Х.Тэмүүжингийн ҮНЭН-2

АН-ын Нарийн бичгийн даргаас УИХ-ын гишүүн, сайд болтлоо өсч, дэвшсэн Х.Тэмүүжин өнгөрсөн үетэйгээ өстэй юм шиг үгүйсгэж, дэвсэлж ирсэн нь түүний үг, үйлдлээр хангалттай тодорсон бодит үнэн.

Хуульч уу, худалч уу?

Тэр зүгээр гудамжинд жагсаж, тэмцэж яваад Төрийн ордон, бүр Хуулийн сайдын сэнтийд очоод суучихаагүй. 1989 онд Төв аймгийн Зуунмод хотын Хоёрдугаар дунд сургуулийг дүүргэснээс хойш 1994 оныг хүртэл таван хугацаанд юу хийж явсан эсэх нь сох дутдаг л юм. Лав лааз өшиглөж яваагүй нь мэдээж. Ардчилсан хувьсгалын салхи сэвэлзэж эхэлсэн 1990-ээд оны эхэн үе гэхээр хаа нэгтээ хувьсгалын үйл хэрэгт оролцоод явж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л 1994 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэж, 1998 онд дүүргэсэн Х.Тэмүүжин тэндээ шингэж, багшаар ажилласан тухай намтарт нь бий.

Гэвч “Өнгөрсөн хорин жилийн хугацаанд цаг үеэсээ, нийгмийнхээ бусад салбараас хамгийн их хоцрогдсон салбар бол хууль зүйн салбар” хэмээн Хууль зүйн сайд, улстөрчийн хувиар хэлсэн нь түүнийг үнэхээр хуульч мөн үү гэдэгт эргэлзэхэд хүргэсэн.

Энэ тухай “Би МУИС-ийн Хуулийн сургуулийн захирал байхдаа Х.Тэмүүжинг ажилд авч, магистр болгоод ажил, амьралын зам мөрийг нь заасан, ийм л хүн. Тэр маань УИХ, Засгийн газрын гишүүн болоод “С.Нарангэрэл надад хичээл зааж байгаагүй. С.Нарангэрэл мэтийн Зөвлөлт Орост төгссөн хүмүүс эрх зүйн шинэтгэлийг хийж чадахгүй. Хоцрогдсон этгээд” гэсэн ярилцлагыг удаа дараа хэвлэлд өгсөн. Би бол барагтай юм тоохоо больсон хүн. Гэвч энэ үгэнд нь их эмзэглэсэн. Үгээрээ тэр ганц намайг биш, Зөвлөлтөд өндөр боловсрол эзэмшсэн мянга мянган эрдэмтнийг үгүйсгэсэн” гэж академич С.Нарангэрэл хожим өгсөн ярилцлагадаа эгдүүцэж байв. МУИС-д мэргэжил эзэмшсэн, түүнийгээ оюутнуудад зааж байснаараа Х.Тэмүүжин өөрөө ч Ардчилсан Үндсэн хуулийн дараахь цаг үед төрөн гарсан хууль зүйн салбарын бүтээгдэхүүн, эд эс нь баймаар, уг нь... Алим ч модноосоо хол унадаггүй л юм.

Алдуурсан зүй тогтол

АН-ын Нарийн бичгийн даргаас УИХ-ын гишүүн, сайд болтлоо өсч, дэвшсэн Х.Тэмүүжин өнгөрсөн үетэйгээ өстэй юм шиг үгүйсгэж, дэвсэлж ирсэн нь түүний үг, үйлдлээр хангалттай тодорсон бодит үнэн. Сайд болсныхоо дараа УИХ-д өргөн барьж батлуулсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн үйлчлэлээр уг салбарыг сууриар нь бужигнуулсан. Үр дүнд нь сургуулиа төгсөөд удаагүй дэслэгч албан тушаалын хуваарилалтаар хурандаагийн байранд очиж л байлаа. Цагдаагийн албанд олон жил ажиллаж, ажил, амьдралын шатаар дамжиж, аргагүй л хий нь гарч байж хурандаа мөрдэс зүүсэн хүмүүсийн цол нь буурч, хир нь гараагүй дэслэгчийн өмнө ёсолсон, түүндээ эгдүүцэж, дургүйцсэн. Х.Тэмүүжингийн шинэчлэл нэртэй бантан тэгж л эхэлсэн юм.

