АНУ болон БНХАУ-ын хооронд дайн үүсэх нь зайлшгүй юу

АНУ болон БНХАУ-ын удирдлагууд Тайвань болон Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг дайнаар шийдэх талаар ярилцах боллоо. Хоёр их гүрний асуудал үнэхээр дайнаас өөр шийдэл, гарцгүй гэж үү.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин дайн тулаанд бэлтгэх талаар ярьж эхэлсэн нь АНУ-ын Батлан хамгаалах хүчинтэй гал солилцож болох хоёр халуун цэгийн нөхцөл байдлыг улам түгшүүртэй болгов. Энэ бол Тайвань ба Өмнөд хятадын тэнгист дайн гарах аюулын харанга.

Өнгөрсөн долоо хоногт Ши дарга өмнөд мужуудад айлчлах үеэрээ Гуандонг мужид цэргийн удирдлагуудтайгаа уулзаж, дайны бэлтгэл ажилд төвлөрөх тушаал өгснийг төрийн хэвлэлийн агентлаг мэдээлсэн. Харин энэ зуур АНУ-ын чөлөөндөө гарсан Дэслэгч генерал Бен Хожс хоёр гүрний өрсөлдөөн ширүүсч, харилцаа түгшүүртэй болж байгаа энэ цаг үед барагцаалбал 15 жилийн дотор дайн гарах болно гэж хэлсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болов.

Аль-Жазира агентлаг хоёр улсын харилцааны мэргэжилтнүүдээс дайн үүсэх магадлалтай эсэх, түүнчлэн өрсөлдөөнөөс үүдсэн түгшүүртэй харилцааг ширээний ард шийдэх боломжтой эсэхийг тодрууллаа. Пентагоны зөвлөх асан Бонни Гласэр “Хоёр тал аль аль нь дайнд бэлтгээд байна. Гэхдээ АНУ болон БНХАУ хоорондоо дайтвал удирдлагуудын үнэхээр муйхар үйлдэл болно. Ухаалаг бодлого үргэлж илүү эерэг шийдлийг олдог” гэв.  

Хятадын эдийн засаг болоод зэвсэгт хүчний өсөлтийг Вашингтон үргэлж эвээр зохицуулах гэж хичээдэг байсан. Харин энэ арга барил Дональд Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш дахиж ашиглагдсангүй. Үүгээр зогсохгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинг оюуны өмч хулгайлсан, эдийн засагт шударга бусаар өрсөлдөж байна хэмээн буруутгасан юм.

Дайнд хүргэх магадлалтай хоёр цэг

XXI зууны хоёр их гүрний хооронд үүсч байсан улс төрийн хямралыг эргэн харах хэрэгтэй. 2001 онд АНУ-ын тагнуулын онгоц БНХАУ-ын сөнөөгчтэй мөргөлдсөний улмаас Хайнанд газардахаас өөр аргагүй болж байв. Үүнээс өмнө 1996 онд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүдээ БНХАУ-ын пуужингийн туршилтын хариуд Тайвань руу илгээж байсан.

Стратеги, олон улсын судалгааны төвийн мэргэжилтэн Грегори Полинг ийн өгүүлэв.

-Дайнд хүргэж болох асуудлаар дүүрэн сав байгаа гэж үзье. Эндээс хамгийн аюултай нь Өмнөд Хятадын тэнгис. Хятадын бүс нутагтаа нөлөөгөө тэлж, хөршүүдээ дээрэлхэж буй явдал АНУ-ын Дэлхийн II дайнаас хойш бүтээж буй дэг журмыг сорьсон. АНУ-ын Ази, Номхон далайн бүс дэх нөлөөллийг үгүйсгэчихсэн.

-Өмнөд Хятадын тэнгисийн асуудал чимээгүй байна гэдэг Вашингтон ялагдаж байгааг харуулна. Тиймээс Вашингтон сэрэх хэрэгтэй. Өдөр бүр Бээжингийн байр суурь хүчирхэгжиж, бусад улс орнуудын байр суурь суларч байна. Өмнөд Хятадын тэнгисийг эзэмших эрхийг олон улсын хууль, дүрмээр тогтоох боломжгүй. Тиймээс ямар нэг зөрчил тэмцэл болсон ч, түүнийг гэрээ хэлцлээр зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн үг.

