Х.Баттулгын "бие халаалт"

Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх айлчлал Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хойд хөршдөө хийж байгаа анхны албан ёсны айлчлал болоод зогсохгүй ирэх сонгуульд өрсөлдөх "бие халаалт" байх нь.

Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын эхээр ОХУ-д айлчлахаар болсон тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарчээ. Монгол, Оросын талууд өндөр төвшинд нууцалж байгаа гэх айлчлалын бэлтгэлийг хангаж эхэлсэн талаар уг мэдээлэлд дурджээ.

Хэрвээ уг мэдээлэл батлагдаж, Төрийн тэргүүн албажуулбал "Ковид-19"-ийн цар тахал дэлхий нийтэд тархсанаас хойш хоёр дахь албан ёсны айлчлалаа ОХУ-д хийх юм. Түүний хувьд "Ковид-19"-ийн халдвар дэгдсэний дараа буюу 2020 оны хоёрдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байв. Улмаар БНХАУ-ын талд 30 мянган хонь бэлэглэж байсан юм. 

Хэдийгээр "Ковид-19"-ийн эсрэг вакциныг бүртгэж, дэлхийн улс орнууд түрүүчээсээ хийлгэж эхэлсэн ч цар тахлыг хараахан хумиагүй энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх айлчлал анхаарлын төвд ороод байна. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль албан бусаар эхлэхтэй дахин нэр дэвших эсэх нь асуулт дагуулах болсон түүний хувьд ОХУ-д хийх айлчлалынхаа үеэр ямар гэрээ хэлцэл хийх нь сонирхолтой.

Магадгүй ОХУ-аас өгөх 20 мянган хүн тун "Спутник-V" вакцины тоо хэмжээг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх яриа өрнөхийг үгүйсгэхгүй. Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах асуудлыг ярилцах магадлал нь өндөр.

Эндээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх айлчлал Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хойд хөршдөө хийж байгаа анхны албан ёсны айлчлал болоод зогсохгүй ирэх сонгуульд өрсөлдөх "бие халаалт" байх нь. Монгол, ОХУ-ын талаас тэгтлээ нууцалж, бэлтгэл хангаж эхэлсэн айлчлалын гол зорилго юу байх вэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.