Б.Нарангуа: Унгарын тэтгэлэгт хамрагдахад хэлний өндөр оноо шаардлагагүй

Энэ удаагийн "Залуусын дуу хоолой" ярилцлагын зочноор Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр Будапешт хотын Ёөтвөш Лоранд (Eötvös Loránd University)-ийн Их сургуульд Environmental Science чиглэлээр магистрийн зэрэгт суралцаж буй Батдоржийн Нарангуаг урьж ярилцлаа.

N24 мэдээллийн сайт долоо хоног бүр тэтгэлгийн зөвлөгөө ярилцлагыг тогтмол хүргэж байхаар болсон билээ. Энэ удаагийн тэтгэлгийн зөвлөгөө ярилцлагын зочноор Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр Будапешт хотын Ёөтвөш Лоранд (Eötvös Loránd University)-ийн Их сургуульд Environmental Science чиглэлээр магистрийн зэрэгт суралцаж буй Батдоржийн Нарангуаг урилаа. Тэрээр Европын 20 гаран улсад салбартай биологийн олон янз байдлын судалгааны CEEweb олон улсын байгууллагад дадлагажиж ажиллахаар болсон байна.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгийн талаар мэдээллийн манай уншигчдад өгч болох уу. Яагаад энэ тэтгэлэгт хамрагдахаар шийдсэн бэ?

-Миний хувьд тэтгэлэгт хамрагдах зорилго тавиад хоёр жилийн хугацаанд олон тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгч байсан л даа. Australian awards, New Zealand Government Scholarship, болон Chevening гэх мэт олон тэтгэлэгт материалаа илгээж байсан ч ихэвчлэн эхний шатандаа тэнцсэн ч хоёрдугаар шатандаа унаж байсан. Олон тэтгэлэгт өрсөлдөөд тэнцээгүй учир шантарч байсан. Гэхдээ гадаад улсад мэргэжлээрээ зэрэг хамгаална гэсэн зорилгодоо тууштай байсан. Дэлхийн боловсролыг үнэ төлбөргүй эзэмшинэ гэдэг хэцүү. Тиймээс нэг тэтгэлэг боломжгүй гэсэн хариу өгөх бүрд дараагийн боломжийг эрэлхийлж байсан. Одоо хамрагдсан Унгарын тэтгэлэг бол жил бүр хоёр улсын хэлэлцээрийн дагуу Унгар улсын засгийн газраас Монгол Залуучуудад олгодог бөгөөд хоёрдугаар сар болон гуравдугаар сард зарлагддаг. Амьжиргааны зардал сургуулийн төлбөр болон эрүүл мэндийн даатгал зэрэг бүхий л зардлыг засгийн газраас даадаг болохоор зөвхөн сурч боловсрохдоо цаг зарцуулах боломжтой.

-Тэтгэлгийн онцлог болон шалгуурын талаар мэдээлэл өгч болох уу?

-Унгарын Засгийн газрын тэтгэлэг нь дараах гурван онцлог давуу талтай.  Нэгд, Та IELTS TOEFL-ийн өндөр оноотой байх шаардлагагүй. Залуучуудын хэлний шалгалтын оноо өндөр байх ёстой гэсэн нь нэг талаараа бэрхшээл болдог юм шиг санагддаг. Нөгөө талаар ихэнх залуус заавал IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байж тэтгэлэг авдаг гэсэн ойлголттой байдаг нь буруу юм. Миний дээр дурдсан болон бусад томоохон тэтгэлгүүд ч бага оноотой байсан ч хамрагдах боломжтой байдаг. Харин Унгар Улсын хувьд хэлний оноо бага байсан ч тэтгэлэгт хамрагдах боломж өндөр. Хоёрдугаарт, Унгар Улсын нийт их дээд сургуулиас гурвыг нь сонгож тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгөх боломжтой. Хэрвээ та эхний сургуульдаа тэнцээгүй бол хоёрдугаар сонголтын сургуульд хамрагдах боломжтой болно. Энэ нь танд гурван удаагийн боломжийг олгож байна гэсэн үг. Тиймээс илүү уян хатан нөхцөлтэй. Гуравдугаарт, Монгол Улс болон Унгар улсын Засгийн газрын гэрээгээр нийт 200 оюутанд тэтгэлэг олгоно гэсэн хэлэлцээртэй. Олон оюутан тэтгэлэгт хамрагдуулах энэ боломж хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй ч одоогийн байдлаар ийм олон оюутанд боломж олгож байна гэдэг танд ч хамрагдах магадлал өндөр болно гэсэн үг шүү дээ.

