Хүмүүс Трампыг яагаад үзэн яддаг вэ

Иелийн Их сургуулийн профессор Дэвид Гелернтерийн “The Wall street journal”-д хэвлүүлсэн нийтлэлийг хүргэж байна.

Тэр бол ердийн л нэг Америк хүний хэтрүүлсэн хувилбар. Бүдүүлэгдүү, энгийн, зодоонд хэзээд бэлнээс гадна сэхээтнүүдэд итгэдэггүй.

АНУ-д явагддаг бүхий л сонгууль үнэхээр сонирхолтой байдаг. Гэхдээ одоо айсуй сонгуулийн хамгийн гайхалтай хэсэг нь ихэнх хүмүүсийн дурдалгүй мартаж орхидог тэр л сэдэвтэй холбоотой. “Ардчилсан намынхан ямар ч асуудалгүй гэж үү”. Эдийн засаг тасралтгүй өсөж, АНУ-ын олон улс дахь байр суурь хүчтэй байна. Гадаад харилцааны тухайд гэвэл Макиавеллийн таван зууны өмнөx зөвлөгөөний үзүүрээс зуурах ёстойгоо одоо л санаж эхэлж байх шиг. “Хайрлагдахаас айдас төрүүлдэг байх нь илүү”.

Зүүний чиг баримжаандаа үнэнч хүмүүст Обамагийн эрин үеийн яг эсрэг нөхцөл байдал хэцүү санагдаж байгаа нь мэдээж. Гэхдээ тэдний арга мухардсан байдалд хийсэн үйлдлүүд нөхцөл байдлыг улам дордуулж байна. Жишээлбэл, АНУ-ын Дээд шүүхэд Бретт Каваног томилохын эсрэг хийсэн Зүүнийхний тэмцлийг ирээдүй хойч үеийхэн дурсахдаа Ардчилсан намын оюунлаг давхраа дампууралд оржээ л гэж дүгнэх болно. Тэд Каванод хүчингийн хэрэг тулгахын тулд ямар их хичээл зүтгэл гаргасан гээч. Ардчилсан намын оюунлаг хэсгийг илэрхийлсэн тэмдэг дээр “Хоосон” гэсэн улаан гэрэл тодоос тод анивчихыг бид харлаа. Зүүнийхэн ялагджээ.

Энэ үйл явдал өмнө нь 1980, 1990 болон 2000-аад оны эхээр тохиолдож байсан юм. Гэхдээ эдийн засгийн хямрал либериализмыг газрын хөрсөнд тэгшлэгдэхээс удаа дараалан аварна гэж хэн санах билээ. Өнөөдөр зүүнийхэн Роберт Мюллерыг Супермэний өмсгөлөө өмсөөд биднийг дахиад нэг удаа авраасай гэж залбирч сууна. Холбооны мөрдөх товчоог 12 жилийн турш тогтвортой удирдсан тэрхүү эрхэмд бохир улстөртэй орооцолдох сонирхол үгүй нь ойлгомжтой.

Зүүний үзэл баримтлалтай хүн бүр АНУ-ыг үзэн яддаг юм биш ээ. Гэхдээ миний таних либералчууд бүгд л ноён Трампын бүдүүлэг зан, гөжүүд байдал, зодоон тулаанаас хэзээ ч зугтахгүй зориг, Америкийг онцгой гэсэн бат итгэл үнэмшил, сэхээтнүүдийг башир аргатай гэж үл итгэх хандлага, бүтдэг л байвал энгийн санааг ч хайрлаж хүндэтгэдэг зан, эр эм хүйсийг солигдох боломжгүй гэж үгүйсгэдгийг нь үзэн яддаг юм. Хамгийн онцгүй нь, тэр ажлаа бүтээж л байвал ямар нэг үзэл санаанд баригддаггүй. Түүний зорилго бол өөрийнхөө өмнө байгаа ажлуудыг гүйцэтгэхээс өөр юу ч биш. Тэр бол шахалт дарамтгүйгээр ажлаа гүйцэтгэж, амьдралаа таашааж чаддаг хүн. Өөрөөр хэлбэл, Дональд Трамп бол энгийн л нэг Америк хүн, гэхдээ хэтрүүлсэн хувилбар нь. Харин өөрийнхөө зохион бүтээснээс бусад хэв маягаа юу ч бодолгүйгээр сольж орхидгийг нь эс тооцвол эргэлзэх үндэслэл үгүй.

