Ц.Элбэгдоржийн босгосон “Хонгил” Х.Баттулгын үед нурлаа

Ц.Элбэгдорж хэлдэг л юм. “Х.Баттулга бол миний амин найз. Найз нөхдийн хоорондын тэр харилцааг хэн ч өөрчилж чадахгүй. Цаг хугацаа ч чадахгүй” гэж. Тэр нь ч үнэн.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОГЦОНД БАГТСАН БҮРХ МАЛГАЙТАЙ ТАГНУУЛЧ

“Ажилдаа шууд ороорой”... 2011 оны есдүгээр сарын 27. Нийслэлийн, нийгмийн уур амьсгалд шинэлэг, содон зүйлгүй ч улс төрийн хүрээнд хамгийн сэтгэл түгшим хүлээлттэй өдөр. “Энэ сарын сүүлчээр шүүх хурал болно” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн Гадаад харилцааны дэд сайд Б.Болорын удаа дараагийн мэдэгдэл хэдхэн хормын хугацаанд хуучирч, худал байсан нь илэрч, бүрх малгай духдуулж, Буянт-Ухаад газардсан эрхэм эх орондоо ирсэндээ маш баяртай байгаагаа илэрхийлэв. Германы талаас “Та чөлөөтэй яв” гэжээ. Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-302 онгоцоор хамт ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ажилдаа шууд ороорой” гэсэн үүрэг даалгасныг хэвлэлийнхэнд дуулгаад хатуу хамгаалалт бүхий хар машинд суугаад одсон тэр үеийн үйл явдлыг одоо санах нь ховор.

Хоёр улсын хил дамнуулан хүн хулгайлсан хэргээр Их Британи, Германы шоронд жил орчим хоригдсон тагнуулч тэгж л нийгэм, улс төрийн хүрээнд анхаарлын төвд орж, илүү танигдаж байв. Монгол төрийн нүд, чих, түших тулгуур багана болсон Нэгдүгээр байгууллагын Сөрөх тагнуулын албаны офицер явсан түүнийг тэр бүр таних албагүй. Тийм шаардлага ч үгүй. Ерөнхийлөгчийн даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргын хувиар гадаадад томилолттой явахдаа буюу 2010 оны есдүгээр сарын 17-ны өдөр Лондоны “Хитроу” нисэх онгоцны буудлаас Английн цагдаа нарт баривчлуулсан талаарх мэдээлэлтэй л байлаа.

Гэхдээ жил гаруйн хугацаанд хоёр улсын шорон сэлгэн хоригдсон тагнуулчийг Цахиагийн Элбэгдорж хэмээх улстөрч Төрийн тэргүүнээр сонгогдсон хоёр дахь жилийнхээ босгон дээр хүүгээ дагуулсан аав шиг “өмчирхөн” авчирсан нь Монгол гэлтгүй дэлхийн сонорт хүрсэн юм. Хатуу хараа хяналт, басчхүү олон улсын дүрмээр яриа хэлцэл хийдэг дэг жаяг гэнэт “алдуурч” Улсынхаа Ерөнхийлөгчийн аяны богцонд “туулайчилж” ирсэн тагнуулчийг тойрсон хардлага АСУУЛТЫН ТЭМДЭГ хэвээр үлдсэн ч, хожим өрнөсөн үйл явдлаас тодорхой гарсан байдаг.

58-ЫН ЭСРЭГ НЭГ БУЮУ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ НЭГДҮГЭЭР ДАРГА

Ерөнхийлөгчийн л гаргасан санал.../2011 оны арваннэгдүгээр сарын 17/ Энэ бол Англи, Германы шорон дамжиж, эцэст нь Төрийн тэргүүнийхээ нүүрээр эх орондоо газардсан тагнуулч Б.Хурцыг хоёрхон сарын дараа Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэрийг нь дэвшүүлж, УИХ-аар хэлэлцүүлэх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгын гишүүдэд хандан хэлсэн тайлбар. Хуулиар олгосон эрх ямбынхаа хугацаанд гадаад тавцанд эх орноо төлөөлөх бүрэн эрх нь Ерөнхийлөгчид байдаг шиг дотоодод, тэр дундаа парламентын танхимд түүний байр суурь, дуу хоолойг хүргэх үүрэг Тамгын газрын даргад нь харьяалагддаг. Санал болгосон нэр дэвшигч, санаачилж, өргөн барьсан болон хориг тавьсан асуудал бүрийг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга эвсэл Зөвлөхүүд нь өөрт хамаарах сэдвийн хүрээнд тайлбар, хариулт өгдөг гэсэн үг. Гэхдээ тэр бүгд нь Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний байр суурь болж нийгэмд ойлгогддог учраас өөрсдийн дур зоргоор хувийн амбийцаар илэрхийлэх боломжгүй, хуулийн хязгаартай.