-Та тэтгэлгийн мэдээллийг анх хаанаас авч байсан бэ. Хэрхэн материалаа бүрдүүлж өгч байсан бэ?

-Боловсрол соёл шинжлэх ухааны яамны веб сайт дээр  тавигддаг тэтгэлгүүд нь ойлгомжтой, дэлгэрэнгүй төдийгүй албан ёсны байдаг. Тиймээс тэтгэлэг хайхад хамгийн тохиромжтой, ойр сайт юм. Мэдээж Монгол хэлээр бичсэн байдаг учраас илүү хялбар байх болно. Бүрдүүлэх материалуудыг бас жагсааж бичсэн байдаг. Бүр илүү дэлгэрэнгүй харахыг хүсвэл  энэ линкээр дамжуулан олж харах боломжтой. Би энэ сайт дээр бичигдсэн байсны дагуу материалуудаа бүрдүүлж байсан. Хамгийн гол нь материал бүрдүүлж илгээж оролцох хэсэг бүгд зөвхөн цахим хэлбэрээр Монгол улстай хамааралгүйгээр явагддаг. Мөн Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хамгийн том шалгууруудын нэг болох “Motivation letter” байдаг. Ерөнхийдөө СV, хэлний оноогоо баталсан сертификат, эрүүл мэндийн үзлэгийн хуудас, дипломын хуулбар зэрэг нь хүн бүрийнх л төстэй. Харин таныг илэрхийлэх, давуу талыг бүрдүүлэх зүйл нь “Motivation letter” юм шүү.

-Энэ тэтгэлгийг сонирхож байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ, тэтгэлэгт хамрагдахын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Залуучууд мэдээлэлтэй ойр байдаг ч цахим орчинд үр дүнтэй ажиллаж хэрэгтэй мэдээллээ олж авч чаддаггүй юм шиг санагддаг. Тэтгэлэгт хамрагдаж гадаадад суралцах төлөвлөгөөтэй байгаа бол боловсролын яамны зарыг алдалгүй сайн харж байх хэрэгтэй. Жил бүрийн 2-3 сарын хооронд Засгийн газрын тэтгэлгүүд зарлагддаг. Материалаа эртхэн бэлтгэх хэрэгтэй. Тэгвэл бага сандарна. Материалаа бүрдүүлж дуусчхаад Motivation letter дээрээ түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй. Motivation letter хэрхэн бичих вэ гэж залуус их асуудаг. Би мундаг бичиж сураагүй байгаа ч өөрийнхөө мэдэхээр л зөвлөе.

