Эр хоёр загалын зам салах уу?

Монголын улс төрд эгээ л эр хоёр загал мэт зуузай холбон хатируулж яваа Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зам салах эсэхийг та бид ойрын хугацаанд өөрсдийн нүдээр гэрчлэх болно.

Ирэх оны төсөв, түүнийг тойрсон асуудлаар Монголын улстөр амьсгалж байтал гэнэт онц сонирхолтой нэгэн жүжиг тавигдаж, улмаар Монгол Улсдаа нэртэй, топ зэрэглэлийн жүжигчид хүртэл оролцохоор өөрсдийгөө сойж эхэллээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Засгийн газар, УИХ-ын гишүүд их хэмжээний зээл авсан нь илж болж, үүнийг дагаад төсвийн мөнгөнөөс завшигчид бүгд илчлэгдэх аюул гарч ирсэн хэрэг.

Эхний ээлжинд нэр нь тодроод буй Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, Ж.Энхбаяр болон Н.Учрал нарын байр суурь ганхаж эхэлсэн. Үүнийг дагаад Засгийн газрыг дангаараа, УИХ-ын олонхийг бүрдүүлдэг МАН-ын ирээдүй бүрхэг болж байна. Энэ бүхний шийдэл мэдээж хэрэг тарьсан нөхдүүдийг хүссэн, хүсээгүй удирдаж буй Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн гарт буй. Харин сөрөг хүчний тодотголтой Ерөнхийлөгч маань энэ завшааныг хэрхэн алдах билээ, тэр дор нь УИХ-ыг тараах санаачлага хүргүүлэв.

Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэлээс завшигчдын дунд эрхэм Ерөнхийлөгчийн төрсөн дүү Х.Баттуул 2 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл гарч эхлэв. “Милл хаус” ХХК-ийн нэрийн дор энэхүү зээлийг авснаас үзэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга ямар нэг байдлаар холбоотой болох нь тодорхой. Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдгийн адилаар “ЖДҮ-ийн дайн”-ыг эхлүүлсэн АН-ынхан ч энэ асуудалд нэр холбогдоод эхэлсэн. Цаашлаад Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд ижил асуудал гардаг нь ил болов. Эдгээр сангуудаас хэн зээл авч, хэн эргэн төлж байгаа талаар баримтууд тодорхойгүй. Хамгийн сонирхолтой нь, зээлийг хүртэх ёстой жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчид, тариалан эрхлэгчид энэ зээлийн талаар нэг ч удаа дуулж байгаагүй болж таарав. Энэ удаагийн эрх баригчдаас гадна өмнөх эрх баригчдын хэргүүд ар араасаа сөхөгдөж эхэллээ. Цаашид энэхүү сценари хэрхэн үргэлжлэх вэ?

Байж болох хэдий ч экстрем нэгэн хувилбар гэвэл

Монголын улс төрд эгээ л эр хоёр загал мэт зуузай холбон хатируулж яваа Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зам салах эсэхийг та бид ойрын хугацаанд өөрсдийн нүдээр гэрчлэх болно. Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах санал Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэх заалтад үндэслэж байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ын даргаас зөвшөөрөл авалгүйгээр УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх эрхтэй.

Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад тангараг өргөсөн эрхэм маань УИХ-ыг татан буулгана гэнэ, болохгүй бол өлсгөлөн зарлана л гэнэ. Ерөнхийлөгч өөрийн ажил үүргийг ойлгоогүй, Ардчилсан намын “Женко” хэвээр байгааг эндээс харж болох юм. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1-т заасан  “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэх заалтыг Ерөнхийлөгч маань үл ойшоож буй нь тэрээр хувь хүний эсвэл аль нэг улстөрийн хүчний ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж буй нь илт. За тэр ч яахав, гол асуудалдаа оръё.

 “Монгол төрийн эр хоёр загал” хэмээх хослол гүйцэтгэх болон шүүх засаглалыг өөрсдийн болгож чадсан маш хүчтэй хослол гэдгийг бид мэднэ. Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байхгүй харин мөнхийн ашиг сонирхол бий учраас тэдний зам салах нь тодорхой байсан. Гэхдээ “Эр хоёр загал хослол” хоёрхон жилийн настай байна гэж хэн санах билээ. Тэгэх тэгэхдээ 65 тэрбумын төсөвтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас ийм асуудал сөхөгдөнө гэж зүүдэлсэн хүн ч байхгүй биз.

Өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-ийг дэмжих санд шалгалт оруулснаа мэдэгдсэн. Эрх мэдлээ хувьдаа ашигласан, хууль зөрчсөн аливаа үйлдэл нь нотлогдох юм бол Ерөнхий сайд хатуу хариуцлага тооцно гэдгээ энэ үеэр анхааруулаад амжсан юм. Өөрийнх нь нэр дээр дурдсан хариуцлагад татагдах магадлалтай учраас Ерөнхийлөгч аль болох хурдан арга хэмжээ авч байгаа нь энэ юм болов уу. Эхлээд УИХ-ыг тараах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж, дараа  нь “Цензургүй яриа”-гаа олон нийтэд цацаж байгаа юм. Хэдхэн цагийн дотор гайхалтай их ажил амжуулж байгаа юм шүү.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо өөрөөсөө орших уу, эс орших уу хэмээн асууж суугаа нь лавтай. Өөрийнх нь гишгэж буй газрыг хөрстэй нь эргүүлээд эхэлчихсэн. Ямартай ч МАН-д маш хүчтэй цохилт ирсэн, Ерөнхий сайдад хариуг нь өгөх боломж үүсээд байгааг та бид ойлгож авлаа. Хэрэв ноён У.Хүрэлсүх хариу үйлдлээ хүчтэйхэн хийвэл Ерөнхийлөгч ч дараагийн цохилтоо тэр дор нь өгнө. Яг өчигдөр шөнийх шиг. 

Хамгийн боломжит хувилбар

Эр хоёр загал маань цаашид зуузай холбон хатируулах нэг хувилбар мэдээж бий. УИХ дахь МАН-ын 33-ын бүлэг болон АН-ын 10 гишүүний санал дээр суурилан нэмэлт бусад боломжуудаар УИХ-ыг тараана. Ингэвэл МАН-ын жинхэнэ уналтанд орох бөгөөд үнэмлэхүй олонх байхдаа бутран унаж байгаа улс төрийн хүчин дараагийн сонгуульд ялтал ч ёстой хол биз. Энэ хугацаанд “Эр хоёр загал” хослол зүгээр суухгүй, тэд гол ажилдаа орно. АН-д ч гэсэн Х.Баттулгыг дэмждэггүй улстөрчид цөөнгүй бий гэдгийг энд санах хэрэгтэй. Тиймээс сэхээтнүүдээс харшилтай АН-ынхан, “Хотын фракц”-ынхаа үнэрийг авч чадахаа байсан “Зүүний хүчний холбоо” магадгүй шинэ, жинхэнэ “Эр хоёр загал” албан ёсны улс төрийн хүчин байгуулах ч юм билүү, хэн мэдэхэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.