Одоо зүүнийхэнд үлдээд байгаа цорын ганц зүйл бол “Бид Трампыг үзэн яддаг” хэмээх уриа. Энэ бол бүр зааварчилгаа бүхий үзэн ядалт. Зүүнийхний Дональд Трампыг үзэж чаддаггүй шалтгаан бол тэдний Америк Улсаас үзэн яддаг бүхэн түүнд цогцолсон байдаг болохоор тэр. Үүний ач холбогдол маш чухлаас гадна сэтгэлд зовуурьтай гэдгийг анхааруулъя.
Ноён Трампад хазаар дутагддаг нь үнэн. Учир нь тэр бол нударган баян, ийм ч байсаар ирсэн. Хамгийн гол нь, бусад баячуудыг бодвол Трамп эд баялгаараа зугаацаж, таашаал авсан явдалдаа хэнээс ч уучлалт гуйж байгаагүй юм. Тэр өөрийнхөө бодол санааг дотроо нууж сураагүй нь тэгэх шаардлага хэзээ ч гарч байгаагүйтэй нь холбоотой. Тэр эр хүйстэй бүхэнд байдаг дур хүсэлтэй эр хүн гэдгээсээ хэзээ ч ичиж байгаагүй. Заримдаа тэр эмэгтэйчүүдтэй хүндэтгэлгүй харилцдаг. Үүнээс нь болж зүүний байна уу барууны байна уу хамаагүй Америкчууд нийтээрээ түүний өмнөөс ичдэг. Жон Кеннеди, Билл Клинтонд ч энэ байдал давтагдаж байсан юм.

Сонгогчийн хувьд миний гол ажил бол аль нэр дэвшигч Америкийн төлөө илүү сайн ажиллах вэ гэдгийг дотроо шийдэж, сонголтоо хийх. Би ноён Трампын үзүүлдэг, ердийн нэг Америк хүний гаргадаг тэр л бүдүүлэг зангийн өмнөөс уучлалт гуймаар байна. Тэрхүү бүдүүлэг байдал олон улсын тавцанд манай улсын нэр хүндийг унагааж буйгаас гадна Ерөнхийлөгчийн гаргах ёсгүй үйлдэл мөн. Гэхдээ түүний өрсөлдөгчид тархиа гашилгадаг болсон. Би Франц, Герман болон Японыг үнэлдэг. Гэхдээ л тэднээс айж эсвэл тэднээс болж нойроо алдаж байсан удаагүй. Бүр төсөөлөгдөх ч үгүй байна.

Ноён Трампыг үзэн яддаг иргэд ба “түүнийг хайрлаж, дэмжих нь ч яах вэ хамгийн гол нь түүнтэй хамт амьдарч болоод байгаа” иргэдийн хооронд нэгэн ялгаа бий.

Энгийн Америк хүн гэж хэн бэ гэвэл фермерүүд, үйлдвэрийн ажилчид, машин механикч, ачааны тэрэгний жолооч, жижиг дэлгүүрийн эзэн, нягтлан бодогч, инженер, цэрэг эр, гэрийн эзэгтэй. Ажил хөдөлмөр бодитоор эрхэлдэг тэр хүмүүс консерватив үзэлтэй байх нь олонтаа учраас зүүний үзэлтэй сэхээтнүүдэд таалагддаггүй юм.

Хиллари Клинтон ба Барак Обама хоёр тэр хүмүүсийн нүглийг сайн мэднэ ээ. Тэнэг буунууд бариад бурангуй сүмдээ цуглаад л тэр хүмүүс ямар аймшигтай гээч. Тэд мөнгөгүй, байнга гомдоллож байдаггүй бас ярих “Твиттер”-ийн дагагчидгүй болохоор үнэхээр уйтгартай хүмүүс. Тэд Давос (Швейцарийн аялал жуулчлалаар хөгжсөн хот) явж үзээгүйгээс гадна “Fox News”-ийн мэдээ үздэг. Чак Шуммер (АНУ-ын сенатор) шиг ухаалаг хүн тэдний дундаас олдохгүй, Мишель Обамагийн суу билгийг энд дурдаад хэрэггүй биз.

