Цөмийн дайны талаар мэдэхгүй өнгөрч болохгүй таван зүйл

1987 онд ЗХУ болон АНУ-ын хооронд байгуулагдсан Дундын зайн тусгалын цөмийн хүчний гэрээнээс (Intermediate-Range Nuclear Forces Treaty) АНУ ойрын хугацаанд гарахаар болсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. Энэхүү үйл явдлын талаар заавал мэдэх ёстой таван зүйлийг танилцуулж байна.

1. Дундын зайн тусгалын цөмийн хүчний гэрээ гэж юу вэ?

1987 онд ЗХУ-ын удирдагч Михайл Горбачев болон АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган нар их гүрнүүдийн зэвсгийн өрсөлдөөнийг зогсоохын тулд богино болон дундын зайн тусгалт цөмийн пуужингууд үйлдвэрлэхээ зогсоож, устгалд оруулах шийдвэр гаргасан. Тэд өөрсдийн шийдвэрийг Дундын зайн тусгалын цөмийн хүчний гэрээ (INF) нэрийн дор баталгаажуулсан юм.

1980-аад онд ЗХУ SS-20 цөмийн цэнэгт хошуутай дундын зайн тусгалт пуужингуудыг ашиглалтанд оруулж, барууны нийслэлүүдийг онилсноос үүдэж олон улсын тавцанд хурцадмал байдал үүсээд байсан. Харин "INF" гэрээ Дэлхийн III дайн үүсэхээс сэргийлж чадсан. Гэрээний дагуу Москва болон Вашингтон 500-5500 километрийн тусгалтай пуужингаас бүрмөсөн татгалзсан байна..

2. АНУ яагаад гэрээнээс гарахаар болов?

Вашингтоны итгэж буйгаар Москва “INF” гэрээг зөрчиж, пуужингийн цогцолбор байгуулж эхэлсэн гэнэ. Энэ бол ОХУ-д “Новатор 9M729” буюу НАТО-д “SSC8” нэрээр танигдсан дундын зайн тусгалтай пуужин юм байна. Тэрхүү цогцолбороос цөмийн дайралт хийвэл Европоос хариу үйлдэл үзүүлэх боломжгүй аж. Шинжээчдийн үзэж буйгаар зэвсэгт хүчний салбарт дундын тусгалтай пуужин ашиглах нь бусад зэвсгийн хөгжүүлэлтээс илүү хямд өртгөөр тусаж байгаа бололтой.

3. ОХУ ямар байр суурьтай байгаа вэ?

ОХУ гэрээг зөрчсөн удаагүй гэсэн байр суурин дээр хатуу зогсож байгаа юм. ОХУ-ын төрийн мэдлийн “Риа Новости” агентлагийн мэдээлснээр АНУ-ын төрийн тэргүүний мэдэгдэл бол дэлхийд ганцаараа их гүрний статустай оршиж, нэг туйлт тогтолцоо бий болгох мөрөөдлөөс урган гарсан зүйл гэв. Гэхдээ ОХУ 2007 онд "INF" гэрээнээс гарна гэж сүрдүүлж байсан удаатай.

ОХУ-ын Төрийн Думын дээд танхим дахь Гадаад харилцааны хорооны дарга Константин Косачев “Гэрээнээс Вашингтон гарч байгаа явдалд хариу өгөхөөс илүүтэйгээр гарсныхаа дараа хүссэн бүхнээ хийх эрх чөлөөтэй болсон тэр цагтаа юу хийхийг ажиглаж, хариу өгөхөд анхаарах болно” хэмээн “Россия 24” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Манай Ерөнхийлөгчийн хэлж байснаар ОХУ-ын зэвсэгт хүчинд техникийн хангалттай чадамж бий учраас хариу үйлдэл үзүүлэхдээ асар хурдан байх болно” хэмээн хариулсан.

4. "INF" гэрээ цуцлагдвал юу болох вэ?

АНУ-ОХУ хооронд байгуулагдсан "Шинэ эхлэл" гэрээний ирээдүй бүрхэг болно. "Шинэ эхлэл" гэрээг "INF" гэрээнд суурилж байгуулсан бөгөөд 2021 онд шинэчлэх төлөвтэй байсан юм. Энэхүү гэрээний дагуу талууд цөмийн хошуутай стратегийн зэвсгийн тоог 1550-аас хэтрүүлэхгүй байхаар тогтсон. Хэрэв дээр дурдсан хоёр гэрээний ач холбогдол үгүй болох аваас дэлхийн энх тайванд асар том заналхийлэл бий болно. Үүн дээр нэмээд 2001 онд Вашингтоны "Баллистик пуужингийн эсрэг гэрээ"-нээс гарсан шийдвэрийг онцлох нь зүйтэй. Их гүрнүүд хоорондоо дайтвал цөмийн зэвсэг дахин ашиглагдахыг үгүйсгэх аргагүй болно.

5. "INF" гэрээг аврах боломж бий юу?

Хэдийгээр нөхцөл байдал хүндрээд байгаа боловч АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны ОХУ-ын удирдлагуудтай хийх уулзалт "INF" гэрээг эхний ээлжинд аврах боломжтой. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж Ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг дуулгасан. Уулзалтын дүнд хоёр улсын Ерөнхийлөгч ирэх сард Парист зохион байгуулагдах Дэлхийн I дайны дурсгалд зориулсан арга хэмжээний үеэр уулзалт хийхээр болсон байна. 

Ноён Жон Болтон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Николай Патрушев нартай уулзсан. Уулзалтын гол зорилго нь гэрээг хамгаалж, хоёр талын хооронд үүсээд буй хурцадмал байдлыг арилгахад чиглэсэн гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Трампын мэдэгдэлд гэрээнээс бүрмөсөн гарах бус, гэрээг дахин шинэчилж батлах санаа агуулагдсан байгааг анхаарч үзэх нь зүйтэй. 

(+) ОХУ-аас илүүтэй БНХАУ-д илүү түгшүүртэй байдал үүсч байгаа талаар өгүүлэх нь

Хэрэв АНУ “INF” гэрээнээс албан ёсоор гарвал ОХУ-аас илүүтэйгээр БНХАУ-д илүү таагүй мэдээ болно. Учир нь, сүүлийн үед Вашингтон Москватай биш Бээжинтэй эдийн засгийн дайн хийж байгааг та бид мэднэ. Эдийн засаг, санхүүгийн орчинд ноёрхлоо тогтоох худалдааны дайныг анхаарлаасаа холдуулсан ч хоёр их гүрний харилцаа сайнгүй байгаа билээ. АНУ-ын Батлан хамгаалах салбарын Ази дахь бодлого БНХАУ-ыг тус бүс дэх гол өрсөлдөгчөөрөө нэрлэсэн. Үүгээр зогсохгүй Бээжингийн Өмнөд Хятадын тэнгист ноёрхлоо тогтоосон явдлыг он гарснаас хойш АНУ-ын удирдлагууд хатуу шүүмжилж байгаа юм. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-ын цөмийн зэвсгийн чадамжийг аюултай гэж үзэж талаар хэдэнтээ онцолсныг энд анхаарууштай. БНХАУ "INF" гэрээнд хамааралгүй билээ.

Ашигласан эх сурвалж: Reuters.com, Xinhuanet.com, Aljazeera.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.