Малын үр шимээс бүтдэг “NARKHAN’S ORGANIC” брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ ”NARKHAN’S ORGANIC" брэндийг үүсгэн байгуулагч Г.Золзаяаг урьсан юм.

Тэрбээр ЭМШИУС-ийг эмч мэргэжлээр төгссөн дөрвөн хүүхэдтэй эгэл жирийн ээж. Багын гар урлалд дуртай харагдсан зүйлээ  гоёж чимэглэдэг сэргэлэн охин байсан гэдэг. Өрөөнийхөө ханыг тэр чигт нь зурсан зураг, хийсэн бүтээлээ дэлгээд наачихдаг үргэлж шинийг санаачилдаг байсан нь DIY зүйлс  хийж, гар урлалд дурлах шалтгаан нь болжээ.

Хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхийн зэрэгцээ цаг тутамд өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог түүний сонирхлыг найзынх нь хийсэн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд татжээ. Тухайн үед найзтайгаа холбогдож сургалтад хамрагдаж лаа, саван, арьс арчилгааны бүтээгдэхүүн хийж сурсан байна. Хэрэглээний бүтээгдэхүүнээ өөрийн гараар хийхэд олон давуу талтай. Эко эрүүл байхаас гадна эдийн засагт ч хэмнэлттэй. Органик буюу элдэв химийн бодисгүй байгалийн гаралтай зүйлсийг хийх боломжтой байсан нь намайг улам дурлуулсан хэмээн Г.Золзаяа ярьсан юм. Өмнө нь гэр бүл, найзуудынхаа хэрэгцээнд зориулан хийж байсан бол өдгөө хүрээгээ тэлж олон хэрэглэгчидтэй болжээ.

No description available.Анх сонирхолдоо хөтлөгдөж хийж эхэлсэн учир ашиг орлого олж, бизнес болгож хөгжүүлнэ гэж бодоогүй ч бүтээгдэхүүнээ олон хүнд хэрэглүүлэх хүсэлтэй байжээ. “Хүнсээ сонголттой авдаг шигээ бусад зүйлд анхаарал хандуулах хэрэгтэйг маш сайн ойлгосон. Бид өдөр тутамдаа хэрэглэдэг саван, шампунь, нүүрний тос зэрэгт ямар их химийн гаралтай орц найрлага байгааг төдийлөн анзаардаггүй. Энгийн юм шиг боловч маш чухал зүйл. Тиймээс нэг ч гэсэн гэр бүл импортоор орж ирдэг химийн найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзаасай. Монгол хүн эх орондоо  үйлдвэрлэсэн эрүүл, чанартай бүтээгдэхүүнүүдийг хэрэглээсэй гэж чин сэтгэлээсээ хүссэн учраас брэнд үүсгээд, хөгжүүлье гэж шийдсэн” гэв.

Г.Золзаягийн охидын нэрс наран төгсгөлтэй учир брэндээ “НАРХАН” гэж нэрлэжээ. Хэрэглэгчдэд хэдийнэ танигдсан брэндийн хамт олон банны бөмбөлөг, давс, сүү, биеийн гуужуулагч, арьс арчилгаа болон 100 хувь байгалийн гаралтай гар аргаар хийсэн органик саван, хатуу шампунь, сүүлхэн нярайн болон биеийн тос, эсгий урлал, лаа зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

No description available.Мал аж ахуйгаар арвин монголчууд түүнийхээ ашиг шимийг нь хэрэглэх бүрэн боломжтой. Импортыг орлох саван хийх бүрэн гарц бийг ч Г.Золзаяа хэлж байлаа. Малынхаа өөх тосоор маш сайн орц найрлагатай саван хийхээс гадна өрх бүр хэрэглэвэл үндэсний үйлдвэрлэл хөгжинө. Гар аргаар саван хийхэд амьтны болон ургамлын гаралтай тос, нэрмэл ус, шүлт байхад хангалттай байдаг аж. Саван хийхэд ажиллагаа ихтэйгээс гадна 4-8 долоо хоног хатааж хэрэглэнэ. Учир нь энэ хугацаанд шүлт бүрэн ууршиж алга болдог. Иймээс саванг нарийн дэг журам,  тогтсон стандартын дагуу хийдэг байна.