Motivation letter  дөрвөн хэсгээс бүрдэж байж оновчтой болно. Нэгд, Өөрийгөө  танилцуулсан, зан чанараа илүү сонирхолтойгоор бичих  Хоёрт, Эзэмшсэн боловсрол, сурч байх хугацаандаа амжилт гаргасан эсэх болон ажилласан  туршлагын талаар бичих. Жишээлбэл миний хувьд software engineering болон forest engineering чиглэлээр бакалавраа төгссөн дараа нь IT –ийн салбарыг байгаль орчин луу хэрхэн холбох талаар бодож байгаад GIS (Газар зүйн мэдээллийн систем )-ийн салбарт  хүч үзэж, ажиллаж эхэлсэн гэдэг талаар бичсэн. Ерөнхийдөө хоёр мэргэжлээ хоёуланг нь ашиглаж чадсан талаараа харуулахыг хичээсэн. Гуравт, Өөрийн чөлөөт цагаар хийдэг зүйлс болон сайн дурын ажилд оролцдог мөн нийгмийн идэвхтэй гэдгээ харуулж бичих. Энэ хэсэгт энэ үйл ажиллагаанууд өөрийн чинь сонгосон мэргэжлийн дагуу байвал илүү тохиромжтой. Байгаль орчны чиглэлээр сурахыг ажиллахыг хүсэж байгаа бол мод тарих, мод бут айл өрхөд бэлэглэх, голын орчим дахь хог хаягдлыг цэвэрлэх болон байгальд ээлтэй  зүйлсийг хийж турших гэх мэтчилэн. Дөрөвт, Ямар мэргэжлээр сурч,  энэ тэтгэлгийг авснаар эх орондоо юу хийж чадах ирээдүйн зорилгоо бичих. Энэ хэсэг бол маш чухал. Тухайн сургууль болон сонгосон мэргэжлийнхээ танилцуулга болон сургалтын хөтөлбөрийг нь олж уншсан байх хэрэгтэй. Ингэснээр та энэ мэргэжлийг яагаад сонгож байгаагаа бичихэд илүү хялбар болно. Мэдээж эх орондоо ирээд хийх зүйлс энгийн ойлгомжтой үр дүнгээ богино хугацаанд өгөхөөр байвал зүгээр. Залуучууд маш томоор сэтгээд байдаг. Эх орондоо ирээд бараг л  ямар ч  өргүй ард иргэдтэй болгоно, эх орноо дэлхийн номер 1 улс болгоно гэх мэтчилэн. Энэ бас тийм ч буруу биш. Гэхдээ ихэнхдээ улиг болсон байдаг ба магадлалаар ингэх нь боломжгүймаа гэсэн ойлголтыг уншиж байгаа хүнд төрүүлдэг. Эдгээр  зүйлсдээ анхаарчихвал ерөнхийдөө та тэнцлээ л гэсэн үг.

Нэгэн томоохон сургууль шинээр элсэн орсон оюутнуудыгаа  хүлээн авч уулзаж байхад нэгэн профессор оюутнуудад хандаж,  “Та нарын хамгийн их авч байсан захидал юу вэ” гэж асуухад оюутнууд ихэнх нь “Rejection letter (татгалзсан захиа)” гэж хариулсан байдаг. Миний хувьд ч мөн хамгийн их авсан захиа бол rejection letter. Гэхдээ одоо би энд тэтгэлэг хамрагдаад Европийн төв гэж нэрлэгддэг Унгар улсад  сурч байна. Миний таньдаг дүү маань “Та Монгол Жак Ма юм бишүү. Дандаа тэнцэхгүй гэсэн хариу авч байгаад одоо тэнцчихлээ” гэж хэлж байсныг санаж байна. Тэгэхээр битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна.

-Хэлний мэдлэг мөн чухал байх. Өөрийн хэлээ хэрхэн сайжруулсан бэ?

-Энэ их хэцүү асуулт байна. (инээв) Учир нь би яг одоо англи хэлийг 10 жилдээ дөрөвдүгээр ангиасаа хойш  тасралтгүй үзсэн мөртлөө олигтой ярьж ойлголцож чаддаггүй дунд төвшинд  бий. Монголын  маш олон залуучуудтай адилхан. You tube дээрээс англи хэлээр мундаг хүмүүсийн илтгэл байнга сонсож, англи хэлээр ном уншиж, бас англи хэлээр кино үздэг гэж би худлаа хэлэхгүй. Зүгээр арга барилаа олох нь чухал юм шиг санагдсан. Миний хувьд яг л орчинд нь очиж байж, Монголоор ярих боломж байхгүй тийм байдалд орж байж л сурдаг төрлийн хүн. Унгарт ирэхээсээ өмнө Германы докторанттай хамт судалгааны ажилд хамт зуны хугацаанд ажилласан. Тэр үед үнэхээр англиар л үг  орж ирээд байдаг болчихсон байсан. Мөн орчуулга хийх нь их үр дүнтэй санагдсан. Би МУИС- д 2018 оны хаврын улиралд Экологиор түр хугацаанд сурч байхад багш маань англи хэл дээр хичээлийн слайдаа бэлддэг  байсан. Мөн англи хэл дээрх судалгааны ажил(paper) уншуулж , ойлгосон зүйлийг нь яриулдаг байсан. Тэгэхэд англи хэл маань огцом сайжирч байсан.  Ер нь өөрийн арга барилаа л олох нь чухал тэгэхээр бүх хүмүүсийн хэлсэн зөвлөгөөг дагаж үзээд аль нь өөрт чинь тохирч илүү үр дүнтэй байна вэ гэдгээ олох хэрэгтэй. 

