Давид Рокфеллер: Ямар ч улс орон эхлээд эдийн засгаа босгох шаардлагатай

Рокфеллер гэдэг нэрийг дуулаагүй хүн дэлхийд өдгөө байхгүй биз ээ. Дэлхийн хамгийн нөлөөтэй, чинээлэг Рокфеллерийн гэр бүлийхэн үеэс үед дэлхийн бодлогыг тодорхойлоход багагүй нөлөө үзүүлж байсан. Улс төрийн хэлхээ холбоогоороо зартай Давид Рокфеллер XX, XXI зууны дэлхий ертөнцөд хамгийн алдартай Рокфеллер байлаа. Түүнийг “хөшигний арын тоглогч”, “эдийн засгийн алуурчин” гэх төрөл бүрийн таамаг сэжиглэл бий. Тэрбээр 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр зүрхний ачаалал ихэссэний улмаас 101 насандаа амьсгал хураасан юм. Эдийн засгийн шилдэг мэргэжилтэн, Чейз Манхэттэн банкны ерөнхийлөгч асан Давид Рокфеллертэй сэтгүүлч Чарли Рөүз 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Чарли Рөүз: Рокфеллер. 1946 онд тэрээр Чейз Манхэттэн банкийг тэргүүлэх болж тус банкийг дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийн байгууллага болгож чадсан нэгэн билээ. АНУ-ын 34 дөх Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэраас хойших бүх ерөнхийлөгчидтэй дотно харилцаатай, Хрушевээс эхлээд Дэн Сяопин хүртэл дэлхийн бүхий л шилдэг удирдагчидтай тохиролцоо хийж байсан энэ эрхэмтэй өнөөдөр ярилцах гэж байна. Ердөө хэдхэн хоногийн өмнө хэвлүүлсэн “Дурдатгал” нэртэй номдоо Давид дэлхийд алдартай “Рокфеллер” гэр бүл, өөрийн амжилтын талаар тун сонирхолтой зүйлсийг олон нийтэд дэлгэсэн. Урилгыг маань хүлээж авсан танд баярлалаа.

Баярлалаа Чарли, чамтай ярилцах үргэлж сайхан байдаг.

- Өмнөх ярилцлагын үеэр таны гэр бүл, ажлын гараа, хайр дурлалын талаар ярилцах тун сонирхолтой байсан. Харин одоо та энэ талаар дурсамжаа бичээд хэвлүүлчихсэн байна шүү дээ. Бичихэд ямар хүндрэл учирсан, ямар сэтгэгдэл төрж байсан талаар ярьж өгөөч. Хэцүү байсан уу?

Үнэхээр хэцүү байсан. Түгшүүртэй нөхцөл байдалд өнгөрүүлэх хором мөч бүр сорилт байдаг шүү дээ. Гэхдээ эргэж дурсаад нэг зүйлийг ажигласнаа дуулгахад таатай байна. Надад үнэхээр хачирхалтай амьдралыг туулахдаа байж болох бүхий л төрлийн хүмүүстэй уулзах боломж тохиожээ. Тэгээд хүүхдүүд, залгамжлагчиддаа энэ талаар тэмдэглэж үлдээх хэрэгтэй гэж шийдээд бичихээр болсон. Уншихад сонирхолтой байж магадгүй. Өөр шалтгаан байгаагүй ээ. Бичихэд бүхэл бүтэн арван жил зарцуулсан гэхээр чамгүй их хөдөлмөр шингэжээ.

Дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг Жон Д.Рокфеллерийн хүү байх хэцүү байсан уу. Залуу байх үеэ дурсаж тодорхойлбол?

Зургаан хүүхэдтэй айлын отгон хүүхэд учраас ачаалал дарамт тэгтлээ мэдэрч байгаагүй. Том эгч, ах хоёрт маань багаас нь өндөр хариуцлага ногдсон, надад биш. Жон ах маань гуравдугаар Жон Д.Рокфеллер нэрийг залгамжлан авсан ч бүрэг даруухан хүн байж билээ. Түүнд төсөөлөхөд хүртэл амаргүй ачаалал төрсөн мөчөөс нь л эхэлж ирсэн. Харин би ахаасаа өөр. Хүмүүс алдартай нэрийг минь мэддэг учраас л надтай ингэж харьцдаг гэдгийг хүүхэд байхдаа ойлгосон.

