Уран ээжийн удмаас өвлөгдсөн урлах авьяастан

Өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлхийг хүсдэг олон залуусыг хөрөнгө санхүүгийн асуудал тушдаг.

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг  “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог  цуврал нийтлэлдээ М.Эрдэнэбулгыг урьсан юм. Урлах ухаанд мэргэжсэн уран бүсгүй  хань, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хоббигоо хөгжүүлж бизнес болгохоор цаг наргүй хөдөлмөрлөж яваа тэрбээр нэхмэл бүтээл урлагчдын тод төлөөлөл. Үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ өөрийнхөө чаддаг зүйлийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үнэ төлбөргүй заадаг өглөгч нэгэн. Арван настайдаа нэхэж сурсан хэмээн инээмсэглэх М.Эрдэнэбулгын анхны бүтээл нь бээлий. Авьяас өвлөгдөж ирдэг гэх нь бий. Ачлалт ээж нь юм нэхэхдээ гаргууд нэгэн учир түүнд ийнхүү өвлөгджээ. Амжилтын зүг алхам алхамаар ойртож яваа авьяаслаг, ажилсаг урлаачын амьдралын замналаар аялсан юм.

Өнөр бүлд өсч хүмүүжсэн М.Эрдэнбулга багын дуу цөөтэй, даруухан охин байжээ. Арван жилээ төгсөөд аавынхаа мэргэжлийг өвлөж цэргийн хүн болно гэсэн мөрөөдлөөр жигүүрлэж явсан ч намхан учраас хүссэн сургуульдаа суралцаж чадаагүй гэнэ. “Найман хүүхэдтэй айлд өссөн. Олон ах, эгчтэй болохоор үргэлж л багадсан хувцсыг нь өмсөнө. Шинэ хувцас өмсөх нь ховор. Түүнээс болсон ч юм уу ээжийнхээ цэцгэн хээтэй нээх гоё юбкыг эвдээд өөртөө юбкан өмд хийж байсан. Зун болохоор л гоёно. Анхны урласан хувцас гэж хэлж болно. Ээж юм их нэхнэ. Бага байхад бид нарт ноосон өмд, оймс, ороолт малгай, бээлий, майк нэхэж өмсүүлнэ. Ээж минь миний их багш. Оюутан байхдаа өөрт хэрэгтэй хувцсаа нэхээд л өмсөнө. Найзууд “Надад өгчих. Чи дахиад нэхчих юм чинь гээд авчихна”  хэмээн дурсамжаа хуваалцсан юм.

No description available.

М.Эрдэнбулга гурван жилийн өмнөөс гутал нэхэж эхэлсэн гэнэ. Интернэтээс эрэл хайгууль хийж, загварлаг гутлын зураг хараад “Заавал нэхэж сурна” гэж өөртөө амлалт өгсөн нь өнөөдөр биелэлээ олжээ. Энэ нь түүнийг эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж чаддаг гэдгийг нотлох мэт. Анх бичлэг үзэж дагаж нэхэж суч байсан бол өдгөө өөрөө загвараа гаргадаг болжээ. Хэн нэгний хийсэн бүтээлийг хуулбарлах дургүй гэх бүсгүй улиралдаа тохируулж, загварын чиг хандлагатй уялдуулж, урладаг аж. “Би намар, өвлийн улиралд малгай ороолт, хүүхдийн цамц, бойтог нэхдэг. Харин хавар, зуны улиралд цүнх, гутал, тоглоом, амны цаасны хайрцаг зэрэг маш олон төрлийн зүйлийг нэхдэг. Нэхмэл гутал хийхэд загвараасаа шалтгаалаад зарцуулах цаг хугацаа харилцан адилгүй. Зарим гутлыг 3-4 цагт дуусаж байхад хоёр өдөр ч нэхэж дуусгадаг ажиллагаа ихтэй загвар байдаг” гэнэ.

No description available.

Одоогоос найман жилийн өмнө хоёр дохь охиноо төрүүлсэн үедээ хүүхдүүддээ зориулж, цамц бойтогны хослол, малгай ороолт нэхээд фэйсбүүк хуудастаа байршуулсан гэдэг. Хүн бүхний харц булаахуйц хайр татам бүтээлийг харсан хүмүүс “Захиалгаар нэхэх үү” гэсэн санал тавьдаг байжээ. Тэр үеэс л М.Эрдэнбулга захиалга авахаар шийдэж, ханиасаа 200 мянган төгрөг авч өнгө өнгийн утас, зүү аваад захиалга авч эхэлсэн байна. Захиалгынхаа мөнгийг хуримтлал үүсгэж, санхүүгийн сахилга баттай байх зарчмаар ажиллажээ.  Ингэж хуримтлал үүсгэх нь түүний ирээдүйд болон эргэлтийн хөрөнгөөр бичил бизнесээ томруулахад түлхэц болсон байна. “Хийсэн бүтээлийнхээ орлогыг хамаагүй зарлагдахыг хүсдэггүй. Хуримтлал үүсгэж, далд хийнэ. Ажлынхаа хажуугаар хоббигоо хөгжүүлж хийж байгаа учраас цалингаасаа сар бүр тодорхой хэмжээний мөнгийг хуримтлал дээрээ нэмдэг. Гутал цүнхний хослолоо 2.1 сая төгрөгөөр эхлүүлж, түүхий эд материалаа бэлдэж байлаа.  Арьсан дээр монгол хээ дарсан бэлдэц ашиглан нэхмэл цүнх хийж байгаа. Энэ  загварыг олон хүний сонирхлыг татсан. Тэр хэрээр захиалга нэмэгдэж байна” гэв.