Ардчилсан намыг Засгийн эрхэнд гарах бүрт хүчний байгууллагын томоохон албан тушаалд ёс юм шиг очдог генерал Б.Билэгт хүртэл Цагдаагийн ерөнхий газрын даргын хувиар журмын нөхөр сайд Х.Тэмүүжингийнхээ шинэтгэлийг эсэргүүцэж, Тэргүүн комиссар цол авахаасаа татгалзаж л байв. Хувь хүн хоорондын зөрчил гэхээсээ хуулийн шинэтгэл нэрийдлээр хөл толгой нь мэдэгдэхгүй хийрхэлийг нь эсэргүүцсэндээ л тэр. Уг нь чиг үүрэг, удирдлагыг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шууд томилдгоороо Цагдаагийн ерөнхий газрын даргын нэн тэргүүнд хамтарч ажиллах албан тушаалтан нь Хуулийн сайд.

Гэвч олон жил явж ирсэн уг зүй тогтол Х.Тэмүүжингийн үед алдуурч, бүр замхарч, Цагдаагийн даргатайгаа ч учир зүйгээ олоход төвөгтэй болж эхэлсэн юм.

Цагдаагийн албаны тухай шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан дагаж мөрдөн журмын тухай хуулийг баталсан. Ингэснээр эрүүлжүүлэх үйл ажиллагааг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгч байв. Энэ бол эрх мэдэл, албан тушаалтнууд, тодруулбал Х.Тэмүүжингийн “сохор” шийдвэрийн балгаар цагдаагийн ажлыг эмч, эмнэлгийн ажилтнуудад шилжүүлсэн явдал болсон юм. Х.Тэмүүжин шинэчлэл нэрийн дор эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг хүртэл эрүүлжүүлэх байр болтол нь дордуулж л байлаа.

Санаандгүй тодорсон “Сайн ах”

Генерал Б.Билэгт Цагдаагийн ерөнхий газрыг удирдлагаар хангаж байхдаа Хууль зүйн сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан эсэх тухай шуугиан тарьж байв. Гэвч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой эзэн холбогдогчийг илрүүлэх цагдаагийн тусгай албаны гүйцэтгэх ажиллагааны сэжүүр эцсийн дүндээ сайд асан Х.Тэмүүжинтэй холбогдсон байдаг юм. Нийгэмд “Сайн ах” болтлоо танигдсан эл хэргийн холбогдогч эмэгтэй гурван найзын хамт “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан удаатай.

Улмаар С гэгч охины ашиглаж байсан 9961…, 9520… гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар руу маш олон удаа залгасан болохыг цагдаагийнхан анзаарч хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзэн гадагшаа гарсан ярианы цэсийг прокурорын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авсан байдаг. Хачирхалтай гэх үү, эмгэнэлтэй нь С-ийн 9961… дугаараас 71 удаа, 9520… дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910… дугаар нь тухайн үеийн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тодорхой болсон. Нэг үгээр хар тамхины хэрэгт холбогдсон охин, Хуулийн сайд хоёр гүн гүнзгий холбоотой болохыг гэрчилсэн нь энэ байв.

Тэгээд ч хаа хамаагүй хүмүүс өөр хоорондоо ийм олон удаа холбогдохгүй нь бас нэгэн үнэн, хөдлөшгүй баримт.

Сэжигтэн С сайд асан Х.Тэмүүжинтэй эртний холбоотой, хоригдож байхад нь эргэж ирж байсан, гар утас худалдан авч өгсөн, бүр МУИС-ийн Хуулийн ангид оруулна гэж амласан зэрэг мөрдөн байцаалтын үед ярьсан мэдүүлгээс нь тодордог. Хамгийн гол учиг нь, Х.Тэмүүжин салбарын гэхээсээ улстөрч, хувь иргэнийхээ хүрээнд өөрийн эрхлэх асуудлын хүрээний цагдаагийн байгууллагатай тэгж их дайн зарлаад байсан нь гүйцэтгэх ажиллагаа үеэр санаандгүй байдлаар “Сайн ах”-аар тодорчихсон болохоор л тэр.