-Тэтгэлэгт хамрагдсан нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Маш олон зүйлд нөлөөлсөн. Тэтгэлэгт хамрагдсанаар боломж бидний эргэн тойронд  байдаг гэдгийг 100 хувь ойлгосон. Олдсон боломжийг ашиглаж чадахгүй бол эгнээний доогуур л орно. Миний хувьд тэтгэлэг авах гэж хоёр жил гаруй хугацаанд хөөцөлдсөн гэж дээр хэлсэн дээ. Тэр хугацаанд би тухайн тэтгэлэгт тэнцсэн хүмүүсийг олж уулзаж, ичиж зоволгүйгээр шууд асуудаг байсан. Тусламж хэрэгтэй байна гэхэл тэгье гэж бүгд хариулдаг нь хамгийн сайхан нь. Энэ нь маш том боломж юм. Гэхдээ энэ боломжийг зарим нь их буруугаар ашигладаг. Бэлэн будаа иднэ гэдэг шиг л Motivation letter болон асуултуудад хариултаа тэдгээр хүмүүсээр бичүүлэхийг хүсдэг. Угтаа бол өөрийнхөө бодол санааг шингээж, тухайн хүмүүсээр шалгуулаад, зөвлөмж авч хийж буй зүйлээ улам сайжруулах хэрэгтэй юм. Би өөрийнхөө материалыг хэвлээд тэтгэлэгт тэнцсэн хүмүүсээр шалгуулж, байгаа газар нь очоод зөвлөгөө авдаг байсан. Тэдгээр хүмүүсийн зөвлөгөө надад их үнэтэй туссан. Ач тусаа ч өгсөн. Тиймдээ ч фэйсбүүкт залуусийн Motivation letter , cover letter  хэрхэн бичих вэ гэсэн постонд хариулж, өөрийн мэдэж байгаа зүйлээсээ хуваалцахыг эрмэлздэг. Монголчууд заримдаа хэт хувиа хичээсэн юм шиг санагддаг. Монголын бүх залуучууд  дэлхийн хэмжээний боловсролтой болж чадвал Монгол улс маань хөгжих нь ойлгомжтой шүү дээ. Нөгөө талаар энэ тэтгэлэг надад урам зориг эрч хүч өгсөн. Бүх зүйлс гоё санагдаж, илүү ихийг хийж бүтээмээр тийм их хүчийг өгсөн. Боломжуудыг алдахвий гэж айж бүх зүйлийг соргогоор, сониуч зантайгаар хүлээж авдаг болсон. Жишээлбэл, Нэг олон улсын хуралд суугаад тэндээсээ өөрт хэрэгтэй зүйлийг олж аваад, тухайн нөхцөл байдлаас өөрт ашигтай боломжийг олж авах чадвартай болсон. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж сайхан сургаал байдаг. Тэрийг би одоо яг өөр дээрээ мэдэрч байна. Тэгэхээр залуучуудыгаа асуулт асуухаас, боломж байгаа эсэхийг мэдэхээс битгий айгаарай гэж хэлмээр байна.

-Цаашдын буюу хэтийн зорилгоосоо хуваалцаж болох уу?

