Бразилын төрийн баруун эргэлт

Бразил Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай зохион байгуулагдаж, хэт барууны үзэлтэй нэр дэвшигч Жайр Болсонаро саналаа өгсөн нийт сонгогчдын 56 хувийн саналыг авч ялалт байгууллаа. Газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, зах зээлийн далайц гээд бүхий л үзүүлэлтээрээ Өмнөд Америк тивийг тэргүүлдэг Бразил Улс ийнхүү улс төрийн томоохон шилжилтэд ороход бэлэн болов.

Болсонаро олон нийтийн өмнө ил гарах нь түүний амь насанд аюултай гэж үзэн ялалтын мэдээгээ “Фэйсбүүк”-ээр шууд дамжуулсан байна. Өнгөрсөн есдүгээр сард тэрбээр сонгуулийн сурталчилгааны үеэр халдлагад өртөж, хүндээр шархадсан билээ.

Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонаро:

-Бид дахиж социализм, коммунизм, популизм болон зүүнийхний хэт даврагч үзэлтэй зууралдахгүй.

Бразил Улсыг сүүлийн 15 жилээс 13-д нь засагласан зүүний үзэл баримтлал бүхий Ажилчдын намын уналт Болсонарод тун богино хугацаанд төрийн тэргүүний суудалд хүрэх боломжийг олгосон гэж үзэж болно. Чухам Ажилчдын намыг тасралтгүй эрх барих хугацаанд Бразил Улсын эдийн засаг урьд өмнө үзэж байгаагүй хямралд орж, улстөрчид олноороо авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдох болсон юм.

Зүүнийхнийг төлөөлж Болсонаротой өрсөлдсөн Фернандо Хаддад нэр дэвшигчийн хувьд Бразилын Ерөнхийлөгч асан Луйз Инасио Лула да Силвагийн өмнөөс өрсөлдсөн. Ажилчдын намыг үүсгэн байгуулагч, экс Ерөнхийлөгчийн хувьд авлигын хэргээр шүүхээс 12 жил шоронд хоригдох ял сонссон нэгэн. Түүний залгамжлагч Хаддад гурван долоо хоногийн өмнөх анхны санал хураалтаас хойш аман хүзүүдэж явсаар энэ удаагийн сонгуулийг өндөрлүүлж байна.

Хэдийгээр Ажилчдын намын уналт сонгуулийн үр дүнг санал хураалтаас өмнө шийдсэн боловч өнгөрсөн бямба гарагт явагдсан урьдчилсан санал асуулга эсрэгээр тэдний талд гарсан. Бразилын тэргүүлэх хууль, эрх зүйн салбарын төлөөлөгчид Хаддадыг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь дэмжигчдийн тоо огцом нэмэгдэж, хүмүүсийн хандлага эсрэгээр эргэхэд хүргээд байв. Гэхдээ Хаддадын ялалт Бразилын олон иргэнийг бухимдуулах байсан нь эргэлзээгүй.

“Ибопи” судалгааны байгууллагын урьдчилсан санал асуулгын дүнд Болсонаро нийт сонгогчдын 54 хувийн санал, Хаддад 46 хувийн санал авах төлөвтэй байсан. Гэхдээ эцсийн санал хураалт хүртэл таван хоногийн хугацаанд Хаддад 12 хувийн саналын зөрүүг 8 болгож бууруулсан нь энэ юм байна. Бразилд томоохонд тооцогдох өөр нэгэн судалгааны байгууллага болох “Datafolha” фирм саналын харьцаа Болсонарод 55, Хаддадад 45 хувьтай гарна хэмээн тооцоолсон аж.

Бразилын шинэ Ерөнхийлөгчид улс орон бүрээс баяр хүргэж эхэлсэн ба Болсонарогийн бахархаж, “хүндэлж явдаг” АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп утсаар залган ялалтанд нь баяр хүргээд, нөхөрсөг харилцаа үүсч байна хэмээн онцлон хэлжээ. Үүнээс гадна нэгэн сонирхолтой явдал болсон нь БНХАУ-ын зүгээс ноён Жайр Болсонарогийн ялалт олон нийтэд ил болмогц баяр хүргэсэн байна.

Сонгуулийн үеэр Болсонаро БНХАУ-ыг Бразилын эдийн засгийн гол секторуудад ноёлохоор зэхэж байгаа “араатан” хэмээн хэлж байсан юм. БНХАУ тус улсад худалдааны хамгийн том түншийн байр сууриа алдалгүй олон жилийг ардаа өнгөрүүлээд байгааг энд дурдах нь зүйтэй.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лу Канг хоёр улсын ард түмний ашиг тусын төлөө хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх саналтай байгаагаа мэдэгдсэн. Бразил дахь БНХАУ-ын дипломатууд сонгууль идэвхтэй явагдсан сүүлийн саруудад хоёр ч удаа Болсонаротой уулзсан болохыг уулзалтанд оролцогч талууд мэдээлсэн.

Бразилчууд үр тариа, эрдэс баялгаа БНХАУ-ын эдийн засагт экспортлож, өсөлтөө хадгалахад нь тус нэмэр үзүүлдэг бол БНХАУ-ын эдийн засгийн өсөлт Бразилын хэдэн сая иргэдийг ядуурлын ирмэгээс гаргаж, бараа бүтээгдэхүүний эргэлт гаргадаг ач холбогдолтой. Хоёр улсын харилцааны ерөнхий дүр зураг иймэрхүү.

Харин шинэ Ерөнхийлөгч БНХАУ-тай найзлах уу, дайсагнах уу гэдэг нь одоогийн байдлаар тодорхойгүй. Учир нь Болсонаро Тайваньд нөхөрсөг ханддаг бөгөөд энэ нь мэдээж Бээжингийн эгдүүцлийг төрүүлж байгаа нь лавтай. Өнгөрсөн хоёрдугаар сард Болсонаро Тайваньд 1970-аад оноос хойш айлчилсан анхны Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болсон юм. “Нэг Хятад” бодлого хэрэгжиж эхэлснээс хойш Бразилын эрх баригчид Бээжинд БНХАУ-ын цорын ганц Засгийн газар оршин буйг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Болсонарогийн үйлдэл өмнөх удирдагчдын бодлогоос зөрсөн төдийгүй стратегийн түншлэлд эрсдэл дагуулсан үйлдэл болов. Шинэ Ерөнхийлөгч өөрийн нэрлэсэн “араатан”-тай хамтрах уу, эс хамтрах уу. Энэ асуултын хариуг бид ойрын хугацаанд харах биз ээ.

Ашигласан эх сурвалж: Aljazeera.com, Reuters.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.