XXI зуунд XX зууны дулааны шийдэл тохирох уу

Нийслэлийн хэмжээнд уурын зуухаар халаалтаа шийдвэрлэж буй 44 сургууль, 59 цэцэрлэг буюу нийт 103 байгууллага байна. Суралцаж буй хүүхдүүдийн тав тухтай орчинд суралцах эрх зөрчигдөж байгааг анхааралдаа авах хэрэгтэй байна.

Утааны улирал аравдугаар сарын дунд үед аль хэдийн эхэлчихээд байгаа өнөө цагт гэр хорооллын айл өрхүүдийн нөхцөл байдал урьдны адилаар утаан дунд, өмнөх он жилүүдээс ялгагдах зүйлгүй үргэлжилж байна. 2018 он эхлэхэд МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх утааг бууруулах шийдлийн талаар ярихдаа Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг аль болох багасгах, яндангийн тоог цөөлөх, гэр орноо дулаалах зэрэг тодорхой шийдэл байна хэмээн хэлж байсан. Мөн иргэд дор бүрнээ утаатай тэмцэж байгаа хэлбэр нь шүүлтүүртэй маск хэрэглэж байгаа явдал юм.

Гэсэн хэдий ч хотын төвөөс алслагдсан гэр хороолол дунд төвлөрсөн дулаанд холбогдоогүй уурын зуухаар дулааны асуудлаа шийддэг 103 сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг аж.

Уурын зуухаар халдаг сургууль, цэцэрлэгүүд гэсэн XX зууны асуудлуудаа шийдэх юм бол утааг бага ч болов хэмжээнд бууруулах боломжтой баймаар. Нөгөө талаар суралцаж байгаа хүүхдүүдийн тав тухтай орчинд суралцах эрх зөрчигдөж байгааг ч энд анхааралдаа авах хэрэгтэй.

Нийслэлийн боловсролын газраас 2019 оны нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 118 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэг, Хан уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар сургууль Хан-уул дүүргийн 114 дүгээр сургуулийг төвлөрсөн дулаанд холбох саналыг хүргүүлжээ. Хэрэв уг санал дэмжигдвэл нийслэлийн төсөвт сууж, асуудал шийдэгдэхэд нэг алхмаар ойртох аж.

Нийслэлийн боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөрийн хэлж буйгаар нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 136 сургууль, 222 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхдээ төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдээс өнөөдрийн байдлаар төвлөрсөн бус уурын зуухаар халаалтаа шийдвэрлэж буй 44 сургууль, 59 цэцэрлэг буюу нийт 103 байгууллага байна. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд төвлөрсөн дулаан хангамж, цахилгаан холбох ажлыг эрчимтэй хийж байна. Тухайлбал, 2017 онд нэг сургууль, гурван цэцэрлэгийг холбосон. Харин 2018 онд хоёр сургууль, хоёр цэцэрлэг, 2019 онд хоёр сургууль, хоёр цэцэрлэгийг тус тус төвлөрсөн шугамд холбох урьдчилсан төслийн саналыг нийслэлд хүргүүлсэн. Цаашдаа 2020 он хүртэл есөн сургууль цэцэрлэгийг төвлөрсөн шугамд холбох боломжтой гэсэн дүгнэлт гарсан гэлээ.

Сургууль, цэцэрлэгүүдийн уурын зуухны асуудлын шийдвэрлэлт буюу эрхлэгчдийн санаа зовнил

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн Т.Хэрлэн даргын  хэлснээр төвлөрсөн шугам сүлжээнд холбох нь сургууль цэцэрлэгийн түлш, халаалтын зардлыг хэмнэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах давуу талтай. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тогтоол гарсан. 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжих уг тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг буюу Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан уул,  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулж байгаа цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээс бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээ зогсох юм.

Нийслэлийн боловсролын газрын харьяа сургууль, цэцэрлэгүүд тусгай зөвшөөрөлгүй байдаг. Тиймээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны захирлын гаргасан тушаалын дагуу Боловсролын газар, Агаар орчны бохирдлыг бууруулах газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хэсэгчилсэн инженерийн удирдах газруудаас бүрдсэн ажлын хэсэг тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа сургууль цэцэрлэгийн халаалтын зуухан дээр үзлэг явуулсан. Энэ ажлын хүрээнд 14 сургууль, 27 цэцэрлэгийн 84 ширхэг уурын зуухыг үзлэгт хамруулж, уурын зуухын асуудлыг шийдвэрлэхээр болсон.

Мөн бид сургууль цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзалт хийж санал бодлоо солилцсон. Тэгэхэд хоёр асуудалд санаа зовж буйгаа илэрхийлж байсан юм. Нэгт, галчийн ажлын байрны асуудал. Хоёрт, төлбөрийн асуудал хүнд тусвал санхүүгийн бэрхшээл тулгарна. Бид эдгээр асуудлыг  захирагчийн албатай ярилцаж галчдыг ажлаас нь халахгүй үргэлжлүүлэн ажиллуулж, халаалтын зардлыг нь  өсөхгүй байхаар тарифийн зохицуулалт хийхээр болсон. Энэ мэтчилэн төвлөрсөн дулаанд холбохтой холбоотой ажлууд нэг нэгээрээ цэгцэрнэ гэж бодож байна гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.