Рокфеллерийн ах дүүс. Зүүн гар талаас Давид, Винтроп, Жон Д. Рокфеллер III , Нельсон, Лауренс

- Бага насандаа мэдэрсэн гэхээр анзаарахгүй байхын аргагүй тийм ил байжээ?

Анзаарахгүй, үл тоохын аргагүй. Гэхдээ дасахаас өөр яах билээ. Тэгэхдээ хүмүүс нээлттэй чөлөөтэй харьцаж найзлах санаатай байна уу, ямар нэг зүйл хүсч байна уу гэдгийг ялгаж сурснаар эхэлсэн. Маш богино хугацаанд. Хүмүүсийн хүсэл зорилгыг таньж сурснаар зохих хариу үйлдлийг үзүүлэх чадвартай болдог. Бүгдэнтэй нь соёлтой харьц, гэхдээ өөрийгөө асуудалд оруулж болохгүй.

- Нельсоныг (Нельсон Рокфеллер, АНУ-ын 41 дэх дэд ерөнхийлөгч) дагаж байхдаа сурсан уу?

Тийм ээ. Нельсон ах надаас долоон жилийн өмнө төрсөн гэхээр надаас үргэлж долоон алхмын урд байсан. Өөртөө ямар их итгэлтэй, гайхалтай хүн байсан гээч. Миний баатар байсан юм. Юу хүсч байгаагаа маш сайн мэддэг, түүнийгээ ч яаж авахаа мэддэг хүн байсан. Тэр бүр багаасаа л Ерөнхийлөгч болохыг хүсдэг байсан. Бас гэрийхэн түүнд туслана гэдэгт итгэлтэй байдаг байсан гэж бодож байна. Бид ч түүнийг үргэлж дэмждэг байлаа. Нельсон дөрвөн удаа мужийн захирагчаар сонгогдохдоо олон гайхалтай зүйлсийг хийж бүтээсэн. Харамсалтай нь ерөнхийлөгч болж чадаагүй. Тэр өндөрлөгт хүрсэн бол үнэхээр сайн ерөнхийлөгч болох байсан юм.

- Таны дурдатгалд өгүүлснээр салалтаас болсон гэсэн?

Эхнэрээсээ салаад өөр хүнтэй гэрлээгүй байсан бол түүнд боломж байсан.

- Энэ явдлаас болж та хоёрын харилцаа өөрчлөгдсөн үү?

Магадгүй ээ. Түүний хүссэнээ хэрэгжүүлэх чадамж гайхалтай. Үүнд буруутгаад байх зүйл үгүй гэж боддог. Нельсон амьдралаа улс төр, олон нийтийн ажилд зориулсан хүн. Сурсан мэдлэг, аялсан газар, уулзсан хүмүүсийнхээ хэмжээгээр яах аргагүй удирдах албан тушаалтан. Мундаг захирагч байсан.

Нельсон Рокфеллер

- Тэгэхээр ах дүүс дундаа түүнтэй хамгийн дотно байжээ. Эсвэл үгүй юм болов уу?

Бүр багаасаа л олон талаараа Нельсонтой дотно байсан. Гайхам эрч хүчтэй, хүмүүстэй сайн ойлголцдог, зохион байгуулах авьяастай ах минь миний баатар байсан юм. Мэдээ орсон цагаасаа ахыгаа хүндэтгэж, бахархаж явлаа.

- Таныг Чейз Манхэттэн банкыг толгойлж байхад Нельсон мужийн захирагч байсан. Та хоёр хамт Дэлхийн худалдааны төвийг байгуулсан юм байна, тийм үү?

Тийм ээ.

- Одоо тэгвэл ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Давид Рокфеллер есдүгээр сарын 11-ний үйл явдлыг юу гэж бодож явдгийг хүмүүс сонирхож байгаа байх?

