А.Ариунзаяа: 500 залууг сая төгрөгийн тэтгэлэгтэйгээр сургалтад хамруулна

Дөрөвдүгээр сарын 1-нээс 500, цаашлаад сард 5000 хүртэл залууг бүртгэж, сургана гэсэн төлөвлөгөөтэй байна.

Засгийн газраас хэрэгжүүлэх 500 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулах асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.


-Залуучуудын ажлын байрыг дэмжих 500 тэрбум төгрөгийн хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанд оруулах бэлтгэл ажлыг хангасан гэсэн. Хөтөлбөрийн хүрээнд хэчнээн ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоно гэж төлөвлөж байгаа вэ?

-Засгийн газраас цар тахлын дараах эдийн засаг, нийгмийн амьдралыг хэвийн байдалд оруулах 10 наядын төлөвлөгөөг Ерөнхий сайд танилцуулсан. Энэ төлөвлөгөөн дотор залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гэж байгаа. Үүний хүрээнд манай яамнаас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих богино хугацааны сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлуудыг хангаад байна. Энэ нь зөвхөн нэг яамны асуудал биш салбар дундын зохицуулалтын асуудал юм. Энэ хөтөлбөр нь манай яам халамжаас хөдөлмөрт шилжинэ гэсэн томоохон зорилттой уялдана. Манай улсад хүнсний талон авдаг 430 мянган өрхийн 235 мянган иргэн байдаг. 430 мянган өрх дотор ажилгүй залуучуудын судалгааг гаргаж, нэг сая хүртэл төгрөгийн тэтгэлэгтэй нэг сарын хөдөлмөрт бэлтгэх сургалтыг явуулна гэсэн агуулгаар хөтөлбөрөө бэлтгэж байна. Энэ сургалтын зорилго нь мэргэжил, мэргэшил олгох гэхээсээ илүү хандлагын өөрчлөлт болоод хувь хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээлд ороход нь бэлтгэх юм. Эхлээд Засгийн газрын хуралдаанд танилцуулаад төсөв мөнгөө батлуулах ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ. Шинэ төсөл учраас дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс 500, цаашлаад сард 5000 хүртэл залууг бүртгэж, сургана гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Сургалтад хамруулсны дараа ажлын байртай болгох тал дээр танай яам хэрхэн оролцох вэ?

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр учраас салбар яамд, хувийн хэвшил, ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын бүгдийнх нь оролцоо чухал. Бүтээн байгуулалтын ажилд маш олон төсөл хөтөлбөр эхлэх гэж байна. Манай улсад мэргэжлийн ажилчин анги дутагдалд орчихсон байна. Тиймээс ажилгүй байгаа залуусыг улс орныхоо бүтээн байгуулалтад оролцох хүсэл сонирхлыг нь сэргээх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой. Энэ хөтөлбөрийг эхлүүлэхээсээ өмнө ажлын байрны захиалгын судалгааг гаргана. 

-Эхний ээлжид 500 залууг сургалтад хамруулна гэж байна. Одоогийн байдлаар ажилгүй иргэдийн тоо хэд хүрсэн бол?

-Үндэсний статистикийн хорооноос ажиллах хүчний судалгааг гаргадаг. 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоо 90 мянга гарсан байсан. Үүнээс гадна байнгын ажилтай боловч цалинтай, цалингүй чөлөө олгосон, 50, 60 хувиар цалинжуулж байгаа маш олон зохицуулалттай 50-60 мянган иргэн байна. Ингээд тооцохоор хөдөлмөрийн зах зээлд ажилгүй 100 мянга гаруй иргэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэд буюу ажил хайж байгаа иргэд 25 мянга гаруй байна. Залуучуудын ажлын байрыг дэмжих хөтөлбөр бол богино хугацааны шийдэл. Урт хугацаандаа бид боловсролын салбараа системчлээд харах ёстой юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.