Өмнөд Хятадын тэнгис 1.7 сая километр квадрат хэмжээг хамардаг ба 200 гаруй хүн амьдрах боломжгүй арал, хадан эрэгтэй. Гэхдээ энэ бол Номхон далай болон Энэтхэгийн далай хооронд зорчих хамгийн дөт зам учраас эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Гагцхүү энэ шалтгаан БНХАУ-аас гадна Бруней, Малайз, Филиппин, Тайвань болон Вьетнам зэрэг улсуудыг хоорондоо өрсөлдөхөд хүргэх хангалттай шалтгаан байсаар ирсэн.

Тайвань

Мэдээж дайны гал гарах бол Тайвань бол дариар дүүрэн хүүдий гэсэн үг. Бээжин болон Тайпэйн харилцаа, нэмээд АНУ-ын оролцоо гээд асуудлууд хүн бүрийн танил сэдэв тул цаг үеийн үйл явдлуудад анхаарал хандуулсан нь зүйтэй болов уу.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ Тайванийг Хятадаас салгах оролдлогын хариуд БНХАУ-ын арми ямар ч үнээр хамаагүй хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн. 1949 оноос хойш хэрэгжүүлж буй “Нэг Хятад” бодлогыг сөрж АНУ-ын Конгресс 1979 онд Тайванийн харилцааны актыг баталсан бөгөөд тэрхүү акт “Тайваньд өөрийгөө хамгаалах” боломжийг бүрдүүлэх зорилготой. Тайвань арлыг тойрсон цэргийн сургуулилт, бэлтгэлүүдийн талаар дурдах юм бол маш урт жагсаал үргэлжлэх учраас энд хүрээд орхиё.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс энэ сард кибер халдлагын талаар илтгэл тавихдаа БНХАУ-тай үүсгээд буй харилцаа худалдааны дайнаас өргөн хүрээнд үргэлжлэх боломжтой талаар дурдсан. Тэрбээр Хятадууд илүү ухаалаг арга ашиглах болсныг онцлон хэлсэн юм. Тодруулбал, БНХАУ-аас АНУ-ын Конгрессийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, консервативчуудыг унагаах гэж байгаа гэнэ. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгист Хятадын арми хөлөг онгоц, агаарын довтолгоо эсэргүүцэгч системүүд байрлуулаад байгааг ноён Пенс илтгэлдээ дурдсан.

Бидний өмнө ирээд буй дайны аюул

Өнгөрсөн сард АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “USS Decatur” хөлөг Өмнөд Хятадын тэнгист явж байхад Хятадын сөнөөгч хөлөг 45 метрийн зайтай тулж ирсэн байна. АНУ-ын хөлөг зэвсэгт мөргөлдөөн гарахаас сэргийлж, чиглэлээ өөрчлөхөөс өөр аргагүй болжээ. Энэ мэтчилэн АНУ-ын хөлгүүд Өмнөд Хятадын тэнгисийг олон улсын өмч гэж үзэж буйгаа удаа дараалан илтгэж буй нь БНХАУ-ын удирдлагуудын анхааруулж буй бүрэн эрх, газар нутгийн нэгдмэл байдалд халдсан хэрэгт тооцогдож байгаа юм. Гэхдээ Вашингтон Тайпэйд 1.7 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хоёр ч зэвсгийн гэрээ хийх гэж буй нь Бээжингийн тэвчээрийг барсан. Хятад хариуд нь ОХУ-ын нисэх онгоц, пуужингийн цогцолбор зэрэг сүүлийн үеийн зэвсгүүдээр армиа зузаатгасан.

Одоогийн байдлаар эдийн засгийн дайнд АНУ ялагдал хүлээж байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан ч АНУ-тай харьцуулахад хоёр дахин их хэмжээнд тэлж байгаа юм. Тиймээс санхүүгийн хувьд илүү амжилттай байгаа Бээжин квант компьютер, биотехнологи, хиймэл оюун ухаан зэрэг асар өндөр өртөгтэй салбаруудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсон. Түүнчлэн 2014 оноос хойш БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчинд нэмэгдсэн хөлгийн тоо Герман, Энэтхэг, Испани, Тайвань болон Их Британи улсуудын хөлгийн тооноос давсан. БНХАУ-ын батлан хамгаалах салбарын хүчнээс санаа зовсондоо АНУ баллистик пуужингийн хэрэглээг хязгаарладаг гэрээнээс гарахаар болоод байгааг энд анхаарууштай. Эдийн засгийн өрсөлдөөнөөс дэлхийд ноёлох тэмцэл хүрэхэд ердөө хэдхэн алхам хангалттай байдгийг та бид дэлхийн түүхээс харж болно, бидний өмнө ч ижил нөхцөл байдал үүсээд байгаа нь ойлгомжтой болно.

Ашигласан эх сурвалж: Aljazeera.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.