Малынхаа ашиг шимийг хүртэж, олон төрлийн зүйлийг хийж болно. Г.Золзаяа давхар эсгий урлалын бүтээл хийж, худалдаанд гаргадаг гэнэ. “Монгол хонины ноос маш онцлог бүтэцтэй байдаг. Тиймээс ч эрт дээр үеэс монголчууд маань ахуй хэрэглээндээ эсгийг маш өргөн хэрэглэж ирсэн түүхтэй. Гэрт  амьдарч, эсгий олбог дэвсэж, эсгий гутал хувцас өмсдөг байсан. Эсгий нь нян бактер үржихгүй, халуунд халахгүй, хүйтэнд хөрөхгүй, хөнгөн, зөөлөн гэх мэт маш олон сайхан шинж чанарыг нь агуулдаг учир эсгий урлалыг хөгжүүлэхийг хүсдэг” гэлээ.

No description available.“NARKHAN’S ORGANIС” брэндийн хувьд хэрэглэгчдээ үнэ боломжийн чанар, хийц, загвар сайтай  бүтээгдэхүүн хүргэхийг зорьж ажилладаг байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, хүмүүсийн хэрэглээнд нийцсэн бүтээгдэхүүн хийж брэнд хөгжүүлэх хүсэлтэй олон хүн бий. Хийх хүсэл байвч хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалж, ажлаа эхлүүлж чадахгүй орхих нь бий. Тэдэнд хандаж Г.Золзаяа “Брэнд бүтээхэд тийм их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагагүй гэж боддог. Би тэгээс эхэлсэн. Анх эхэлж байснаа бодоход одоо эргэлтийн хөрөнгөтэй болоод хөгжиж байна. Цаашдаа импортыг орлох хэмжээний үндэсний үйлдвэрлэгч болох зорилготой.

Монгол айл өрх бүр эрүүл аюулгүй ахуйн бүтээгдэхүүн хэрэглэж, өв соёлоо  түгээж, гаднаас орж ирдэг гутал хувцсыг халж, ноос ноолуураараа гоёж, хүүхдүүд нь чихмэл тоглоомоор биш эсгий тоглоомоор тоглодог болгохыг хүсдэг” хэмээв. Түүний хэлснээр өрх бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл дотоодын эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ. 

No description available.

“NARKHAN’S ORGANIС” брэндийн бүтээгдэхүүн бүр гар ажиллагаагаар бүтдэг тул цаг хугацаа их зарцуулдаг. Хийхэд хэцүү ч бүтээл бүрээсээ аз жаргалыг мэдэрч, амжилт дагуулдаг гэж боддог нь түүнийг улам хурцалдаг гэнэ. Аливаа ажлыг эхлүүлж, тогтвортой үргэлжлүүлэхэд бусдын заавар, зөвлөгөө хэрэг болно. Г.Золзаяаг бүтээгдэхүүнээ хийх эхлэлээ тавихад зааж, чиглүүлж, хөтөлсөн Ариунаа багшдаа талархаж явдгаа тэрбээр нийтлэлээрээ дамжуулж дайсан юм.

Иргэдийнхээ эрүүл энх амьдарахад өөрийнхөө хичээл зүтгэлийг зориулж буянт малынхаа шимийг хэрэглээнд нэвтрүүлсэн бүсгүйн үндэсний томоохон үйлдвэрлэгч болох хүсэл биелэх болтугай.

                                                                                                           С.Ичинхорлоо 

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.No description available.

No description available.

Сэтгэгдэл: (6)
Таны IP: (34.207.247.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Purevmaa.s (59.153.115.193) 2021-03-18 12:15:27
Uneheer mundag bn.Amjilt husey! Hicheel zutgel, tuushtai baidliin ulger jishee.Baharhaj bn
Г.оюунцэцэг эгч нь (202.9.46.196) 2021-03-16 19:51:48
Зорилгодоо хүрэхийн төлөө уйггүй хөдөлмөрлөж байгаад нь талархал илэрхийлэе! Сайн байна. Ажлын амжилт хүсэе! Чи чадна. Урагшаа...
0 2 Хариулах
Золзаяа Gegeennaran (64.119.26.31) 2021-03-16 19:51:48
Баярлалаа
Золзаяа (64.119.26.31) 2021-03-16 19:51:48
Баярлалаа
Цолмон (66.181.176.83) 2021-03-16 17:45:41
Мундаг юмаа. Аль хэдийн инпорт орлуулаад эхэлж. АМЖИЛТ!
0 1 Хариулах
(64.119.26.31) 2021-03-16 17:45:41
Баярлалаа