ажилд ортлоо орлого олж байя л гэж боддог байсан. Анхны оёсон гутал маань өндөр үнэлгээтэй зарагдахад урам орсон. Бизнес маань өргөжиж багшийн сарын цалинг долоо хоногт олж эхэлсэн үеэс үндэсний өв соёлыг үр хойчдоо өвлүүлж үлдээх бодол тээж ажиллаж эхэлсэн” гэдгийг тэрбээр онцоллоо.

Малынхаа ашиг шимийг хүртэж, гутал хийхэд хэрэглэгдэх түүхий эдээ малчны хотноос худалдаж авдаг учраас “Ховор Угалз” брэндийнхэнд давуу тал их бий. Удам дамжсан уран гартан ээж, охин хоёр 2011 он хүртэл гэрээрээ өрхийн үйлдвэрлэл эрхэлжээ.

No description available.

Монгол гутлыг хүссэн хүн бүхэн зориглоод хийж чадахгүй. Учир нь гар ажиллагаагаар бүтэхээс гадна ур дүй ихээхэн шаардана. Ээж, охин хоёрын хамтын бүтээлийг харсан хүмүүс сайхан хийцтэйг гайхширч, гутал оёх сургалт явуулахыг гуйдаг байжээ.

“Сургалт явуулах уу”, “Монгол гутал оёж сурмаар байна” гэсэн санал их ирдэг байсан хэрэг. Тиймээс “Ховор Угалз” компаниа байгуулахын зэрэгцээ сургалтын төв ажиллуулж, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь 11 жилийн өмнө. Өөрөөр хэлбэл, хүмүүс ирсэн саналыг хүлээж авч, сурсан мэдлэгээ бусдад түгээхийг эрхэмлэж, өрхөөс үндэсний үйлдвэрлэл рүү шилжих сонголтыг М.Сувд-Эрдэнэ бүсгүй эрэхийлж эхэлжээ. Энэ нь ч зөв үйлдэл болж гутал оёж сурах хүсэлтэй эмэгтэйчүүдэд боломж олгосон байна.

No description available.

Нэрний тухайд хээ болон дэлхийн улаан номонд орсон нэн ховор амьтан угалзыг бэлэгшээж өгчээ. Өдгөө үйлдвэрлэлээ явуулахын хажуугаар хот, хөдөөгийн 1000 гаруй хүнийг гар урлал болон монгол гутал оёх сургалтад хамруулж, төгсгөжээ. Ингэхдээ Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч олон хүнийг ажил орлоготой болгосон байна. Гаднын оронд экспортлохоос илүүтэй үндэсний монгол гутлыг хээ хуараар чимэглэж, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх нь түүний зорилго.

Аяллаар ирсэн гадаад жуулчдын зүгээс үндэсний бэлгэдэл шингэсэн монгол гутлыг ихэд сонирхон худалдаж авдаг байна. Мөн Өвөрмонголчууд их хэмжээгээр захиалга өгөхөөс гадна дэлхий дахинд тархан амьдардаг элэг нэгт монголчууд эх орноосоо худалдан авч хийж, үндэсний брэндээ дэмждэг гэнэ. Орчин үеийн хэв маягт нийцүүлэн, загварлаг хээ хуараар чимэглэдэг болохоор залуучууд захиалж өдөр тутамдаа өмсөх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг М.Сувд-Эрдэнэ хэлж байсан юм.

Монгол гутал хийхэд ажиллагаа ихтэй. Ур дүй, уран сэтгэмж, урлагийн мэдрэмж шаардана. 100 хувь гар ажиллагаагаар бүтдэг нь монгол гутлын онцлог. Ноосоо эсгийрүүлж, оймсоо хийсний дараа харааг нь оёж, халааг нь залгана. Ингэж оймс нь бий болдог. Дараа нь гутлынхаа эсгүүр болон угалзныхаа хээ зургийг гаргана. Угалзаа оёно, цоолно, наана. Түрүү, эмжээр улалгаагаа оёсноор монгол гутал бүтнэ. Нэмж үндэсний маш олон хээ угалзыг шигтгэж, оёдог гэхээр асар нарийн шат дамжлагаар хэрхэн бүтдэг нь ойлгомжтой.

No description available.

 

“Дэлхийн талыг Эзэн Чингис хаан маань ээтэн хоншоортой монгол гуталтай туулсан. Хоншоор нь ээтэн байдаг нь бурханлаг шинжийг илэрхийлдэг. Учир нь, хөрс газар гишгэхэд өвс ногоо хэвтчихээд буцаж сэргэдгийг өвөг дээдсүүд маань ихэд бэлгэшээдэг. Эрт үеийг эдүгээ үетэй холбосон үндэсний хувцас бол үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх үнэт хөрөнгө юм. Монгол хүн байсан цагт монгол гутал, хувцас устахгүй гэж шавь нартаа захиж хэлдэг” гэдгийг М.Сувд-Эрдэнэ ярилаа.

Үндэсний хувцсыг өдөр тутамын хэрэглээнд нэвтрүүлсэн монгол брэндүүд сүүлийн жилүүдэд шил шилээ даран гарч ирж байгаа нь сайшаалтай. Цагаан сар, наадмаар үндэсний хувцсаараа гоёдог монголчууд өдгөө ажилдаа ч гангарах болсон. Энэ нь өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн соёл эргэн дэлгэрч буйгийн тод илрэл юм. 

No description available.

“Ховор Угалз” брэндийн хамт олон зөвхөн монгол гэлтгүй хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн гутал үйлдвэрлэдэг. Урт, богино түрийтэй, монгол гутлыг үндэсний хээ хуараар чимэглэж, өнгө сонголттой урладаг байна. Эко брэнд урлаж эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрээс үндэсний өв, уламжлалыг түгээж байгаа нь харагдана. Удам дамжиж ирсэн урлахуйн урлагыг урлаж шаглах хүсэлтэй олон эмэгтэйг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд дэм болж буй өгөөмөр сэтгэлтэй М.Сувд-Эрдэнийн үйлс бүхэн нь үргэлж бүтэж явахыг ерөөе

                                                                                                                   С.Ичинхорлоо

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.No description available.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.126.88.193) 2021-01-27 20:52:59
Үнэ