Өөрөөр хэлбэл, аль нам, эвсэл, фракцын дэмжлэгээр Б.Хурцыг зориуд Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилохоор болсон тухай гишүүдийн асуултад “Ерөнхийлөгчийнх” хэмээн төвөггүйхэн хариулсан Д.Баттулга даргын үг удалгүй биеллээ олж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүнээс 57 нь дэмжсэнээр жил гаруйн хугацаанд хүний нутгийн шоронд эрхээ хасуулан хоригдсон Б.Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилж байв. Асуулт, асууж, байр сууриа илэрхийлээгүй ч хуралдаанд оролцсон 57 гишүүнээс ганцаараа эсрэг санал өгснөөрөө Хөдөлмөрийн баатар Р.Раш ганцаараа “эсэргүү” болж протоколд тэмдэглэгдэн үлдсэн нь энэ. Нэгэн цагт олон улсад сэжигтэн, хэрэгтэн явсан тагнуулч Б.Хурц ингэж л Монголын шударга ёсны тэргүүн фронтод явдаг байгууллагын дэд дарга буюу гүйцэтгэх ажиллагааг гардан гүйцэтгэх гол хүнээр тодорлоо.

“АВЛИГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ” ДЭЭР БУУЛГАСАН АЯНГА

Анхны дарга нь цаг бусаар амиа алдаж, удаах нь гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шүүхээс ял сонссоноос өөрөөр авлига, албан тушаалын хэрэгтэй бодитой тэмцэж чадалгүй явсан АТГ тагнуулын хурандаа Б.Хурцыг очсоноос хойшхи хугацаанд амь орж, албажиж эхэллээ. Хуулийн гэхээсээ хэн нэгний, албан тушаалын эрэмбээрээ Төрийн нэгдүгээр хүний халаасны байгууллага мэт л ажиллав. Нийгэмд түгээсэн мессеж нь “Жараахайтай биш тултай тэмцэж байна” гэсэн гоё сайхан үгээр халхавчлах ч ачир дээрээ өрсөлдөгчөө, үгэнд орохгүй нэгнийг намнаж, номхруулдаг “Атгаалжин мангас”-ын дүрээр олон нийтийн ой тоонд буух болов.

Яг үнэндээ хувь улстөрчийн бус бүхэл бүтэн улсынхаа нэр нүүрээр Германы шоронгоос хурандаа Б.Хурцыг суллуулж, бүр эх орондоо буух хүртэл нь Төрийн хамгаалалтад дор авчирсан ашиг сонирхлын учиг тэгж тайлагдсан. Авлигатай тэмцэх газрын дэд дарга болгож дэвшүүлсэн Б.Хурц хуулийн нэрийн өмнөөс Ц.Элбэгдоржийн замд хөндөллөсөн бүхнийг “машиндав”. Аймгийн Засаг дарга нараас гавьдаггүй байсан АТГ-ын мутар УИХ-ын гишүүн, сайд, Улсын Ерөнхийлөгч асныг хүртэл сунасан нь нийгэмд эерэг чимээ өгсөн ч зөвхөн нэг хүнийг “Эзэн” өргөмжлөх “Хонгил”-ын хана, хэрмийг босгоно чинээ хэн ч санасангүй, санаанд нь ч буусангүй.

Энэ бүхий хамгийн тод жишээ, бодит баримт, амьд архив нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, парламентын спикер, Ерөнхийлөгч гээд 1997-2012 оныг хүртэл тасралтгүй Төрийн хамгаалалт, малгайн дор явсан түүнийг Авлигатай тэмцэх газрын комиссарууд нэг л өдөр оймсыг нь гозолзуулаад гэрээс нь баривчлав. Нэгэн цагт “Урт шар дээлтэй”-гээсээ эхлээд “Авлигын загалмайлсан эцэг” гэсэн цол гуншинтай болтлоо баалуулж, хардуулсан ч эрх мэдлийн сэтрийг Намынхан нь хүртэл тасалж, унагаах учраа олохгүй байхад гарт нь гав зүүж, дөнгөлөх газар нь АТГ байсан юм. Яг л Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа ажиллаж байх үед Сөрөх тагнуулын албаны ажилтан Б.Хурц Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар тэргүүтэй хүмүүсийн авлигын хэргийг илрүүлж, шуугиан тарьж явсан шиг.

