Бяцхан охидын хүслийг жигүүрлэгч “UKA HANDMADE”

Цаг тутамд хөдөлмөрлөж, хүүхэд баярлуулах хүсэлдээ хөтлөгдөж яваа Ц.Ундрам охидын гоё ганган, чамин загварлаг хувцас урлахыг эрхэмлэдэг.

Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн үндэсний үйлдвэрлэл эрхэлж брэнд бүтээсэн бүсгүйчүүдийг онцолдог “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цуврал нийтлэлдээ Ц.Ундрамыг урьсан юм. Өхөөрдөм бяцхан үрсэд өнгө алагласан хувцас урлагч бүсгүй цахим орчны “UKA HANDMADE” брэндийг үүсгэн байгуулагч эзэгтэйн ажил амьдралын замналаар аялсан юм.

Хүүхэд насны хүсэл мөрөөдөл биелэв

Хүүхэд насных нь хүсэл мөрөөдөл Ц.Ундрамыг загварын ертөнцтэй холбожээ. “Fashion tv” үзэж, барбиндаа хувцас оёж, хөдөлмөрийн хичээлдээ сонирхолтой сурагч байсан түүний зургийн дэвтэр гоё хувцастай моделийн зургаар дүүрэн. Энэ нь том болоод өөрийн нэрийн хувцасны брэндтэй болох мөрөөдлийг багаас нь өдөөсөн гэлтэй. Бүр дэлгүүрээ нээчихээд хүмүүст үйлчилж байна хэмээх төсөөлөл нь өдгөө биеллээ олж хүүхдийн хувцасны брэндтэй болжээ.

Оюутан ахуй цагаасаа гар урлал хийж, шүр сувд холбож, гоёл чимэглэл хийж, эгчийнхээ лангуунд тавьж орлого олдог байсан гэнэ. Утас зүү барьж, үйл мэтгэж үзээгүй ч өөрөө эсгүүр гаргаж, оюутан ангийнхаа охинд пальто, даашинз оёж өгснөөр энэ бүхний эхлэлийг тавьжээ. “Эсгүүр гаргах технологийн талаар төдийлөн сайн мэдэхгүй байж найздаа пальто, даашинз хийж өгсөн. Хүүхэд насны минь мөрөөдөл биелж, ээж аавын энхрий үрсэд эгдүү хүргэм загвартай хувцас оёж өгч байгаадаа баярладаг. Захиалга авахаар “UKA HANDMADE” гэсэн нэрээр пэйж хуудас нээсэн. Өөрчлөх гэхээр одоогийн нэр нь хүмүүст хэдийнэ танигдсан учраас солихгүй хэвээр үлдээсэн” гэв. 

No description available.

Хадмын хайр шингэсэн “UKA HANDMADE” урлан

Арван жилийн сурагч байхдаа ахуйн хэрэглээний жижиг цагаан машин авснаар Ц.Ундрамд томоохон дэм болжээ. Хувцас загварын дизайнераар суралцах хүсэлтэй охин шалтгалт өгөх хугацаанаасаа хоцорсноос болж тэс өөр мэргэжлийг сонгосон аж. Тэрбээр маркетинг менежерийн мэргэжлээр суралцаж төгссөн ч эргээд хэрэг болдгийг учирлалаа. Ажлынхаа гарааг 150 мянган төгрөгөөр эхлүүлж, гэрээрээ оёж байгаад 2018 онд урлангаа нээжээ. Тухайн үед жижигхэн ширээ тавьж хувцсаа оёохын хажуугаар зарна. Ингэж л “UKA HANDMADE” урлан бий болсон түүхтэй. Өнгөрсөн онд нэг дор үйл ажиллагаа явуулж байсан урлан, дэлгүүрээ тусад нь салгажээ. Олсон орлогоо хуримтлуулахын хэрээр урлангийнхаа тоног төхөөрөмжийг давхар шинэчилж, сайжруулах боломж бүрдсэн байна.

Их сургуулиа төгссөний дараа БНСУ-ыг зорьж, мэргэжил дээшлүүлсэн Ц.Ундрам эх орондоо ирээд удалгүй ээж болжээ. Энэ үедээ толгойн гоёл, охидын төрсөн өдрийн тютю юбкэ, даашинз оёх болсноор хүүхдийн хувцасны брэнд бүтээх эхлэлийг тавьсан аж.

Цаг тутамд хөдөлмөрлөж, хүүхэд баярлуулах хүсэлдээ хөтлөгдөж яваа Ц.Ундрам охидын гоё ганган, чамин загварлаг хувцас урлахыг эрхэмлэдэг. Охин хүүхэд орчлонгийн гэрэл гэгээ. Тэдэнд зориулж сэтгэлээ шингээн оёх л хамгийн аз жаргалтай мөч гэдгийг онцлох бүсгүй бүхий л ажлаа өөрөө хариуцан хийдэг. Хийсэн хувцас бүр нь хаа нэгтээ хүүхдийн цангисан дуу хоолой, түүнээс ундрах эерэг энергиэр “цэнэглэгдэх” урчаас.  