Монгол Улсын хуулийн салбарын толгой бодлогыг зангидаж, залуурдаж явахдаа хар тамхины сэжигтэнтэй нэр холбогдож, өөрөө ч хэрэглэдэг байсан тухай улс төрийн хүрээний учир мэдэх хүмүүс өөр хоорондоо жиг жуг хийдэг л юм билээ. Гагцхүү чин ганц үнэнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэж байсныг хамгийн сайн мэдэх хүн нь Х.Тэмүүжин, цорын ганц гэрч, тайлбар өгөх автор нь. Нарийн яривал түүнийг хар тамхи хэрэглэж байсан тухай баримт хуулийн байгууллагынхны шүүгээнд он сар, өдөр, цаг, минуттайгаа цагаан дээр хараар бичсэн байдаг гэлцдэг.

Баталсан хуулиа хөрөөдөгч

Шударга бустай хамгийн их тэмцэхээ илэрхийлж, түүнийгээ хуулийн өөрчлөлтөөр хийхээ мэдэгдэж явсан нь Х.Тэмүүжингийн улс төрд тогтоосон фигур. Гэвч бодит байдал дээр үг, үйлдэл нь алд, дэлмийн зөрүүтэй, өдөр, шөнө шиг ялгаатай байсан нь өнгөрсөнд өрнөсөн үйл явдал бүрээс харагддаг. О.Баасанхүү Сөүл нисч ирээд огцруулах төслөө татсан, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас буулгасныг эс тооцвол Х.Тэмүүжин аль эрт л Хуулийн сайдаасаа буух болзлоо удаа дараа хангачихсан нэгэн байв.

Учир юу гэхээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөх Л.Гансүхийг нь “Нүүрс хөтөлбөр”-ийн хэрэгт холбогдуулж, АТГ-аас саатуулсан.

Тэгэхэд Төв аймгийн урьдчилан хорих ангийн дарга нарыг нь жагсааж байгаад Ерөнхий сайдын хамт сүрийг үзүүлэн очиж, сэжигтэн Л.Гансүхтэй уулзуулсан бичлэг нь одоо ч Х.Тэмүүжингээс уяатай явдаг, хусаад арилшгүй үнэн. УИХ-ын гишүүн байхдаа Сонирхлын зөрчлийн хуулийг санаачилж, батлуулж байсан тэрбээр Хуулийн сайдын хувиар тэгж л үгүйсгэж, хуулиа зөрчсөн юм. Угтаа бол Хуулийн сайдын хувиар гүйцэтгэх засаглалынхаа тэргүүний ёс бус үйлдлийг тас хориглож, тас гүрийх нь Х.Тэмүүжингийн үүрэг атал тэр тэгээгүй. Тэгэхийг ч хүсээгүй. Хүсвэл Хууль зүйн сайд нь хүртэл ил цагаан хуулиа зөрчиж, болдог юм гэсэн мессежийг нийгэмд түгээсэн, өөрөөрөө үлгэрлэсэн.

УИХ-ын дэд дарга Л.Цог нэгэнтээ “25 жил яваад ирсэн тогтолцоог энэ хүүхэд ирээд самарч байна. Чамаар тайлбарлуулахгүй. Чи бол шоронд байх ёстой хүн шүү” хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр эгдүүцсэн удаатай.

Х.Тэмүүжинд хаягласан түүний эл үг зүгээр ч нэг үзэл бодлын зөрүүтэй, уурлаж, бухимдсан хүний байр суурь гэхээсээ Монгол Улсын Хууль зүйн сайд явсан хүнээс удаа дараагийн уваагүй үйлдэл гаргаж байсныг нэхэн сануулснаас өөрцгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.207.247.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.