Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.

 

Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, энэ сарын 22-нд Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа өнөөдөр УИХ-д хүргүүлсэн юм.

Санал хураалтаар чуулганы хуралдаанд гишүүдийн 87.9 хувь нэр дэвшигчийг дэмжсэн тул Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг баталсанд тооцлоо. Тэрбээр Монголын улс төр, эдийн засгийн хүнд хэцүү, “COVID-19”-ийн сорилтод орсон, Оюу Толгой төслийн гэрээг сайжруулах хэлэлцээрийн үед Засгийн газрын тэргүүнээр томилогдож байна.

Намтар:

1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй.

Боловсрол: 

-1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль 

-2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч 

-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч 

-2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр 

Ажлын туршлага:

-2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга 

-2002-2008 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал

-2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

-2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга

-2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч

-2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга

-2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

-2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2019-2021 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

-2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайд

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.