“Авлигалыг бульдозeрдoнo”, “Төрөөс төрсөн тэрбумтнуудын эсрэг тэмцэнэ” хэмээх Ц.Элбэгдоржийн үг тийнхүү Н.Энхбаяр дээр хатуу буув. “Авлигын загалмайлсан эцэг” дээр буулгасан АЯНГА нь АТГ тэр дундаа өнөөх л Б.Хурц байсан нь одоо ч сонирхол татдаг. Асуудлын учиг Н.Энхбаярын албан тушаалаа урвуулан ашигласанд, Ц.Элбэгдоржийн шударгад биш ердөө л жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль угтсан, урьдаас бэлтгэсэн сценари л байв. Хожим Ц.Элбэгдорж улиран сонгогдоод төд удалгүй хорих ангид ял эдэлж байсан Н.Энхбаярт уучлал үзүүлсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Хувь хүний үзэмж, цаг үеийнхээ нөхцөл байдлаас хамаарч Н.Энхбаяр Ц.Элбэгдоржоос уучлал гуйх хэмжээний улстөрч биш авч Төрийн тэргүүнд олгосон бүрэн эрхээ эдэлснийг хуулийнхан хэрэгжүүлсэн нь маргашгүй үнэн. Хэрвээ Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр улирсан бол Ц.Элбэгдоржийн эсвэл өөр нэгний оймсыг гозолзуулах эсэх нь цаг хугацааны асуудал байв.

“ХОНГИЛ”-ЫН ЭЗЭН ИЛЧИГДСЭН НЬ

Тагнуулч Б.Хурцын дэглэлтээр өөрт нь дөнгө болохуйц өрсөлдөгч бүрийг зайлуулж эхэлсэн Ц.Элбэгдоржийн сонирхол өрөөлийн гэлтгүй өөрийн намынхнаа өчиггүй шахаанд оруулснаар үргэлжлэв. Хувьсгалын тохироо нь бүрдэнэ гэдэг шиг хүсч, эрэлхийлсэн “Хонгил”-оо тэрбээр хууль, шүүхийн байгууллагаар дамжуулан нэгэнт байгуулжээ. Араандаа зууснаа АТГ-аар чангалуулж, арай дөнгүүрийг нь шүүхээр оруулж ялладаг болов. Бүгдээрээ тохироотой, бас унацтай. Эрх ашгийн зөрчил нь өвөр түрийндээ багтахаа болиход АТГ-аар сэлэм эргүүлж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг төвөггүйхэн унагааж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилууллаа. Ажлаа авсан тэрбээр хамгийн эхний шийдвэрээр тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нарыг өөрчилсөн. Авлигатай тэмцэх газрын дэд дарга явсан Б.Хурц Тагнуулын дарга болж дээшилсэн.

Хуучин албандаа ирсэн мэт харагдавч Б.Хурцын эл томилгоо үнэндээ барьцаа лавшруулсан явдал байлаа. Тагнуулын ерөнхий газрын дарга чиг үүргийнхээ хүрээнд Ерөнхий сайдад шууд хамаардаг ч Б.Хурцыг яаран томилуулснаараа хүссэн ч, эс хүссэн ч Ц.Элбэгдоржийн халаасанд оруулчихсан хэрэг. Өмнө нь Авлигатай тэмцэх газар, шүүх, прокуророос бүрдсэн “Хонгил”-той байсан тэр тагнуулыг татан оролцуулж, хүчээ зузаатгав. Тэр цагаас уул уурхай тойрсон ашигт малтмалын буюу ихэвчлэн том мөнгөн дээр эргэлддэг Ц.Элбэгдоржийн сонирхол “Хонгил”-оосоо хальж, УИХ, Монгол төрийн зовлон болж эхэлсэн юм. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч Ц.Элбэгдоржийн бүтээсэн “Хонгил”-оор орох шахсан нэгэн.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид, сумогийн их аварга Д.Дагвадоржоор хүч нэмэгдүүлсэн тамирчид “Баянгол” зочид буудлын үүдэнд хүчний байгууллагынхантай сөргөлдөх нь холгүй хамгаалалтад гарч холбоо /Жүдогийн холбоо/-ны Ерөнхийлөгчийнхөө аюулгүй байдлыг хангасан. Ойролцоо барилгад ажлаа хийж явсан ажилтныг мэргэн буудагчаар хүртэл тодруулсан эл үйл явдлын үнэн төрх, шалтгаан нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн хоёр улстөрчийн эрх ашиг дээр л тогтож байлаа. Араас нь “Прокурорыг хэн томилдог билээ Ерөнхийлөгч, Цагдаагийн даргыг хэн томилдог билээ Ерөнхий сайд” хэмээн хөдөө орон нутагт томилолттой явсан УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдэл хийж, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатад үүрэг өгч байв.

