Фитнессээр хичээллэх хоёр сарын төлбөрийг төр даахгүй

Залуусыг ажлын байранд бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийн хүндрэлээс гарахаа мэдэгдсэн. Хөтөлбөрийн хүрээнд фитнессээр хичээллэх хоёр сарын мөнгийг Засгийн газраас гаргаж, 500 тэрбумыг зарцуулахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг тайлбар хийжээ. Тэрбээр “Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Зарим хэвлэл, нийгмийн сүлжээгээр залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл худлаа. 

Хөтөлбөрийн хүрээнд залуусыг ажлын байранд бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа залуусыг  багц сургалтад хамруулж, мэргэшил олгож, ажлын байранд бэлтгээд нэг сая төгрөгийн урамшуулал олгох юм” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.