Б.Болд тэргүүтэй "Рио Тинто"-гийн удирдлагууд Монголд ирэхээр болжээ

Монголын Засгийн газраас Дубайн гэрээг цуцлах, төслийн үр өгөөжийг сайжруулах, ашгийн татварыг төлөх зэрэг тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн юм.

"Рио Тионто"-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болдоор ахлуулсан баг энэ сарын сүүлээр Монголд ирж, Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах асуудлаар хийж байгаа яриа хэлэлцээг дүгнэж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар уулзалт хийхээр төлөвлөжээ.

Оюу Толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулагч талууд хэлэлцээ хийж эхэлсэн. Хэлэлцээний ширээнд Монголын талаас Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, "Рио Тинто"-гийн талаас Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд нар ажиллаж, хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулсан юм. 

Ажлын хэсгийн анхны уулзалтын үеэр "Бид бүгд нэг завин дээр байгаа шүү. Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талуудад нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна" гэдгийг Б.Болд онцолсон байдаг.

Харин Монголын Засгийн газраас Дубайн гэрээг цуцлах, төслийн үр өгөөжийг сайжруулах, ашгийн татварыг төлөх зэрэг тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн юм. Энэ хүрээнд талууд Дубайн гэрээг цуцлахаар тохиролцсоныг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүн дэд дарга Б.Солонгоо мэдээлсэн. Мөн Монголын татварын албанаас нөхөн ногдуулсан 649 тэрбум төгрөгийн татварын торгууль, алдангийг Оюутолгой компаниас төрийн санд шилжүүлээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.