Д.Сумъяабазар: Газрын асуудалтай хатуу гараар үзнэ

Авлига, хээл хахуулиас ангид, төрийн захиргааны хүнд сурталгүй байж Улаанбаатарын хөгжлийг цогц шийдлээр явуулна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзах үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн байр суурийг илэрхийллээ.


Тэрбээр "Монгол Улсад бизнесийн салбар улирлын чанартай байдаг. Тиймээс жилийн зургаан сарын хугацаанд өрнөдөг барилга болон бусад салбарын үйл ажиллагааг маш зөв төлөвлөж дэмжих ёстой юм. Барилгын үйлдвэрлэл, хийцийн салбар хамгийн их ажлын байр бэлтгэж, нэмүү өртөг шингээн, хотын хөгжлийг тодорхойлдог. Сая “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбат “Барилгын үйлдвэрлэл, угсралтын комбинат сул зогсож байна. Уг нь ингэж яримааргүй байгаа юм. Энэ комбинат өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой.

Улирлын чанартай барилгын салбарыг маш оновчтойгоор зөв төлөвлөж явах нь чухал. Хамгийн их өртөг шингэдэг, хөгжлийн өнгийг тодорхойлдог мөн хамгийн их ажлын байр бий болгодог салбар бол барилга юм. Залуус нэг, хоёр, гурав, Налайх, Баяголын ам зэрэг хэд хэдэн газар орон сууцны хороолол барихаар  Засгийн газар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Хотын зүгээс шүүмжлэлтэй зүйлс байдаг. Ялангуяа өнгөрсөн 20 жилийн хугацаанд явж ирсэн хот төлөвлөлттэй холбоотой асуудал, газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөлттэй холбоотой зэрэг асуудал ар араасаа шүүмжлэл, асуудлыг байнга дагуулдаг.

Энэ бүхнийг цэгцлэх ёстой. Ялангуяа газрын асуудлыг цэгцэлж байж, дунд нь хийдүүлдэг, барилгын үнэд нөлөөлдөг энэ бүхэнд хотын удирдлагууд хатуу арга хэмжээ авна. Шударга ёсны үйл ажиллагааг бид үргэлжлүүлэх ёстой. Авлига, хээл хахуулиас ангид, төрийн захиргааны хүнд сурталгүй байж Улаанбаатарын хөгжлийг цогц шийдлээр явуулна. Барилгын А зөвшөөрөл мөн асуудал дагуулдаг. Уддаг, уяддаг. Ажлаа авснаас хойш гацааж байсан барилгын зөвшөөрлийн үйл ажиллагаануудыг шийдвэрлүүлэх чиглэлд шаардлагууд тавьж ирсэн. Улирлын чанартай барилгын ажил шуурхай явагдах ёстой. Зөвшөөрлийг 57 хоногт бус 14 хоногт багтаан шийдвэрлүүлдэг болгох чиглэлд ажиллаж байна.

Ажлыг нь шуурхай шийдвэрлэхээр юмыг нь өгчихөөр хурдан явж байна гэж хардаг. Хувийн хэвшлийнхэн нэг дуутай байж үл үзэгдэгч хар гаруудыг хөгжүүлэхгүй байх нь зөв. Би ч гэсэн тэднийг шахна. Тал талдаа хэдүүлээ хариуцлагатай хандъя. Ингэж байж нийслэлд барилгын өртөг буурна. Хоёр талаасаа бодлогоо нийлүүлж байж иргэдээ хямд орон сууцаар хангана. 20-30 жил ужгарсан асуудлыг хотын захиргаа дангаараа шийдэхгүй, амаргүй.

Надаас шаардагдах зүйл байвал, нийслэлээс газрын зөвшөөрлийг удааж байвал шийднэ. Хотын удирдлагууд барилгын компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзана. Хоттой холбоотой олон асуудал бий.

Нийслэлийн газар, хэлтсүүд нь хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг байсан нь үнэн. Нийслэлээс үүдэж ажил гацдаг байдлыг богино хугацаанд засч салбаруудын уялдаа холбоог хангана. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хувийн хэвшлийнхэн, тэр дундаа барилгын салбарынхны өмнө ямагт нээлттэй байж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.