Өмнөд Хятадын тэнгис дэх драма үргэлжилсээр

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний сөнөөгч хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын эзэмшлээ зарлаад буй хэсгээр явж өнгөрснийг холбогдох албан тушаалтан мэдээллээ.

Нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр мэдээлэл өгсөн тэрбээр хэлэхдээ АНУ-ын сөнөөгч Декатур хөлөг “Spratly” арлын “Гавен”, “Жонсон” хадан цохионуудаас 22 километрийн зайд аялсан гэнэ. Бээжингийн стратегийн өндөр ач холбогдол бүхий энэхүү хэсэгт чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж, дангаараа ноёрхох хүслийг АНУ өөрсдийн байр суурийг тогтоох хүсэлтэй бусад улсуудад дэмжлэг үзүүлэх байдлаар илэрхийлж буй нь энэ. “Тусгаар тогтнол, бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзнэ шүү” хэмээн Хятадын удирдлагууд мэдээлсэн ч нэмэр болсонгүй, АНУ-ын хөлгүүд дахин дахин үзэгдэх болов. Энэ бүхэн Хятадын удирдлагууд тус бүсийн арлуудад бүтээн байгуулалт явуулж, цэргийн байгууламжууд барьсантай холбоотой.

Xоёр улсын үл ойлголцол цаашид хэрхэн өрнөх талаар, тодруулбал, батлан хамгаалах салбарын зөрчилдөөнд хүртэл хурцдах уу гэсэн асуулт олон улсын ажиглагчдын анхаарлын төвд ороод байна. АНУ болон БНХАУ бие биенийхээ импортод маш өндөр татвар тавьж эхэлснээс үүдсэн худалдааны дайн хамрах хүрээгээ улс төрийн хүрээнд аль хэдийн тэлээд амжсан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп конгрессийн сонгуульд Бээжин хөндлөнгөөс оролцох гэж оролдсон хэмээн буруутгаад Вашингтоны Бээжинд үзүүлж буй шахалтыг шинэ түвшинд хүргэж буйгаа мэдэгдсэн.

Үүний хариуд Бээжин АНУ-ын Батлан хамгаалах сайд Жим Маттисын аравдугаар сард төлөвлөгдсөн уулзалтыг цуцалсан байна. Энэ талаар АНУ-ын Төрийн департмент, Цагаан ордон болон Пентагон тайлбар өгөхийг хүсээгүй бөгөөд уулзалт хэдий хугацаанд хойшилж буй нь тодорхойгүй байгаа юм.

Сөнөөгч "Декатур" хөлөг

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.