БНХАУ далайн хамгийн том гүүрийг ашиглалтанд орууллаа

Хонг Конг, Жухай, Макао гурван хотыг холбосон дэлхийд хамгийн томд тооцогдох далайн гүүрийг ашиглалтанд оруулж байгаагаа БНХАУ албан ёсоор мэдэгдэв.

Гүүрний бүтээн байгуулалтын ажил нийтдээ есөн жил үргэлжилсэн ба өнгөрсөн 2016 онд ерөнхийдөө дууссан. Гэхдээ хоёр жилийн турш хэдэн тэрбум ам.долларын өртөгтэй засвар хийсний дүнд өнөөдрөөс эхлэн ашиглалтанд орж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гурван хотыг холбосон “Сувдан гол делта” бүсийг АНУ-ын “Цахиурын хөндий”-тэй өрсөлдөхүйц хэмжээний технологийн төв болгохоор төлөвлөсөн байна. Хятадын “Цахиурын хөндий”-н хөгжилд түлхэц үзүүлэх зорилготой энэхүү гүүрийн улс төрийн ач холбогдол бүр ч их. Эх газрын Жухай хотыг автономит Хонг Конг болон Макаотой 55 километр урт гүүрээр холбосноор үнэн хэрэгтээ Бээжин улс төрийн нүүдлүүдээ хийх боломжийг өөрсдөдөө бий болгосон хэрэг гэж ажиглагчид шүүмжилж байгаа аж.

БНХАУ-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны долоон гишүүний нэг Хан Жен нээлтийн үйл ажиллагаанд оролцохдоо эх газрын Хятад болон Хонг Конгийн хоорондын эдийн засгийн эргэлт, худалдааны шинэ эрин эхэлж буйг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр БНХАУ-ын бүс нутгуудын эдийн засгийн нэгдмэл байдлыг хариуцдаг Бээжингийн гол мэргэжилтэн. Дашрамд дурдахад далайн гүүр өнгөрсөн саруудад Зүүн өмнөд Азийг түйвээсэн “Мангхут” хар салхитай ижил хэмжээний байгалийн гамшигт ч тэсвэртэй юм байна.

Эх сурвалж: Aljazeera.com, scmp.com (South China Morning Post)

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.