Ноён Трамп бидэнд энгийн нэг Америк хүн гэж хэн юм бэ гэдгийг сануулсан. Энгийн Америк эр хүн, цагаан арьстан гэсэн утгаараа биш. Ирэх 2020 онд Ерөнхийлөгч Трампад ямар олон эмэгтэйчүүд, ямар олон хар арьстнууд саналаа өгөх бол. Өнөөх мундаг сэхээтнүүд маань яаж сандарч мэгдэх бол. Ноён Трамп Америкийн улс төрийн газрын зургийг хоёр хувааж орхисон байна. Бүх төрлийн, энгийн дундаж Америкчууд ба чамин ганган Америкчууд.

Ихэнх либералчууд техник технологийн дэвшилд найдаж, хүмүүсийн ажил хөдөлмөр тэр чигээрээ хөнгөвчлөгдөнө гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Тэдний итгэл үнэмшлийн дагуу хуучинсаг үзэлтэй том оврын машины жолооч маягийн хүмүүс нийгэмд гүйцэтгэх ямар ч үүрэггүй болно. Ямар том алдаа гаргаж байгаагаа тэд мэдэхгүй байна. Хоол хүнс, хувцас хэрэглэлийг интернетээр дамжуулж болохгүй биз дээ. Эхнэр хүүхдээ тэвэрч, сайн найзынхаа хажууд суугаад асуудал бэрхшээлийг нь сонсох гээд хүний бодит харилцааг интернет бүрэн орлож чадахгүй биз дээ. Мэдээжийн зүйлсийг дахин давтах шаардлага үгүй боловч манай сэхээтнүүд “мэдээжийн” зүйл гэж байхгүй гэж үгүйсгээд л давшаад ороод ирнэ.

Манай Ерөнхийлөгч гоц ухаантан биш. Гэхдээ эрүүл саруул оюун ухаантай байхад ямар ч асуудлын аравны ес нь шийдэгдэж л орхидог, тийм үү. Энэ бүхний эцэст бидний өмнө заавал хариулах ёстой нэгэн чухал асуулт гарч ирнэ. “Дональд Трампыг үзэн ядах боломжтой юм бол энгийн дундаж Америк хүнийг яах вэ”. Өнөөдөр энэ асуултыг мартаад орхиж болох хэдий ч ирээдүйн түүхчид энэ асуултыг сөхөх л болно.

“Твиттер”-ийн жиргээнд Ерөнхийлөгч хүн байж биеэ барилгүй ана мана үзэлцээд л, дээрэлхүү хүүхэд шиг зан гаргадгийг нь үзэн ядаж болно. Эсвэл бүр хувь хүнийх нь үүднээс тэр чигт нь үзэн ядаж ч болох юм. Харин хүн бүр бие биедээ таалагддаггүй, өөр хоорондоо найз нөхөр байх албагүй байдгийг санах хэрэгтэй. Гэтэл либералчууд түүний эсрэг чиглэсэн асар их хэмжээний үзэн ядалтыг тээдэг. Ямар ч нөхцөл шалтгаангүй үзэн ядаж буй тэрхүү этгээд өөрөөрөө бахархаж байгаа нь гайхмаар. Бурхан өршөөг. Хүнийг тэгж үзэн ядна гэдэг ямар урам хугармаар бас жигшмээр хэрэг вэ. Трампыг зан төлвийнх нь үүднээс үзэн ядаж байгаа бол тухайн хүн эр эм, хар цагаан ялгаагүй бүх л энгийн Америкчуудыг үзэн ядаж байна гэсэн үг гэж би хувьдаа бодож байна. Тэр хүн магадгүй АНУ-ыг ч үзэн яддаг байх талтай.

Анх Роналд Рейганыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход Америкчууд ичиж байв. Жүжигчин хүн төрийн тэргүүн болчихлоо гээд боож үхэх нь холгүй байж билээ. Гэтэл Ерөнхийлөгч Рейганы АНУ-д сонгосон зам мөр маш их амжилт дагуулж, тэнцвэрийг хадгалж чадсан. Эцэст нь тэрээр гайхамшигтай Ерөнхийлөгч гэж АНУ-ын түүхэнд үлдсэн. Манай улс “тийм шинэков”-уудаар удирдуулахаар анхнаасаа бүтээгдсэнийг энэхүү тохиолдол тод харуулсан. АНУ-ыг энгийн хүмүүсийн үйлс хэрэг л аугаа болгосноос биш социалист үзэлтэй ахлах сургуулийн багш, сэтгүүлч нар их гүрний хэмжээнд хүргээгүй. Хуульчид, язгууртнуудаас өөр хүн, энгийн иргэн хүн улс орныг сайн удирдаж болдог юм шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.