Академич Н.Баасанжав дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал хүртжээ

Анагаах ухааны салбарт 50 гаруй жил ажиллахдаа зүрх судасны мэс заслаас гадна уушги, улаан хоолой, дотор гэдэс, элэс цөсний замын олон хувилбар хагалгааны арга технологийг төгс эзэмшжээ.

Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Начингийн Баасанжав Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал болох “Алтан” медалиар шагнуулжээ. Н.Баасанжав нь шинжлэх ухааны салбарт 10 гаруй нээлт хийсэн байна. Тэрбээр Анагаах ухааны салбарт 50 гаруй жил ажиллахдаа зүрх судасны мэс заслаас гадна уушги, улаан хоолой, дотор гэдэс, элэс цөсний замын олон хувилбар хагалгааны арга технологийг төгс эзэмшжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас ийнхүү шагнаж буй юм.

Академич Н.Баасанжав шагналаа гардах үеэрээ "Мэс заслын ажил нь ганц хүний хөдөлмөр биш. Энэ ажлыг гүйцэтгэхэд хамт олон, найз нөхөд, удирдах байгууллагууд ялангуяа ШУА, Шастины эмнэлэг, Анагаах ухааны хүрээлэнгийн дэмжлэг тусаар би энэ амжилтад хүрлээ гэж бодож байна" гэв. 

Энэ үеэр мөн ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл " Н.Баасанжав академич маань зургаан хүнийг шинжлэх ухааны доктор,  36 хүн доктор цол хамгаалахад удирдаж ажилласан. Энэ хүний Монгол Улсын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг эрдэм шинжилгээний нэг хүрээлэнгийн ажилтай дүйцүүлэн үзэж болох юм. Тийм хэмжээний хүний нөөцийг өөрөө удирдан бий болгосон хүн. Одоо энэ хүнийг дэлхий харж ойлгож байна. ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич маань өнөөдөр дэлхийд хөдөлмөрөө үнэлүүлсэнд туйлын баяртай байна" гэлээ.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал  “Алтан” медалиар  дэлхийн 130 орны 2000 хүнийг шагнаж байжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.