Ж.Чинбүрэн: Нийслэлийн хэмжээнд 30 мянга гаруй иргэнийг вакцинд хамруулсан

Энэ долоо хоногоос вакцинжуулалтыг шуурхай явуулахаар цэгүүдийг нэмэгдүүлж олон хүнийг хамруулах бодлого баримталж ажиллаж байгаа юм байна.

УИХ-аас байгуулсан Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тодорхой мэдээллийг өгсөн юм.


Тэрбээр "Гуравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын 13 мянга гаруй ажилчид, дүүргийн онцгой байдлын 1219, цагдаагийн байгууллагын 2862, мэргэжлийн хяналтын 146, хорооны хэсгийн ажилтан 1368, 59-64 насны 69, стратеги ач холбогдол бүхий байгууллагын 1350 нийт 20376 иргэнийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулсан байна. Харин өчигдөр 11 мянга гаруй иргэн дархлаажуулалтад хамрагдаж өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийт 30 мянга гаруй иргэн эхний тунд хамрагдаад байна. Дархлаажуулалтад хяналт таних Ажлын хэсгийн гишүүд цэгүүд дээр очиж хяналт хийгээд явж байхад зөвхөн АстраЗенека вакциныг иргэдэд хийж байсан. УОК-оос дархлаажуулалтын эхний хоёр долоо хоногт шинэ вакциныг тандах зорилгоор зориудаар удаашруулсан байдлаар явуулсан. Харин энэ долоо хоногоос вакцинжуулалтыг шуурхай явуулахаар цэгүүдийг нэмэгдүүлж олон хүнийг хамруулах бодлого баримталж ажиллаж байгаа юм байна.

Коронавирусийн эсрэг вакцин тариулсны дараагаар 10 хүн тутмын нэгээс илүү хүнд тарилга хийсэн хэсэгт эмзэглэлтэй, өвдөх, улайх, загатнах, хавдах, хөхрөх, бие сульдах, чихүүдэс хүрэх, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг нийтлэг хариу урвал илэрч байна. Мөн 10 хүн тутмын нэгд нь тарилга хийлгэсэн газар хатуурах, дотор муухайрах, бөөлжих, хоолой өвдөх, нус гарах, ханиалгах зэрэг ханиад томууны нийтлэг шинж тэмдэг илэрсэн байна. 100 хүн тутмын нэгд толгой эргэх, хоолны дуршил буурах, хэвлий хэсгээр өвдөх, тунгалагын булчирхай томрох, хэт их хөлрөх, арьс загатнах, тууралт гарах зэрэг нийтлэг бус шинж тэмдэг илэрсэн байна.

Вакцинд хамрагдсан иргэдийн хариу урвалыг аваад үзэхэд эмнэлгийн тусламж авах хэмжээний хүндрэл илрээгүй. Вакцин хийлгэснээс хойш хариу урвал илэрч байна гэдэг нь дархлааны систем вакцины эсрэг ажиллаж эхэлж байгааг гэрчилж байна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Хэрвээ дээрх шинж тэмдгүүд 3 хоногоос дээш өдөр үргэлжлэх юм бол эмнэлгийн байгууллагад шууд хандах ёстой" гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.