Сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг солиход 100 тэрбумыг зарцуулна

“Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах 100 тэрбум төгрөгийг үе шаттайгаар санхүүжүүлэх юм.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолыг мөн баталсан байдаг. Энэхүү тогтоолын 1.5 дэх заалтад “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан.

Уг ажлын хэрэгжилтэд  хяналт тавих, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан юм. Тэгвэл өчигдөр /2021.03.12/  “Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2023 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” хэлэлцүүлэг  Барилгын хөгжлийн төвд боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ё.Баатарбилэг, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Б.Жаргалмаа, БШУЯ-ны ТНБД-аар ахлуулсан дэд ажлын хэсгийн гишүүд, БХБЯ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, БХБЯ-ны холбогдох албан тушаалтан, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгээр БШУЯ-ны ТНБД Д.Батбаатар үйл ажиллагааны явц, Мобиком корпораци болон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хамтран хэрэгжүүлсэн “WASH” төслийн танилцуулга, Баруун 3 аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байранд хийгдсэн ариун цэврийн байгууламжийн төслийг танилцууллаа.

Мөн ОХУ, ХБНГУ зэрэг олон улсын Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой технологийг танилцуулсан ба Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирох хэд хэдэн технологи байгааг эрдэмтэн, судлаачид, инженер, бизнес эрхлэгчид үг хэлэхдээ онцоллоо. Ажлын хэсгийн гишүүд судалгаа мэдээлэл хангалтгүйгээс ажил удааширч байгааг санууллаа. Үүнд ажлын дэд хэсэг онцгой анхаарч уг ажлыг түргэтгэх тухайд  хэлэлцүүлэгт оролцогчид санал, байр сууриа илэрхийлэв.

Ташрамд дурдахад Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр гаднаа модон жорлонтой байна гэсэн судалгаа байдаг. Эдгээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд халуун орчноос  гадаа бие засдагтай холбоотойгоор суурь өвчтэй болох, халдварт өвчин авах, улмаар жорлонгийн нүхэнд нь унах зэрэг эрсдэлтэй асуудлууд байдаг байна.

“Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах 100 тэрбум төгрөгийг үе шаттайгаар санхүүжүүлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.