Яг юу болсныг бүрэн ойлгож авалгүйгээр ямар нэг үйлдэл хийж болохгүй гэж бодож байна. Хаана юу хэрэгтэй вэ гэдгийг үргэлж судалж байх хэрэгтэй. Нью-Йорк хотын худалдааны төв, зүрх гэж байгаагүй болохоор бид хоёр үүнд төвлөрч чиглэсэн ямар нэг зүйл хэрэгтэй гэж үзээд 30 жилийн өмнө Ихэр цамхагийн барилгыг эхлүүлсэн юм. Санхүүжилтийг Нью-Йоркийн захирагч Нельсон Рокфеллер, Нью-Жерси мужийн захирагч Боб Вагнер шийдэж байлаа. Одоо бүх юм өөрчлөгджээ. Гучин жил гэдэг урт хугацаа. Манхэттэний хөгжлийн корпорацийн ерөнхийлөгч Жон Уайтхэд таны асуултын хариуг хийх ажлаараа харуулна. Миний итгэлт түнш, сайн найз минь болохоор ямар ч асуудалд гайхалтай шийдэл олно гэдэгт нь итгэ. Дахиж шинээр барих уу, баривал ямар зорилго чиглэлтэй барилга барих вэ гээд олон асуулт ар араасаа хөвөрч байна.

- Эмгэнэлт явдлын дурсгалд зориулж юу барих вэ. Хаана баривал оновчтой вэ. Та энэ талаар бодсон уу?

Нас барагсдын дурсгалыг хүндэтгэхдээ анхааралтай хандах ёстой. Гэхдээ нэг зүйлийг орхиж болохгүй юм. Ихэр цамхагийн буурин дээр дурсгалын хөшөө барих талаар хэлэлцэж байгаа. Зохих хэмжээний зайд үзэсгэлэнтэй дурсгал барина. Гэхдээ зохих хэмжээний газарт шүү. Маш их ажил хэрэг явагдаж, үр бүтээл гарах энэ газрын хэрчим бүр төсөөлөхийн аргагүй үнэ цэнэтэй. Урьдны хөгжил цэцэглэлтийг эргүүлж авчирна, нас барагсдын дурсгалыг ч хүндэтгэнэ.

- Та улс төрд оръё гэж бодож байв уу. Сонгуульд өрсөлдөх талаар ч юм уу?

Надад олон санал ирж байсан. Хоёр удаа сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, хэд хэдэн удаа элчин сайдаар ажиллах уу гэхэд баярлахын зэрэгцээ сандарч байлаа. Амьдралд хөл тависан анхны алхам маань Чейзээр эхэлж, би түүнд залуу насаа зориулсан болохоор сонголт хийх хэцүү санагдаж байсан удаагүй. Хүн сонголт хийхдээ үнэт зүйлээ л нэн түрүүнд тавьдаг. Миний үнэт зүйл бол Чейз. Хорин жил хийсэн ажил маань дэлхийн удирдагчидтай биечлэн уулзах, дэлхийн өнцөг булан бүрээр аялах сайхан боломжууд олгож байхад сонгуульт, томилогддог ямар ч ажил үүнээс дээр байна гэж үгүй. Чухал сонголтын дараа харамсах юм уу ямар нэг өөр мэдрэмж мэдрэгддэг. Харин надад ажлаа хадгалж үлдэх бүрт өндөр сэтгэл ханамж мэдрэгдэж байсан. Учир нь би зөв сонголт хийсэн, олон ч зүйлийг хийж бүтээсэн.

- Тантай дотно харилцаатай байсан хүмүүсийн жагсаалтын эхний хэсгийг уншъя. Жоу Энлай (БНХАУ-ын анхны дарга), Анвар Садат (Египетийн ерөнхийлөгч 1970-1981), Хрушев бас Дэн Сяопин. Эдгээр хүмүүсээс хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлсэн, гайхалтай хүнийг нэрлээд жагсаавал хэн нэгт байх вэ. Би хувьдаа Садат гэж бодож байна. Бас яагаад?

Тэднийг жагсаавал Садат нэлээн өндөрт орно. Гэхдээ Нельсон Манделаг гэж бодож байна.

- Таны номын хавтаст ингэж бичсэн байна “Даяаршил гэдэг үг хүн бүрийн аманд орохоос өмнө Давид Рокфеллер улс орнууд, тэдний удирдагчидтай дотно харилцаа холбоо тогтоож итгэлцэл бий болгосон юм. Түүний дэлхийн энх тайвны төлөө удаан хугацааны ажлууд чухам энэ дурдатгалд дэлгэрэнгүй орсон болно”. Таны аялалуудын үр дүнг та бид одоо харж байна. Энэ уулзалт, аялал бүр таны банкны нөлөөллийг бэхжүүлдэг байсан биз?