-Тэгэлгүй яахав, мэдээж сургуулиа амжилттай төгсөхийг хамгийн ойрын зорилгоо болгож байна. Дипломынхоо сэдвээр хөрсний микорица гээд сэдэв сонгоод мөөгний талаар судалж байна. Энэ нь  модны ургалтад ихээр  нөлөөлдөг гэдгийг нотолчихсон юм.  Харин  хэрхэн үржүүлэх талаар судлахаар зорьж байна. Дараагийн зорилго бол энэ сэдвээр амжилттай судалгаа хийсэн байгаа компани болон олон улсын байгууллагад ажилд орж туршлага судлахыг хүсэж байгаа. Мэдлэг байвч туршлага байхгүй бол үр дүнд хүрэхгүй. Тиймээс сурч байх хугацаандаа дадлагаар ажиллахаар зорьж байна. Ер нь уул уурхайн ажиллагаанаас үүдэлтэй эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг илүү үр дүнтэй болгох талаар хичээнгүйлэн суралцаж байгаа. Миний мастерын ажил амжилттай болбол Монголдоо очиж уул уурхайн салбарт хэрэгжүүлэхийг юу юунаас илүүтэйгээр хүсэж байнадаа. 

-Одоо амьдарч, суралцаж байгаа хотоос хамгийн онцлог, Монгол Улсад хэрэгжүүлэх юмсан гэсэн бодол төрүүлсэн 3 зүйлийг онцолж болох уу. Яагаад...?

-Энэ талаар Унгар улсад буусан цагаасаа эхлэн боддог юм байна лээ. Хэр өөр байна вэ гээд байнга харьцуулдаг гэх үүдээ. Нэгдүгээрт, Унгар улс тээврийн хэрэгсэл маш өндөр төвшинд хөгжсөн. Автобус, трамвай, метрогоор та ямар нэгэн асуудалгүй хурдан хугацаанд хүссэн газартаа очно. Энд шөнийн автобус явдаг, тэгэхээр 24 цаг тасралтгүйгээр тээврийн хэрэгслүүд иргэддээ үйлчилж байдаг. Дугуйн замыг сайн төлөвлөж өгсөн, тиймдээ ч ихэнх иргэд нь дугуй унадаг. Мөн тээврийн хэрэгслүүд нь тэргэнцэртэй хүнд саадгүй суух, буух  талаас нь хангасан байдаг. Энийг л Монголдоо хэрэгжүүлэх юмсан гэж битүүхэн атаархаж явдаг. Хоёрдугаарт, Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт бас их хөгжсөн. Хот дотроо байгаа моднууд нь бүгд хүний гараар тарьсан моднууд байсан. Ихэнх нь 100-аас дээш жилийн настай. Ногоон байгууламжгүй газар гэж байхгүй. Ард иргэд нь зүлгэн дээрээ суугаад  яриа өрнүүлж амрах боломжтой. Монгол Улс ийм болоосой. Гуравдугаарт, Сургуулийн заах арга барил.  Унгарт  оюутан өөрөө бие даан суралцах ёстой болдог. Энэ арга барилыг л Монголдоо хэрэгжүүлмээр санагддаг.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл: (9)
Таны IP: (3.237.89.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.9.43.113) 2019-02-20 14:59:28
Унгар ядуу газар. Бас азиудад дургүй. Ер нь тийшээ явах дэмий
bymbachimeg (202.126.89.251) 2018-12-31 18:04:06
mundag egch shvv
(66.181.161.71) 2018-12-21 15:34:01
Bayarllaa Saihan zowlogoo baina Sain saihnllg hvsie
урансувд (66.181.161.18) 2018-12-20 08:42:55
сайхан бн
г.сараа (64.119.19.125) 2018-12-18 11:29:59
сайхан сэтгэлтэй охин минь харахгүйгээр зөвлөлгөө өгсөнд баярлалаа амжилт хүсэe
(64.119.19.125) 2018-12-18 11:28:36
баяр хүргэe зорилготой хөөрхөн охин бна харамгүйгээр зөвлөсөн охиндоо амжилт хүсэe
Эрдэнэчулуун (103.57.92.246) 2018-10-25 13:13:21
өприйн мэнд өөртэй чинь яаж холбоо барих вэ. асуух зүйлс байна
saihnaa (203.91.115.43) 2018-10-24 22:02:26
helnii medlegiin tuvshin her baix ystoi we
Enlightenment (202.126.89.56) 2018-10-24 18:53:41
We want to learn and ...