Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэмжлээ

Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон нэгэн.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны анхны хуралдаанаа нэр бүхий томилгооны асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм.

Иймээс УИХ дахь олонхийн бүлгээс тус Байннгын хорооны даргад гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, нэр дэвшигч Ж.Мөнхбат гишүүн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын үүрэгт ажлыг сайн хийж, олон чухал шийдвэр гаргуулсан учраас цаашид энэ ажлаа үргэлжлүүлмээр байна гээд Улсын Их Хуралд олон удаа сонгогдсон туршлагатай, тулхтай гишүүний хувьд Н.Энхболдыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх санал гаргав. Гэвч Н.Энхболд гишүүн нэрээ татаж, намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.