Улс орон болон банк хоорондын харилцааг сайжруулж, тогтворжуулах нь миний хийдэг ажил. Тийм ээ, одоо ч би хийж байна. Энэ бүх гайхалтай хүмүүстэй ижил төстэй ашиг сонирхол, үйл ажиллагаа байгааг олж хараад би хөдөлж эхэлсэн. Садатыг би нэлээн сайн мэднэ. Бүр нэг удаа тэр надад ажиллах санал тавьсан.

- Ямар зорилгоор?

Түүний туслах бас

- Зөвлөх?

Тийм ээ зөвлөх. Би хувьдаа түүнийг арай л дэгсдүүлсэн юм болов уу гэж боддог. Садаттай хамт ажиллах үнэхээр сайхан хэрэг. Гэхдээ би түүнийг эх оронтойгоо холбох хэрэгтэй гэж үзсэн. Тэгээд Хенри Киссинжертэй (АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан) танилцуулж байлаа. Киссинжер танилцах сонирхлоо илэрхийлэхээр нь Садаттай хийх уулзалт дундаа давхар уулзалт зохион байгуулсан.

- Та Хятадад нэвтрэх сонирхолтой байгаагаа нэлээн эртнээс илэрхийлсэн шүү дээ. Одоо Хятад улсын ирээдүйг хэрхэх талаар ямар бодолтой байна вэ?

Тун өөдрөг бодолтой байна. Хятад бол гайхалтай орон. Маш удаан ажиглаж, болгоомжтой хөдөлдөг. Тэд удирдагчаа сонгохдоо мэргэн ханддаг юм. Гайхалтай удирдагчдад боломж олгож чаддаг гэхүүдээ. Энэ зуунд Хятад улс дэлхийн бодлогыг тодорхойлоход томоохон үүрэг гүйцэтгэх нь тодорхой.

- Эдийн засгаас эхлээд хүчний хувьд дэлхийд хоёрт орох талаар таны байр суурь?

Тийм ээ, тэд удахгүй улам хүчирхэгжинэ. Эдийн засаг нь тасралтгүй өсөж байна. Үүнийг дагаад нөлөөлөл нь ч идэвхжинэ.

- Япон яах бол?

Япончууд бол маш ухаантай, авьяас чадвар сайтай хүмүүс. Тэднийг үүсгэсэн асуудлаасаа болж тэртээ гүнд хүртэл уначихаад бүх асуудлаа шийдээд, ийм богинохон хугацаанд алдаагаа засаад ирэхийг нь хараад алмайрсан гэдгээ хүлээх нь зүйтэй болов уу.

- Надад эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн эргэн ирэлт хийх гэж байгаа санагдсан. Эдийн засгаа сайжруулж байж л...

Би үнэн гэж бодож байна. Ямар ч улс орон эдийн засгаа эхлээд босгох шаардлагатай.

- Таны номноос энэ хэсэг надад таалагдсан. Сони корпорацийн Ерөнхийлөгч Морита тан дээр ирээд Америкчуудын Японд хандах хандлага хэв маяг, япончуудын Америкт чиглэх хандлагад санаа зовж буйгаа илэрхийлсэн гэсэн. Тэр танаас юу хүссэн юм бэ?

Тарритаун дахь гэрт маань бид хоёр бүтэн өдрийн турш ярилцаж билээ. Тэр үед энэ номыг бичих санаа анх орж ирсэн. Морита бид хоёр олон зүйлийн талаар санал бодлоо солилцдог байлаа. Гайхалтай хүн. Үнэхээр гайхалтай хүн. Харамсалтай нь дэндүү эрт нас барчихсан.

- Тийм ээ

Тэр Америкийн талаар өргөн хүрээний мэдлэгтэй байсан. Хэзээ нэг өдөр Америк Япон хоёрын үл ойлголцлыг үгүй хийж, харилцан ойлголцоход хувь нэмрээ оруулна гэж ярьдаг байлаа. Тэр чадсан. Бид бараг найман цагийн турш тасралтгүй ярилцсан юм. (Үргэлжлэл бий)

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.