Бас нэг баялгийн хараал

Газрын тос, эрдэс баялаг ихтэй улс орнууд богино хугацаанд эрчимтэй хөгжих томоохон боломжтой байдаг боловч ихэнх тохиолдолд баялгийн хуваарилалтын асуудлаас болж хөгжих нь бүү хэл уналт доройтолд орсон жишээ дэлхийн түүхэнд цөөнгүй бий. Энэхүү үзэгдлийг ерөнхийд нь “Баялгийн хараал” хэмээн нэрлэдэг бөгөөд та бид энэ талаар эчнээ мэдэх билээ. Харин одоо Ирак Улсын газрын тосоор баян Киркук хот яагаад хамгийн ядуу хотуудын нэгээр нэрлэгдэх болсон түүхийг сонирхуулъя.

Image Credit: Dean Miller, The corruption curve.

Баялаг ихтэй ядуу хотод хүрэх зам

Киркук хотод хүрэхийн тулд Эрбил хотоор дамжих шаардлагатай болдог. Ирак Улс дахь хамгийн том газрын тосны эх үүсвэрт хүрэх замд газрын тосны үнэр сэнгэнэнэ. Замын хоёр талд жижиг хэмжээний газрын тос олборлогч төхөөрөмжүүд зогсоо зайгүй ажиллах бөгөөд жижигхэн цагаан яндангуудаас утаа дээш суунаглана. Тэдгээр бичил үйлдвэрүүдийн гадна том оврын машинууд ээлжээ хүлээн зогсохыг та харна. Түүнчлэн замд хааяа нэг харагдах жимс ногооны мухлаг, жижиг хуванцар саваар түлш зарах шатахуун түгээх станцууд. Энэ бол Киркук хотыг автономит эрхтэй Курдуудын бүсээс салгадаг тэрхүү хилийн зурвас, түүний өдөр тутмын дүр төрх.

“Өөдлөх айл үүднээсээ”

Image Credit: Reuters.com

Киркукийн бүх асуудал хотын үүднээс илт харагддаг юм. Хотод орж ирсэн бүхнийг Пешмерга дайчны (Курдын зэвсэгт дайчин) том хөшөө угтан авна. Тэрбээр Курдын уламжлалт хувцастай боловч Иракийн тугийг даллан зогсох аж. Хөшөөг 2017 оны эхээр барьж дуусгасан бөгөөд эхэндээ улаан, цагаан, ногоон өнгө бүхий голдоо нартай Курдын орон нутгийн Засгийн газрын далбааг барьж зогссон байдлаар бүтээгджээ.

Үүнээс хоёр жил хагасын өмнө Курдууд өөрсдийн түүхэн газар нутгийг эргүүлэн авч байна хэмээн зарлаж, Исламын улс бүлэглэлийн гарт Киркук хотыг оруулалгүй тэмцсэн байдаг. Улмаар 2017 оны аравдугаар сард Курдын Засгийн газар нийслэл Эрбил хотноо тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Багдад дахь төв Засгийн газраас гадна Шиа шашинт холбоотнууд салан тусгаарлах хөдөлгөөнд эгдүүцэж, Иракийн алан хядлагатай тэмцэх хүчин болоод Шиа олонхи хөдөлгөөнт нэгж (PMUs) нэртэй зэвсэгт хүчнийг Киркук хотруу илгээсэн байна. Хүчний хувьд хэд дахин илүү төв Засгийн газрын зэвсэгт хүчин хотын удирдлагыг гартаа авсныхаа дараа хөшөөний гар дахь Курдын далбааг Иракийн далбаагаар сольсон хэрэг.

Одоо Киркук хот болон хотын газрын тосны сан Багдад, Курд, орон нутгийн улс төрийн хүчин гэсэн гурван талын дунд унасан “хэрүүлийн алим” болоод байгаа юм. Төв Засгийн газар болон Курдын Засгийн газрын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн гэж та бодож байгаа бол эндүүрч байна. Киркукийн орон нутгийн удирдлагууд хотын бүрэн эрхийг гацаанд оруулаад зогсохгүй бүс нутгийн эдийн засгийг орвонгоор нь эргүүлэхэд ихээхэн үүрэгтэй оролцсон.

Толгойгүй хот

Киркук хотын оршин суугчид нэг жилийн хугацаанд хоёр төрлийн удирдлага солигдохыг гэрчилсэн хүмүүс. Курдын бүх нийтийн санал асуулга, Багдадын хариу шийтгэл гэсэн хоёр томоохон үйл явдал хотод аль хэдийн тулгамдаад байсан баялгийн хуваарилалт, зохицуулалтын асуудлыг хэд дахин төвөгтэй болгож орхисон байна.

