А.Ариунзаяа: Хөдөлмөр эрхлэх боломжтой ч ажил хийдэггүй иргэн олон байна

Эмзэг бүлгийн, мэдээллийн дутмаг байдлын улмаас ажилд орж чадаагүй залуусыг сургана. Залуусыг хооронд нь өрсөлдүүлнэ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Засгийн газар дөрвөн жилийн хөтөлбөртөө дундаж давхаргыг өргөжүүлэх зорилт дэвшүүлсэн. Манай улсад ядуурлын түвшнээс доогуур амьдарч буй өрхүүд 1-5 халамжийн хөтөлбөрт хамрагдаж байна. Халамжийн сангаас нийт 72 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Иймд зарим өрх 5 хүртэл үйлчилгээ зэрэг авч байна.

Хөдөлмөрийн зах зээлийн тухайд манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.1 сая хүн бий. Тэдний 994 мянга эрэгтэй, 1.1 сая нь эмэгтэй байна. 

Ажилгүй иргэдийн 58 хувь нь хүнсний эрхийн бичиг авч байна. 15-39 насны буюу хөдөлмөр эрхлэх боломжтой атлаа ажил хийдэггүй иргэд олон байна. Сүүлийн жилүүдэд бид ядуурлын талаар их ярилаа.

Халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна. Иймд 18-35 насны залуучуудыг 1 сарын вакуумжсан сургалтад суулгана. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ. Энэ сургалт тэтгэлэгтэй. Залуусын хандлагыг өөрчлөх нь бидний гол зорилт. 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээсээр л байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэж ажил олгогчид байнга хэлдэг. Иймд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нийт 10 их наяд төгрөгийг зарцуулах хөтөлбөрийн  нэг хэсэг болох юм. Ирэх сард 500 залууг сургалтад хамруулна. Цаашлаад энэ тоо 1000 болж өснө. Энэ загвар амжилтад хүрвэл сард 5000 хүртэл тооны хүнийг сургана. БШУ, Соёлын яам, НХХЯ хамтран “Ажилтай залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Нэг сарын дотор тогооч болох боломжгүй. Эмзэг бүлгийн, мэдээллийн дутмаг байдлын улмаас ажилд орж чадаагүй залуусыг сургана. Залуусыг хооронд нь өрсөлдүүлнэ. Бүртгэлийн журмыг гарган танилцуулна. И-Монголиагаар дамжуулан бүртгэнэ. Эссе бичүүлж, ярилцлага аван сонгон шалгаруулна. Үүнд тэнцэхийн тулд залуус өрсөлддөг болоосой гэж бид хүсэж байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.