Л.Оюун-Эрдэнэ: У.Хүрэлсүх таны Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлнэ

У.Хүрэлсүх: Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилсон. Улмаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрбээр "Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна" гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "У.Хүрэлсүх таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллана" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд "Монгол Улсыг эдийн засгийн хувьд нэлээд том байдлаар авч үзэхийн тулд Эдийн засаг хөгжлийн яам зайлшгүй байх ёстой. Энэ яамыг АН анх байгуулсан. Үүнийг зөв байсан гэж боддог. Эмчилгээ, боловсрол, албан томилолт болон гадагшаа аялах, машин худалдаж авах гээд нэлээд их мөнгийг гадагшаа гаргадаг. Жил бүхэн 1.2 сая ам.долларыг алддаг. Хүнсний бүтээгдэхүүн, нефть, гэр ахуйн бараа, авто машин гээд 6.1 сая мөн гадагшаа гаргачихдаг. Яаж үүнийг хэмнэж багасгаж, гадагшаа зардаг экспортоо нэмэгдүүлэх вэ гэдэг дээр Эдийн засгийн яам голлож ажиллах чиг үүрэгтэй байна. Зөвхөн нүүрс, төмрийн хүдэр зардаг биш хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх вэ. Энэ бүтэц зөвхөн нэг Засгийн газарт бус үе үеийн Засгийн газарт байх ёстой" хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.