Газрын тосоор баян Ирак Улсад дээрээсээ гуравт орох 13.5 сая баррель газрын тосны нөөцтэй хотын дэд бүтэц, үйлчилгээ, хотын эдийн засаг XX зуунд ямар байсан яг л тэр хэвээрээ байгааг иргэд нь хэлдэг. Хотын уугуул иргэдийн нэг, өдгөө 73 настай Фахима Абу Бакир “Өглөөнөөс хойш тог тасарлаа. Урьд нь тасардаг байсан л даа, гэхдээ сүүлийн үед улам их тасардаг болчихоод байгаа юм. Жижигхэн хүнсний дэлгүүрээс маань бараа авах ч хүн олдохоо байлаа. Шалган нэвтрүүлэх цэгүүдийг дамжих болгондоо барааны үнэ хэд дахин өсөөд байгаа юм чинь арга ч үгүй биздээ” хэмээн унтууцан хэлэв.

Багдад өөрсдийн удирдлагыг сэргээснийхээ дараа Киркук хотыг гадаад ертөнцтэй холбодог Эрбил болон Сулайманиягийн замуудад шалган нэвтрүүлэх цэгүүд байрлуулж, хотод нэвтэрч буй бараанд татвар оноодог болсон байна. Курд үндэстнүүд Киркук хотын иргэдийн олонхийг бүрдүүлдэг гэдгийг энд дурдах нь зүйтэй. Хачирхалтай нь, араб үндэстнүүд хотын удирдлагыг гартаа оруулсанд Киркукийн Курд иргэд дургүйцэх нь энгийн үзэгдэл байх ёстой атал нөхцөл байдал тийм биш аж. Учир нь, хотын зөвлөлд одоо ч Курдууд олонх хэвээр юм байна. Гэхдээ асуудлын үндэс өөр эх сурвалжтай талаар нэгэн сэтгүүлч ярьсныг энд хүргэе.

Занияр Жумаа бол Курд үндэстэн, сэтгүүлч мэргэжилтэй. Тэрбээр хэлэхдээ “Хотын захирагч, хотын зөвлөлийн тэргүүлэх албан тушаалтнууд, орон нутгийн зөвлөлийн олонхийг Курдууд бүрдүүлсэн байх үед ч Киркук хотод ахиц гарч байгаагүй. Киркукийн иргэдийн амьжиргаа дээшилж ч байгаагүй. Эндэх улс төрийн намууд өөрсдийн ашиг сонирхлоос өөр юу ч боддоггүй учраас хотоос мөнгө, газрын тосыг нь хулгайлаад арилж өгдөг” гэсэн юм. Жумаа үргэлжлүүлэн хотод иргэний удирдлага тогтоосон гэх нэрийдлээр зэвсэгт хүчнийхэн үйл ажиллагаагаа явуулсаар байгааг онцлон тэмдэглэсэн. Урьд нь ямар нэг асуудал гарсан тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлэгддэг байсан бол одоо цэргийнхэн өөрсдийн үзэмжээр асуудлыг шийдэх болсон байна.

Эв нэгдэл, ойлголцол хаана байна

Үндсэндээ Киркук хотод Курд, Араб, Турк гэсэн гурван үндэстний үл ойлголцол үүсээд байгаа юм. Газрын тосны томоохон санг өөрсдийн эзэмшилд оруулах сонирхол бүх талуудад байгаа нь мэдээж. Газрын тосны олборлолт, экспортлох үйл явцыг шийдвэрлэх хэлцэл гацаанд орсон учраас шинээр хоолой татах, зам барих ажлууд бүүр ч сураггүй гэсэн үг. Хөндлөнгийн өнцгөөс ажиглахад Курдын талаас гэрээ хийхээр хичээл зүтгэл багагүй гаргаж байгаа нь ажиглагдсан. Гэхдээ Багдадын талаас тэдний саналыг хүлээж авах магадлал тун бага.

Төв Засгийн газар бүр Киркук хотоос газрын тос олборлох ажлыг тэр чигт нь зогсоох арга хэмжээ авсан удаатай. Ингэхдээ Курдын Засгийн газар нууцаар Туркруу газрын тос олборлож байгааг олж мэдсэн хэмээн үйлдлээ зөвтгөж байсан юм. Оны эхэнд Иракийн Засгийн газар тус бүст мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ мэтчилэн итгэлийн эмтэрхий ч үгүй үйл ажиллагаануудаас болоод 5 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэдэг. Дараагийн сонгуулиар удирдлагууд солигдож, шинэ шийдэл авчирна гэж хүлээх зуур Киркукийн ард иргэд улс төрийн хүрээн дэх тэмцлийн золиос болсон хэвээр л байх бололтой.

Ашигласан эх сурвалж: Aljazeera.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.