No description available.

Брэнд эхлүүлж, бичил бизнес хийдэг бүсгүйчүүдэд тулгардаг асуудал нь хөрөнгө санхүү, тоног төхөөрөмж, ажлын байр. Хүүхдэд зориулсан хөвөн даавуун материалаар даашинз, хослол, малгай оймс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн “UKA HANDMADE” брэндийн хувцсыг үйлчлүүлэгчид шууд сонголтоо хийж, худалдан авалт хийх дэлгүүртэй болох зайлшгүй шаардлага тулгарсан нь саяхан. 

Тухайн үед Ц.Ундрам ханийхаа ахаас мөнгө авч дэлгүүрт  шилэн хорго буюу лангуу түрээслэжээ. Гэтэл дэлгүүрийн зүгээс өөр хүнд таллаж түрээслүүлэх шаардлага тулгажээ. Тиймээс хадам ааваараа тэтгэвэрийн зээл авахуулж өмнөө тулгарсан асуудлаа шийдвэрлүүлж чаджээ. “Хадмын хайр, ивээл шингэсэн урлан гэж хэлж болно. Үргэлж, тусалж дэмждэг тэдэндээ  баярлаж явдаг” тэрбээр нуусангүй.

No description available.

          Уйгагүй зүтгэлээр урагшилж, ханийхаа хамт брэндээ өргөжүүлжээ

“UKA HANDMADE” урланд ороход гялалзаж, гялтагнасан тод өнгөөр урласан өхөөрдөм хувцас угтана. Сахиусан тэнгэрийн далавчтай цамц, даашинзыг харсан охин үртэй хэн бүхэн авч өгөхийг хүсэх тийм сэтгэгдэл төрүүлэм. Эгдүү хүргэм ийм хувцсыг өмссөн охидууд өнгөт орчлонгийн үзэсгэлэнт гүнж гэж л өөрийгөө төсөөлдөг биз. Хүүхдийн биед эвтэйхэн эдгээр хувцасны даавуу нь солонгос материал.

Хүүхдийн хувцас хурдан багаддаг учраас үнийн бодлогын хувьд уян хатан. Энэ тухайгаа Ц.Ундрам “Манайх олон хүн ажиллуулж, цалинжуулдаггүй. Тиймээс зах зээлийн үнэлгээнээс харьцангуй хямд тогтоосон. Бүхий л ажлаа ганцаараа хийдэг болохоор хүний нөөцийн асуудал тулгарна. Хань минь хамт ажилладаг. Ашиг гэхээсээ алдрай үрсийг л баярлуулахыг хичээж ажиллаж байна. Миний бүтээлийг өмссөн гүнжүүдийг харахаар хайр хүрдэг. Өглөө босоод чатаа шалгахад урмын сайхан үгтэй олон мессеж ирчихсэн байна. Тэр өдөртөө эрч хүчээр дүүрэн ажиллана  шүү дээ” гэв.

Ц.Ундрамын хувьд өөрт ногдсон ажлаа сайн хийх зарчмыг чанд баримталдаг нэгэн. Хаа нэг шүүмжлэлийн үг сонсох ч алдаагаа цаг тутамд сайжруулаад явах нь түүний зорилго. Нэг үеэ бодоход монголчууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, урамшуулдаг болсон. “Үйлчлүүлэгчдийн шүүмжлэлийг авах гээхийн ухаанаар хандах ёстой. Зарим хүмүүс “Монголд үйлдвэрлэсэн” гэхээрээ л үнэтэй байх ёстой юу гэдэг. Үүнийг ч бодолцох хэрэгтэй. Үндэсний брэнд гэхээр үнэтэй байх албагүй. Үнэтэй бүхэн сайн биш гэсэн үг. Хувцас маш олон шат дамжлагаар бүтдэг. Гэхдээ боломжийн үнэлгээтэй, чанартай бүтээгдэхүүн худалдаанд гаргавал үндэсний үйлдвэрлэл маань илүү их хөгжинө” гэж ярилаа.

Эмэгтэй хүн байгалиас заяасан өгөгдөл нь оёж хатгах гэдэг. Өөрт заяасан өгөгдлийг хөгжүүлж яваа хөдөлмөрч бүсгүй оёдлын сургалтад суугаагүй ч брэнд бүтээж, бяцхан үрсийг хувцаслаж явна. Эхлүүлсэн ажилдаа эзэн болж, ирээдүйн зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж түүний түших багана, тулах цэг нь нөхөр нь. Дэлгүүрээ хариуцахаас гадна хүргэлт, цахим хуудсыг хариуцан ажилладаг байна. Эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсан гэрэл гэгээгээр дүүрэн гэр бүлийн ирээдүйн ажил илүү тод гэрэлтэх биз ээ. 

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.No description available.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Долгормаа (66.181.161.123) 2021-01-29 16:47:06
Ёстой мундаг. Амжилтын дээдийг хүсье.