Г.Буяндорж: Шаардлагад хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана

Т.Ариунаа: Манай гэр бүлийг Монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье.

"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж, түүний гэргий, МУГЖ Т.Ариунаа нар прокурорын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ. Улмаар Улсын ерөнхий прокурорт шаардах бичиг хүргүүлж, 72 цагийн хугацаанд хариу мэдэгдэл өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ үеэр Г.Буяндорж "2011 оноос хойш Монголын прокурорын байгууллага БНХАУ-ын иргэн Шиан Дуншэний өргөдөл  гомдлоор иргэн Буяндорж надад болон миний ах дүү нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Миний бие 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэж, 409 хоног цагдан хоригдож, 25 тэрбум төгрөгийн компанийн эд хөрөнгөө алдсан. 2019 онд Монгол Улсын Дээд шүүхээс хэргийн хохирогч Шиан Дуншэн гэх хятад иргэн биш байна гэж дүгнэсэн. Үүний дагуу 2020 оны дөрөвдүгээр сард мөрдөн байцаах ажиллагааг буцаах шүүхийн захирамж гарсан байдаг.

Прокурорын байгууллагын нэр бүхий прокурорууд 10 жилийн турш Хятадын талд үйлчилж бүх яллах дүгнэлт нь Дээд шүүх дээр очиж хүчингүй болж унаж байна. Энэ үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байсан 4-5 прокурорын асуудал үүний цаана яригдана. Монгол Улсын Дээд шүүх “хохирогчийг буруу тогтоосон, хяналт тавьж ажилласан прокуроруудын хариуцлагагүй үйл ажиллагаа харагдаж байна” гэж дүгнэдэг.

Тийм учраас намайг болон манай гэр бүлийг 2011 оноос хойш хонгилын прокурорууд эзэнгүй хэрэгт намайг гүтгэж шалгасан энэ асуудлыг шалгуулахаар прокурорын ёс зүйн хороонд өргөдөл гаргаж байгаа. Ёс зүйн хорооны дүрэмд “Прокурор гаргасан шийдвэрийг хамгаалах ёстой, гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг хамгаалж, нотолж чадахгүй бол хууль зүйн хариуцлага хүлээх ёстой” гэсэн заалтаар нэр бүхий прокуроруудыг шалгуулахаар гомдол гаргаж байна.

Г.Буяндорж: 72 цагийн дотор шаардлагын хариуг өгөхгүй бол гэр бүлээрээ  суулт зарлаж, өлсгөлөн зарлана | iSee.mn

10 жилийн турш намайг хилс хэргээр гүтгэж, шалгаж буй энэ процессыг би яргалал гэж үзэж байна. Иймд Ерөнхий прокурорт гурван шаардлага хүргүүлж байна. Шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байна" гэлээ.

Түүний тавьсан шаардлагад:

-Нэгдүгээрт, 2011-2021 оны хооронд 10 жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 4-5 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх.

/Прокурор Ц.Батболд, Ж.Сандагсүрэн, Шүүгч С.Батжаргал, Хятадын талын өмгөөлөгч З.Шүрэнчулуун, өмгөөлөгч Ш.Хосбаяр/ Эдгээр хүмүүс НПГ-т бүгд прокуророор ажиллаж байсан.

-Хоёрдугаарт, нэр дурдагдсан хятад иргэнтэй холбоотой мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах.

-Гуравдугаарт, өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэхийг хүсчээ.

Харин МУГЖ Т.Ариунаа  “Миний хань  Г.Буяндорж  16 удаагийн шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдүүлсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн түүнийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж байсан. Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг Монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.