Энэ бүхний төгсгөлд Ерөнхий сайдын сэнтийгээс нь буулгасанд өс санаж, өнөөг хүртэл өшөөтөн явдаг Н.Алтанхуяг чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд мэдэгдэл хийж “Шударга бусын Хонгил” гэж байдаг, толгойлогч нь Ц.Элбэгдорж хэмээн бусдаасаа түрүүлж зарлаж байв. Ингэж л хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг төлөөний хүнээрээ дамжуулж, зангидаж, залуурддаг Ц.Элбэгдорж, гүйцэтгэгч Б.Хурц нарын босгосон “Хонгил”-ыг нийгэм, улс төрийн хүрээнд бодитоор таниж эхэлсэн юм.

ГЕНЕРАЛЫН МӨРДЭС, ГАВЬЯАТЫН ЦОЛНЫ ҮНЭТЭЙ ХИШИГ

“Шударга бусын Хонгил”-ын эзэн нь Ц.Элбэгдорж, гол хамсаатан нь тагнуулч Б.Хурц, Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зориг гэдгийг Н.Алтанхуяг зүгээр ч нэг нэр цохож хэлээгүй. 2015 оны сүүлчээр Б.Хурцад генералын алтан мөрдэс, 2016 оны эхээр гавьяат хуульчийн тэмдэг Ц.Зоригийн энгэрт өөрөө очоод гялалзчихаагүй. Төрийн нэрийн өмнөөс эзэн Ц.Элбэгдоржийнх нь хүртээсэн хувь хишиг л байлаа. Б.Хурц Ц.Элбэгдоржийн хамтрал Ерөнхий сайд байх үеэс эхтэй бол Ц.Зоригийнх Ерөнхийлөгч болсноос нь хойш үргэлжилдэг. Ц.Элбэгдорж 2009-2017 онд Төрийн тэргүүнээр ажилласан гэж тооцвол энэ хугацаанд Б.Хурц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаас АТГ-ын дэд, Тагнуулын ерөнхий газрын дарга болтлоо дэвшсэн байдаг. Харин Ц.Зориг нь 2010-2019 оныг хүртэл Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж, тэгэхдээ гурван жил Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албатай байв.

Нэг үгээр, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Б.Хурцыг дэргэдээ авч, Ц.Зоригийг Улсын Дээд шүүх рүү илгээжээ. Удтал “Хонгил”-ынхоо суурийг зассан тэрбээр улиран сонгогдсоныхоо дараа “Шударга л байя” хэмээгээд Шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн, өөрөө болон бусад нь ил цагаан гарах боломжгүй учраас Хуулийн сайд Х.Тэмүүжинг ацагласан. Үр дүнд нь анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдахад 100 мянган ам.доллар, хяналтын шатных болохоор 200 мянган ам.долларын авлига авдаг нь гурван жилийн өмнө ил болж байлаа. Үнэний ортой л яриа.

Монголын хууль тогтоох байгууллагуудаас хамгийн өндөр цалин авч, бүх насаар нь томилдог цор ганц алба нь шүүгчид болсон ч тэд ингэж л даам гарсан. Засаглалын гурван мөрчийн нэг, шударга ёсны гол хэмжүүр болсон шүүх байгууллагыг замхруулах, ганцхан хүнээс хараат болгох бат суурийг зассанаараа Б.Хурц генералын мөрдэс зүүж, Ц.Зориг гавьяат хуульч болсон нь Монгол төрийн үнэлэмжийг үнэгүйдүүлж, үгүйсгэсэн, нэг ёсны эмгэнэл байв.

