"Улаан алт"-ны уран дархан

Урласан бүтээл бүртээ үндэсний өв уламжлалыг шигтгэж, хээ угалзтай хослуулдаг нь монгол ахуйг илтгэх мэт.

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн үндэсний болон өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ П.Мөнхгэрэлийг урьсан юм.


Тэрбээр эрүүл мэндэд ээлтэй эмчилгээний гэгддэг зэсэн бүтээгдэхүүн урлагч. Түүний хувьд наймдугаар ангиасаа ах, эгчийнхээ дархны цехэд тусалж, хүүхдийн сүүжин мөнгөн ээмэгний загварыг зохиож байжээ. Тэр үеэс өнөөг хүртэл уран дархны үйл амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон байна.

Дархан хүн бурхан ухаантай гэдэг. П.Мөнхгэрэл ханьтайгаа мэргэжил нэгтэй. 2000 оноос хамтдаа дархны цех ажиллуулж, мөнгөн аяга урлаж эхэлсэн байна. Мөнгөн аягыг төрөл бүрийн загвартай хийж худалддаг байсан тэд санхүүгийн хувьд ч хүндрэл саадгүй ажиллаж байв. Гэвч 2007 онд дэлхийн эдийн засгийн хүндрэл Монголд ч нөлөөлж, тэр хэрээрээ түүхий эдийн үнийг хөөргөдөж, алдагдал дагуулах болжээ. Түүхий эдийн үнийн шуурганд автсан хүмүүс ч алдагдал багатай ажиллах гарц гаргалгаа хайж, олсон нь орц багатай мөнгөн аяга хийх байв.

Харин П.Мөнхгэрэл ханийнхаа хамт хэвийн хэмжээгээр хийж байсан ч орц багатай, хямдхан аягыг сонгох хүн олширчээ. Бусдынхаа жишгийг дагасан ч “Хэт нимгэн байна” гэх шүүмжлэл дагуулсан байна. Ийнхүү мөнгөн аяганы зах зээл хумигдахтай зэрэгцэн тэрбээр шинийг эрэлхийлсэн нь зэс байжээ. Мөнгөн аяга гэхээсээ зэсээр бүтээгдэхүүн хийж, хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьсон нь тийм ч буруу сонголт байсангүй. Эхлүүлсэн ажилдаа эзэн болж, тогтвортой үргэлжлүүлэхэд хөрөнгө санхүүгийн асуудал тулгарахад ах, эгчийнхээ дэмжлэгтэйгээр саадгүй бүтээжээ.

No description available.

Бүтээгдэхүүний загвар, хийцээ хэрхэн гаргахаас эхлээд зах зээлд нийлүүлэхэд хэрэглэгчийн зүгээс ирэх хандлагыг судалжээ. Анхны загвар болох домбыг хийхэд  дөрвөн сарын хугацаа зарцуулсан аж. Зэс эдлэл нь өрх гэр, ам бүлийн “сувилагч” гэдэг. Монголчууд эрт үеэс эдүгээ хүртэл хэрэглэсээр ирсэн ч учиртай. Одоогийн байдлаар халуун сав бүхий цайны домбо, айрагны саахуу, цэвэр усны сав, зэс дотортой аягыг тэд урландаа хийж байна.

Уйгагүй хөдөлмөр, ур дүй, уран сэтгэмж, урлах ухаан шингэж бүтээсэн зэс эдлэл бүр өөр өөрийн онцлогтой. Эрэгтэй хүмүүстэй эн зэрэгцэн ажралгүй ажиллаж ирсэн П.Мөнхгэрэл өмнө нь түрээсийн байраар “нүүдэллэж” байсан ч өдгөө хашаа байшинтай болсноор үйлдвэрлэлийнхээ асуудлыг шийдвэрлэжээ. Иргэнийхээ үүргийг биелүүлж, улсдаа татвараа төлөхийн зэрэгцээ цаг, минут тутамд зогсолтгүй хөдөлмөрлөсний үр шимийг ийн үзсэн хэрэг. Ажил хийвэл ам тосдоно гэж энэ.

Дэлхий зах зээлд зэсийн үнэ өсөх нь эдийн засагт хэрэгтэй ч түүнийг дагасан түүхий эдийн олдоц багасдаг гэнэ. Энэ нь зэсээр дагнаж үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрлэгчдэд багагүй хүндрэл учруулдгийг тэрбээр онцолж байсан юм. Усны аяганаас эхлээд домбо, айрагны саахуу худалдаанд гардаг шигээ тийм ч амархан бүтчихдэггүй. Гаднах төрх, түүнийг дагасан хээ угалзнаас гадна доторхийг хийхэд 100 хувь гар ажиллагаагаар бүтдэг учир хугацаа шаардана. Урласан бүтээл бүртээ үндэсний өв уламжлалыг шигтгэж, хээ угалзтай хослуулдаг нь монгол ахуйг илтгэх мэт.

No description available.

Усны нэг сав хийхэд 24 цагийг зарцуулдаг гэхээр ямар их хөдөлмөр, ажиллагаа ордгийг илтгэнэ. Үүнийгээ дагаад эдэлгээ уртасч, чанар нь сайжирна. Хамгийн гол нь, зэс эдлэл өөрөө эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Таван цул эрхтэн болон арьс, үс, хумсанд сайн нөлөөтэй учраас хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт олширч буй. Дээхэн үед зэсийг ходоодны хавдраас эхлээд хоолойн өвдөхөөс сэргийлдэг “улаан алт” гэж ахмадууд ярьдаг байсан нь ч оргүй яриа биш юм.

Хийц, загвар, чанартаа ач холбогдол өгч ирсэн тэрбээр түүхий эдийн ханш, хэр хугацаанд бүтсэн зэргээс хамаарч 50-350 мянган төгрөгөөр бүтээгдэхүүнээ худалдаалж байна. П.Мөнхгэрэлийн ойрын зорилго зэс эдлэлийн брэнд бий болгож, зөвхөн дотооддоо гэлтгүй дэлхийн зах зээлд таниулж, борлуулах ажээ.

  Түүнтэй 99045697 дугаараар холбогдож, захиалга өгөх боломжтой.

                                                                                                          С:Ичинхорлоо

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

                                                                                                С.Ичинхорлоо

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.