Б.Жавхлан: Иргэдэд 50, аж ахуйн нэгжид 500 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Энэ зээл зөвхөн орлого олдог, ажлын байр бий болгодог, цалин олгодог иргэдэд бизнесийн зориулалттай.

Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих хөнгөлөлтэй зээлийн талаар холбогдох тайлбарыг өглөө.


Тэрбээр "Засгийн газраас 10 их наядын төлөвлөгөөг танилцуулснаас хойш аж ахуй нэгж, иргэдээ дэмжих зээлийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлж байна. Иргэд, аж ахуй нэгжийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зээлийг төрөөс 60 хувь хүртэл батлан даахаар болсон. Эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийснээр макро зорилтот бодлогын хүрээнд багтаахын тулд судалгаа хийсэн. Арилжааны банкуудаар дамжуулж, хоёр их наядын ажлын байр хадгалах зээл гаргахаар боллоо.

Төрөөс зээлийн нөхцөлд НӨАТ төлөгч, улсдаа данстай байгаач гэсэн ганцхан шаардлага тавьж байгаа. Энэ нь зөвхөн аж ахуй нэгжид хамааралтай. Энэ төлөвлөгөөг танилцуулснаас хойш банкууд дээр маш олон хүсэлтүүд ирсэн байна лээ. Мөн энэ зээлийн үйлчилгээнд иргэд хамрагдана. Өөрөөр хэлбэл, бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана.

Энэ зээл зөвхөн орлого олдог, ажлын байр бий болгодог, цалин олгодог иргэдэд бизнесийн зориулалттай.  Тиймээс энэ чиглэлээр арилжааны банкуудтай хамтран судалгаагаар 50 сая төгрөг хүртэлх орлого олдог иргэдэд бизнесийн зээл олгоно. Аж ахуй нэгжүүдийн хувьд 500 сая хүртэлх, шаардлагатай бол зээлийн батлан даалтын сангаас 60 хувь хүртэл батлан даалгаж, зээл авах боломжтой" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.207.247.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.