“ХОНГИЛ”-ЫН ШИНЭ ЭЗЭН

Албан тушаал өнө мөнх биш. Гэхдээ мөнхийн эрх ашиг байдаг нь туйлын үнэн. Ц.Элбэгдоржийн бүрэн эрх хуулийн хугацаанд шахагдаж, дуусгавар болоход монголчууд сонголтоо хийж Х.Баттулгыг ялагчаар тодруулав. “Шударга байцгаая” хэмээх уриа “Монгол Ялна” болж өөрчлөгдөв. Гэвч “Хонгил”-ын эзнийг өөрчилж, Ц.Элбэгдоржоос Х.Баттулгад түлхүүр нь шилжсэнээс бусдаар Монгол ялсангүй. Тав дахь Төрийн тэргүүнээр сонгогдсон Х.Баттулга УИХ-ын дарга асан З.Энхболдыг Тамгын газрын дарга, заналтайгаар огцруулсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ахлах зөвлөх, нэгэн цагт хуулийн байгууллагын хаалгыг хамт сахиж, яллагдагчаар хүртэл татагдсан А.Гансүхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар дэвшүүлэн томилов.

“Хонил”-ын эзэн нь, гүйцэтгэгчид нь багаа сольсон болохоос уг суурь, малгай нь огтхон ч өөрчлөгдөөгүй хэрэг. Эсрэгээрээ яллагдагчид Төрийн толгойд зайдалж, сонгуульд унасан шороотой бөхчүүд албан тушаалын бялуунаас хүртэж эхэлсэн юм. З.Энхболд, А.Гансүх нар Х.Баттулгын хамтрагч, итгэлт хүн нь байж болох ч өөрийг нь заналтайгаар огцруулж байсан хүнийхээ Зөвлөхөөр очсон Н.Алтанхуягийн үйлдлийг гайхаж, эгдүүцэх нь олон байлаа. Ямар сэжим, тохироогоор Н.Алтанхуяг Х.Баттулгын бөөрөнд очиж наалдсаныг хэлж мэдэхгүй ч ганц үнэн нь “Хонгил”-ын шинэ эзэндээ тал зассан үйлдэл л байв.

ШИНЭ ҮЕИЙН НОГООН МАЛГАЙТАН

Х.Баттулга бурхны шашинд ямар сүсэгтэйг нь хэлж мэдэхгүй, өөрөө ч энэ тухайгаа ярьдаггүй. Гэхдээ тэр монголчуудын оюун санааны дархлааг соёлоор дамжуулан бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс 2009 оноос нэгэн төслийг санаачлан хэрэгжүүлсэн нь “Их майдар” цогцолбор. Ард түмэн, аж ахуйн нэгжээс хэдий хэмжээний хандив цугларсан талаарх тоон дүн нь өнөөг хүртэл байдаггүй ч 2016 онд ашиглалтад оруулахаар зарласан уг бүтээн байгуулалт буурин дээрээ өвгөрсөн нь нууц биш, хэн бүхний нүдэнд ил байгаа зүйл. Үүн шиг “Монгол Ялна” уриаг сонгуулийн тугаа болгосон тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөөсөө шинэ үеийн ногоон малгайтны дүрээр хууль хяналтын байгууллагыг гартаа оруулах замдаа гарсан юм. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүтээсэн “Хонгил”-ын тусламжтайгаар.

Ерөнхий сайдууд шоронд орох гэмтэй юу

Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагын удирдлагыг өрөөндөө дуудаж, үүрэг чиглэл өгсөн. Бүр прокурорын байгууллагад өөрийн биеэр очиж иргэн Х.Баттулгынхаа хувиар Ц.Элбэгдоржийг шалгуулахаар гомдол гаргаж байсан нь саяхан. Гомдол гаргасан албан бичигт иргэн Х.Баттулга гэж цохогдсон болохоос Улсын ерөнхий прокурор Ерөнхийлөгчийнх гэсэн итгэл үнэмшлээр хандах нь хэн бүхэнд ойлгомжтой. Ийм л нэгэн ил цагаандаа гарсан нөлөөллийн үйлдэл өнгөрсөн хугацаанд нэг бус удаа гарсан нь бодит баримт. Нэг үгээр, Ц.Элбэгдоржийн “эх барьсан” “Хонгил”-ын түлхүүрийг атгасан Х.Баттулга ингэж л өөрт олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагад “боловсон” дарамт үзүүлж эхэлсэн. Ц.Элбэгдорж хууль, шүүхийн байгууллагад томилсон Б.Хурц, Ц.Зориг гэсэн төлөөллөөрөө дамжуулж мутраа сунгадаг байсан нь Х.Баттулгын үед Төрийн тэргүүн нь өөрөө гүйцэтгэж харуулдаг жишгийг тогтоосон хэрэг.