No description available.

Өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлхийг хүсдэг олон залуусыг хөрөнгө санхүүгийн асуудал тушдаг. Харин М.Эрдэнэбулга анх ханиасаа дэмжлэг авч байсан бол хос цүнх, гутал хийхдээ хэн нэгнийг царайчилсангүй. Харин хөлс хүчээ дуслуулж олсон мөнгөө хуримтлуулж байсан нь түүнийг хүссэн ажлынхаа эхлэлийг саадгүй тавих үндэс болжээ. Санхүүгийн сахилга баттай байна гэдэг ийм л сайхан.

Тэрбээр одоогоор гутал, цүнхний есөн загвар гаргасан байна. Төсөөлөн бодсон олон загвар бий гэдгийг энд онцлох хэрэгтэй. Үнэлгээний хувьд ч иргэдийн амьжиргааны төвшинд тулгуурлаж тогтоожээ. Тодруулбал загвараасаа шалтгаалаад  гутал 45-90, цүнх 60-90, хосоороо 100-150 байдаг бол ороолт малгай 40-70, хүүхдийн цамц бойтог 45-60 мянган төгрөгийн үнэлгээтэй нэхдэг байна.

Захиалагчтайгаа загварынхаа талаар сайн ярилцаж хийдэг учир шүүмжлэлийн үгсийг төдийлөн сонсдоггүй аж. “Урмын сайхан үг сонсож, эрч хүчээр цэнэглэгдэнэ. Нэг захиалсан хүн дахин захиална. Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжтай байхыг харах л сайхан байдаг” хэмээв.

No description available.

Монголчууд ихэвчлэн импортоор оруулж ирсэн хувцас худалдан авч өмсдөг. Хувцас бүтэх шат дамжлагыг мэддэггүй хүмүүс ч бий. Үндэсний үйлдвэрлэл гэхээр үнэтэй байх ёстой юу хэмээн зэмлэл шүүмжлэлийн үгийг зэрэгцүүлж хэлдэг хүнтэй хаа нэг таарна.  Тэр бүхэнд М.Эрдэнэбулга эелдэгээр тайлбарлаж өгдөг “Миний хийсэн бүтээл 100 хувь гар нэхмэл. Машинаар хийсэн нэг ширхэг ч оёдол байхгүй. Би нэг загвараас 3-5 ширхэг гаргадаг. Олон тоогоор үйлдвэрлэдэггүй” гэж хэлдэг байна.

“Алтан” гартай хэмээн хүндлэгддэг М.Эрдэнэбулга бариа засал хийж бусдын өвчныг илаажруулж, хийсэн ажил бүрээрээ хүмүүсийг баярлуулдаг. Ариун цагаан үйлстэй түүний хэтийн зорилго өөрийн нэрийн урлантай болж, сургалт зохион байгуулж, олон хүнийг орлоготой нь залгаж, ажлын байраар хангах гэнэ. Дэлхий урлаачтай энэ тэнцэх бүтээлтэй эгэлхэн биендээ баймгүй хөдөлмөрч бүсгүйн хэлэх дуртай “Санаа зөв бол заяа зөв” хэмээх үгээр нийтлэлээ өндөрлөе.  Түүний замнал гэрэл адал цацарч, гэгээн бүхнийг дагуулах болтугай.

                                                                                     С.Ичинхорлоо

No description available.No description available.

No description available.

No description available.

No description available.No description available.

 

Сэтгэгдэл: (6)
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ганцэцэг (202.55.188.102) 2021-03-05 23:58:32
Үнэхээр мундаг сэтгэлтэй хүн байна лээ би анх дүүгийнхээ хуриманд зориулж сүйт бүсгүй залуу хийлгэж авсан үнэхээр хөөрхөн одоо тэр бүтээлийг охин нь хүүхэд болгож тоглодог мундаг хүн шүү . Цаашдын ажилд нь амжилт хүсье
(202.21.109.44) 2021-03-04 13:34:42
Ёстой л өөрийн биедээ ахадсан хөдөлмөрч бүсгүй шүү. Үгээр хэлэмгүй мундаг охин. Би бахархадаг шүү.
(202.126.88.215) 2021-03-04 12:32:44
Амжилт
(66.181.160.1) 2021-03-04 09:58:55
Мундаг авъяастай бүсгүйд амжилт хүсье.
(122.201.24.211) 2021-03-03 23:43:15
Amjiltiin deediig husiy
(202.55.188.83) 2021-03-03 10:23:49
Мундаг бүсгүйд амжилт хүсье