Өчигдөр шинэ Ерөнхий сайд танхимын сайд нараа Ерөнхийлөгчид бараалхуулсан. Ерөнхийлөгч ч шинэ сайд нарт үүрэг даалгавар, захих захиасаа сайн гэгч нь захиж хэлэхийг сонсож хэсэгтээ л уярав. Гэтэл УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар орж ирэхтэй зэрэгцэн “Яагаад улстөржөөд байна нөхөр минь, би чамайг шүүхэд өгнө” гэсэн нь арай л хэтийдсэн “драм” байлаа. Үүнээс улбаалан нэг хэсэг нь хэдэн өдөр “Х.Нямбаатар Ерөнхийлөгчид хүүхэд шиг загнуулаад гарлаа” гэж байхад нөгөө хэсэг нь “Х.Нямбаатарын зөв. Төр төмбөгөр, ёс ёмбогор шүү дээ” гэсэн нийгмийн талцал бий болов. Өнцөгийг нь харвал Х.Нямбаатарын зөв. Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж байж өөдөөс нь өрвөлзөөд, сарвалзаад байвал лав л ард түмэнд таалагдахгүй. Тэр жудагтай юм. Бас хүлээцтэй юм.
Яг нарийндаа Ерөнхийлөгч маань УИХ-ын чуулган дээр хэлсэн Х.Нямбаатарын үгэнд ингэтлээ ач холбогдол өгсөн юм бол биш. “Монгол Улсын шүүхийн тухай хууль”-ийн гол автор нь Х.Нямбаатар болохоор хатуурхсан гэж улстөрийн хүрээнийхэн шивэр, авир хийх. Үнэний ортой л дүр зураг. Эрх мэдлийг нь хумьж, далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордог шүүгчдийг өөрөөс нь салгаад шударга шүүхийн институцийг бий болгох эхлэлийг тавьчихаар ямар ч хүн дургүйлхэх нь аргагүй. Х.Нямбаатар нэг өдөр л загнуулаад, зануулаа биз. Харин Монгол Улс, ард түмэнд энэ хууль хичнээн их ач тустайг наад захын хуульч нь хэлээд өгнө.
“Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу” гэж үг бий. “Улстөр рүү шагайсан л бол сайн нэр хичээж зүүдэггүй” гэж Английн улстөрч өгүүлсэн байдаг. Энэ бүгдийн шүүлтүүр нь цаг хугацаа өөрөө юм. Хэн нэгний татаасаар дээш гараагүй, гарах ч үгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд маань аалзны тор шиг сүлжилдсэн бохир улстөрд улстөрчийн торгон мэдрэмж, нарийн ухаанаараа сийлж л яваа. Эрх ашгийг нь хөндөж, эрэмбэ дарааг нь алдуулаад байгаад зарим нэг нь дургүйлхэж түүнийг хэн ч болгохыг хүсдэг. Харин ард түмэн, нийгэм үргэлж үнэний талд зөвийг дэмждэг болохоор түүний талд зогсдог.
Эцэст нь Х.Нямбаатар богино хугацаанд томоохон хуулиудыг шинэчлэн батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамыг бодлогын хэмжээнд шинэчилж чадсан нь түүнийг дараагийн Засгийн газарт “чанартай үлдсэн” цор ганцаар сайдаар нэрлэхэд хүргэлээ. Тэр жудагтай юм. Жудаг, цадигаа гээлгүй үргэлж шударгын төлөө “шүгэл үлээгээрэй” Х.Нямбаатар сайд аа...