Өөрөө болон өрөөлөөр ил бас далдуур нөлөөллөө тогтоох болсон Х.Баттулга санасандаа хүрсэн. Хүрэх хүрэхдээ Ц.Элбэгдоржоосоо ч илүү эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх шахалтыг УИХ-д үзүүлснийг нь ёсоор болгосон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр АТГ, прокурор, шүүх байгууллагын удирдлагыг чөлөөлнө гэсэн ганц өгүүлбэр, нэмэлт өөрчлөлтөөр “Бурхан”-ы энтэй болсон юм. Н.Энхбаярыг орчин цагийн “Хаан” гэдэг байсан шиг л... Үүнийгээ бусдад батлан харуулан шаардлага үүссэнээр М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат гэсэн гурван ч Ерөнхий сайдад хэрэг үүсгэж, ял ногдуулсан нь Ардчилсан Монгол Улсад гарсан хамгийн дуулиантай үйл явдал болсон юм. Хэрвээ Н.Алтанхуяг ахлах зөвлөхөөр очиж, Х.Баттулгад тал засч, эв дүйгээ олоогүй бол сонгуульд нэр дэвших нь битгий хэл хууль хяналтын байгууллагаас уяатай бүр “Монгол Улсын нэрийн өмнөөс...” уншуулсан дөрөв дэх Ерөнхий сайдаар үлдэх байсныг үгүйсгэхгүй. Хэзээ нэгэн цагт Х.Баттулга ч Ц.Элбэгдоржоос өвлөж авсан, өөрийнхөөрөө засч бэхжүүлсэн “Хонгил”-оороо орохыг таашгүй, тийм үе ирэхгүй гэх баталгаа үгүй.

“ХОНГИЛ” НУРЖ БАЙНА

Ц.Элбэгдорж хэлдэг л юм. “Х.Баттулга бол миний амин найз. Найз нөхдийн хоорондын тэр харилцааг хэн ч өөрчилж чадахгүй. Цаг хугацаа ч чадахгүй” гэж. Тэр нь ч үнэн. Ардчилсан хувьсгалын анхдагчдыг төрүүлсэн, өдгөө ч нам дотроо томоохон байр суурийг эзэлдэг МоАХ-ны тэргүүний албыг Х.Баттулгад шилжүүлэн өгч, АН-д нөлөө бүхий орон зайтай улстөрч болох замыг зассан хүн нь яах аргагүй Ц.Элбэгдорж.

Тавантолгой, түүнийг тойрсон төмөр замын сэдэв нийгмийн талцуулж эхлэхэд маргааны гол автор Х.Баттулгыг өрөөндөө дуудаж ирүүлээд хагас цаг орчим хугацаанд загнасан хүн нь мөн л тэр.

Тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод Ц.Элбэгдоржоос Төрийн тамга гардсан нь Х.Баттулга гээд энэ хоёр эрхэмд шадарлаж, зөрчилдөж, залгамжилж явсан үе бий. “Хонгил”-ын түлхүүр ч Ц.Элбэгдоржоос Х.Баттулгад шилжсэн зэрэг нь тэднийг аргагүй л амин найзууд гэдгийг илтгэнэ.

Гэвч Ц.Элбэгдоржийнхоо үгэнд ороогүйн шанд албан өрөөндөө шалгалт оруулж байсан Х.Баттулга өс санахдаа өөрийн биеэр прокурорт гомдол гаргаснаар тэрхүү асуудал нь “нимгэрсэн”. Гэхдээ цаг цагаараа байдаггүй гэдэг шиг энэ парламент Шүүх шинэтгэлийг дахин явуулж, Ерөнхийлөгчид хамаарах эрх мэдлийг хумьж, мухарласнаар “Хонгил”-ыг ул сууриар нь нураах эхлэлийг тавилаа. Авлигатай тэмцэх газрын даргын томилгоог ч Төрийн тэргүүний халааснаас сугалсан нь “Хонгил”-ын эзэн Х.Баттулгыг өөрийг шахаанд оруулав.  Ц.Элбэгдоржийн 11 жилийн өмнө босгосон “Хонгил” Х.Баттулгын үед нурна гэдгийг тэд тооцоолж, төсөөлөөгүй явсан нь мэдээж.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
N24 (64.119.27.36) 2021-02-24 16:40:41
Хонгил нурсан уу гэдгийг цаг хугацаа л харуулнаа!!