Л.Оюун-Эрдэнэ: 200 мянган иргэнийг орон суужцуулах төслийг Ц.Нямдорж удирдана

Манай Ц.Нямдорж дарга бол сайн барилгачин хүн юм шүү. Ажлын хэсгийн дэд даргаар нь сангийн сайд, нарийн бичгийн даргаар нь нийслэлийн засаг дарга ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр барилгын салбарынхантай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцсон юм. Энэ үеэр тэрбээр Залуус 1, 2, 3 хорооллыг барих ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хариуцуулна гэдгээ мэдэгдсэн юм.


Тэрбээр "Бид ерөнхийгөөс тодорхой руу явах цаг болсон. Төрийн ордонд маш хурал болдог ч дандаа ерөнхий юм ярьсаар байгаад төв талбайд зургаа авахуулаад тардаг. Зөвхөн зөвлөмж гаргаад орой нь дискодоод л дуусдаг. Иймд өглөөний хурал хийх нь ашигтай байна.

Бүх Засгийн газрын сайн хийсэн зүйлсийг бид үргэлжлүүлээд явна. Залуус 1, 2, 3 хорооллыг барих ажлын хэсэг байгуулна. Үүнийг туршилтын хороолол болгож үзмээр байна. Метр квадрат нь ямар үнэтэй байх нь нэгдсэн журмаар явж компаниудыг урина. Үүнд төр үнээ санал болгож шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Бусад нь зах зээлийн журмаар явна.

Ийм байдлаар 200 мянга орчим иргэнийг орон сууцжуулахыг оролдоно. Ажлын хэсгийг Ц.Нямдорж даргаар удирдуулна. Манай Ц.Нямдорж дарга бол сайн барилгачин хүн юм шүү. Ажлын хэсгийн дэд даргаар нь сангийн сайд, нарийн бичгийн даргаар нь нийслэлийн Засаг дарга ажиллана" гэв.

Харин барилгын салбарынхны зүгээс Ерөнхий сайдад ямар санал хүргүүлснийг сийрүүлэн хүргэе.

Д.Цэрэнжигмэд /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "150 мянган айлын орон сууц" зорилтыг хэрэгжүүлэхэд гишүүн 160 орчим  аж ахуйн нэгж, 100 мянга гаруй хүн хувь нэмрээ оруулахад бэлэн байна. 

О.Лхагвадорж /Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо/:  Барилгын чанар, аюулгүй байдалтай холбоотой бичиг баримт боловсруулж байгаа. Барилгын материал үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсье.

Б.Жүгдэр /Үндэсний бүтээн байгуулалтын корпораци/: Манай корпораци зээл хүүгүй, газар үнэгүй, эрчим хүчний шугам сүлжээ бэлэн бол жилд 2,000 айлын орон сууц барих боломжтой.

Л.Ариунболд /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Байгалийн баялаг, түүхий эд хангалттай байгаа нь бидний давуу тал. Үйлдвэр тогтвортой ажиллахын хэрээр үнэ, өртөг төдий хэмжээгээр хямд байна. Төр аль болох дотооддоо үйлдвэрлэсэн бараа, материалыг худалдан авах нь маш том дэмжлэг болно. Тендерт ихэвчлэн улс төрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ялж байгаад анхаарахыг хүсье. НӨАТ, сэргээгдэх эрчим хүч гэж төлбөр авч байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байна.

Б.Нэмэхбаатар /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэхэд хөрөнгө, дэд бүтэц чухал. Нийслэлийн дүүргүүдэд байгуулсан "Сервис центр" төслийг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллага төсөл хэрэгжүүлдэг. Үүнийг зангидсан бүтцийг Барилга, хот байгуулалтын яаманд байгуулах нь зүйтэй.

Н.Баярсайхан /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Түрээсийн орон сууцны сангийн бэлэн төсөл байна. Нийслэл хот газар, дэд бүтцээ шийдэж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ төслийг хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллүүд мөн газрын төлбөр, түүхий эдийн үнэ нэмэгдсэн, валютын ханшны өсөлтөөс болж алдагдал хүлээж байгаа зэрэгт анхаарахыг хүслээ.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hud (203.23.49.89) 2021-02-03 13:07:13
hud