Н.Энхбаяр: С.Ганбаатар бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Ганбаатар надтай зөвлөхгүйгээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжье гэж хэлсэн.

МАХН-ын Гүйцэтгэх товчооны хэвлэлийн хурлын үеэр намын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монголд улс төрийн хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг саяхан тэмдэглэсэн. Энэ арга хэмжээ гуравдугаар сарын 1-нээр хязгаарлагдахгүй.

Бүтэн жилийн турш явна. Энэ бол зөвхөн МАН, МАХН-ын тэмдэглэх ёстой үйл явдал биш. МАН, МАХН энэ 100 жилийг хамтран тэмдэглэх талаар яриа хэлэлцээр хийж байгаад сүүлдээ үйл ажиллагаагаа нэгтгэх асуудлыг ярьсан. Ингээд хоёр нам ажлын хэсэг байгуулаад ажлын хэсгүүд яриа хэлэлцээр хийж эхэлсэн.

С.Ганбаатар гишүүн улс төрийн хүчний хувьд хэлсэндээ байх зарчим баримталдаг гэдэг. Би ч энэ зарчмыг баримталдаг. Гэтэл УИХ-ын сонгуулийн дараа С.Ганбаатар бидэнд мэдэгдэлгүйгээр ярилцлага өгч, ирэх дөрвөн жил зөвхөн Эрдэнэтүүдийнхээ төлөө ажиллана, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гээд мэдэгдчихсэн. Үүнийг хэнээр ч хэлүүлэлгүйгээр өөрөө мэдэгдсэн. Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр бүрэлдсэн УИХ-ын бүрэн эрхийг нээхээс өмнө УИХ-д суудалтай намын дарга болон гишүүдийг хүлээж авч уулзсан.

Энэ үеэр С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ дахин хэлээд нутгийн ах Х.Баттулга Ерөнхийлөгч таныг дэмжиж ажиллана хэмээн надтай зөвлөхгүйгээр мэдэгдчихсэн. Бас нэг зүйл хэлсэн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Х.Баттулга танд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэж амлаж байсан. Гэтэл МАХН-ынхан нэр дэвш гэсээр байгаад дэвшүүлсэн. Тиймээс таниас уучлалт гуйж байна гэсэн. Тухайн үед Х.Баттулга "Ийм яриа болсон нь үнэн.

Гэхдээ С.Ганбаатар нэр дэвшиж байж, МАН-ын саналыг хувааж байж сонгуульд амжилттай оролцох нөхцөл бололцоо бүрдсэн юм. Тиймээс МАХН-д баярлаж байгаа”-г хэлсэн.

Би бол хоёр хүн хоорондоо ярьж улс төр хийх нь зохимжгүй гэж үздэг. Үүнийг өөрчлөх ёстой. Гэтэл сүүлийн үед С.Ганбаатар нэр дэвших ч юм шиг зүйл ярих болсон. Уг нь намынхантайгаа зөвлөлдөөд Х.Баттулга Ерөнхийлөгчид хэлж байсан үгнээсээ буцсан шүү эсвэл бид хоёрын хооронд бас нэг яриа болсон. Намайг дэвш гээд байгаа ч гэдэг юм уу, ний нуугүй юмаа яривал ойлголцох байсан. Намайг 12 жил нэр дэвшүүлэхгүй байгаа. С.Ганбаатар дэд дарга нь өөрөө дэвшихгүй гэдгээ зарлачихсан байгаа нөхцөлд бид Үндсэн хуульд заасан нөхцөлийг хангах хүнийг судална. Эсвэл МАН-тай хамтраад дундаасаа хамтраад нэг нэр дэвшигчийг гаргана. С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн учраас дэвшүүлэхгүй. С.Ганбаатар бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй юм чинь өөр хүнийг судална" гэсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.