С.Амарсайхан: Ганц танайх шинжилгээ хийх хүчин чадалтай биш

ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн ажлын уялдаа хангалтгүй байна. Иймд бид газар дээр нь ирж байна.

Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ХӨСҮТ-д ажиллаж байна. Тус эмнэлгийн Тандалт судалгааны албанд 70 орчим хүн 08.30-23.00 цагийн хооронд ажиллаж байна.   

Энэ үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханд тус төвийн захирал болон дэд захирал Э.Тэмүүлэн нөхцөл байдлыг танилцуулсан юм. Холбогдох мэдээлэлтэй танилцсаны дараа тэрбээр "Тусгаарлагдсан иргэд шинжилгээ авалгүй удаж байна гэж гомдол мэдүүлж байна. Энэ сарын 11-нд БШУ-ны яам, Үндэсний статистикийн газарт сэжигтэй тохиолдол илэрсэн. Хоёр байгууллага нэг байранд байдаг. Сэжигтэй тохиолдол олон газраар явсан байсан. Гэтэл нэг давхрыг ариутгаад, зарим хүнээс шинжилгээ аваагүй байна. ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн ажлын уялдаа хангалтгүй байна. Иймд бид газар дээр нь ирж байна. Надад иргэдээс гомдол их ирж байна. Жижиг асуудал гээд хаяж болохгүй. Олон жижиг асуудал том асуудал үүсгэнэ" гэдгийг онцоллоо.

Хариуд нь "Зардал мөнгөө тооцоолоод бид дам хавьтлаас шинжилгээ авдаггүй. Манайд шөнө бүр 200 орчим хүн хонож ажиллаж байна. Ковидоос гадна сүрьеэ, хепатитийн өвчтөнүүдэд мөн үйлчилгээ үзүүлж байна. Ер нь сүүлийн үед халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндэрч байна. Өнгөрсөн долоо хоногт манайд 2 нас баралт гарсан. Нэг өвчтөнд 10 эмч, сувиалагч үйлчлэн ажиллаж байна. ECMO аппаратад орсон өвчтөн манайд 1, Цэргийн төв эмнэлэгт 1 бий. Манай Эмчилгээ эрхэлсэн дэд дарга, Сургалтын алба, Хүний нөөцийн албаны дарга болон Чанарын алба гэрийн тусгаарлалтад орсон. Завхан,Төв аймагт манай эмч нар ажиллаж байна" гэсэн тайлбарыг албаныхан өгсөн юм.                

Мөн эмч нараас бусад нь илүү цагийн цалингаа авсан. Жолооч нар олон цагаар дуудагдан ажиллаж байна. Сувилагч, жолооч нарт илүү цагийн мөнгийг нь өгсөн. Эмч нарт дараагийн удаа олгоно. Манай ажилчид энд 14 хоног, зочид буудалд 14 хоног тусгаарлагдаад сарын дараа гэртээ харьдаг. 200 хоног гэртээ хариагүй ариутгагч бий. хамгийн их ачаалалтай байгаа нь жолооч, ариутгагчид. Бусад нь сэлгэж ажиллах боломжтой. Хүмүүс туйлдаж байна.Машин нэмүүлэх шаардлагатайг нэмж тодотгов. 

Харин Шадар сайдын зүгээс "Үүнийг бид ойлгож байна. Машинаа шийдүүлэх нь та нарын асуудал. Бэлэг хүлээж байгаа юм шиг байж болохгүй. Машин том асуудал биш. Бусад эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээ мөн хийж байна. Ганц танайх шинжилгээ хийх хүчин чадалтай биш. Бусад эмнэлэг рүүгээ хуваарил" гэлээ.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.189.45) 2021-03-14 05:51:25
Цэргийн төв эмнэлэг СОВИД-н голомтод ажилласан эмч нартаа илүү цагийн болон онцгой нөхцөлд ажилласны нэмэгдэл өгөхгүй байгааг тайлбарлаж өгнө үү?!